- Голомт Капитал ҮЦК
- Posts
- “Project Freedom”эхэлж, Ормузын хоолойд мөргөлдөөн ширүүсэв
“Project Freedom”эхэлж, Ормузын хоолойд мөргөлдөөн ширүүсэв
Project Freedom | Хонгконг дараагийн “Silicon Valley” болох уу? | Урилга: VIBER суваг |

🔥“Project Freedom”эхэлж, Ормузын хоолойд мөргөлдөөн ширүүсэв
Персийн буланд гацсан худалдааны хөлгүүдийг Ормузын хоолойгоор гаргах зорилготой АНУ-ын “Project Freedom” ажиллагаа эхэлсэн эхний өдөр нөхцөл байдал огцом хурцдаж, талууд харилцан цэргийн үйлдэл хийлээ.
Доналд Трамп Ираны долоон жижиг завийг устгасан гэж мэдэгдсэн бөгөөд уг ажиллагааг нисдэг тэргээр гүйцэтгэсэн байна. Харин Ираны тал ийм халдлага болсон эсэхийг үгүйсгэж, мэдээллийг няцаажээ.
Үүний зэрэгцээ Персийн буланд гацаад байсан АНУ-ын далбаатай хөлөг байлдааны хөлгүүдийн хамгаалалт дор Ормузын хоолойг амжилттай нэвтэрснийг Maersk тээврийн компани баталсан байна.
Гэвч ажиллагаатай давхцан бүс нутгийн аюулгүй байдал эрс дордов. АНЭУ-ын эрх баригчид Иранаас 12 баллистик пуужин, 3 далавчит пуужин, 4 дроны довтолгоо ирснийг мэдээлж, ихэнхийг нь сөнөөсөн ч Фужайра дахь газрын тосны боомтод гал гарч, гурван хүн шархадсан байна.
Мөн АНЭУ-ын төрийн өмчит танкер Ормузын хоолойд осолдсон бол Өмнөд Солонгосын нэг хөлөг дээр дэлбэрэлт болсон тухай мэдээлсэн.
Эдгээр үйл явдлуудын дараа зах зээл шууд хариу үзүүлж, Брент төрлийн газрын тосны үнэ баррель нь $115-оос давлаа.

Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи уг нөхцөл байдлыг тайлбарлахдаа “улс төрийн хямралыг цэрэг зэвсгийн хүчээр шийдвэрлэх боломжгүйг харууллаа” хэмээн мэдэгдэж, “Project Freedom” ажиллагааг “Project Deadlock” болж хувирч байгааг анхааруулсан байна.
⚙️Хонгконг дараагийн “Silicon Valley” болох уу?
Хятад улс технологийн салбарын өсөлтийг санхүүгийн зах зээлээр дэмждэг загварыг өөртөө нутагшуулах алхмыг эрчимжүүлж, энэ өөрчлөлтийн төв нь Хонконг болж байна.
Одоогийн байдлаар 400 гаруй Хятадын компани Хонконгийн хөрөнгийн биржид IPO хийхээр хүлээгдэж байгаа нь сүүлийн 35 жилд тохиолдоогүй өндөр идэвхжил гэж зах зээлийн мэргэжилтнүүд үнэлжээ. Зөвхөн 2026 оны эхнээс хойш 40 гаруй компани биржид бүртгэгдсэн бол нийт татан төвлөрүүлэх хөрөнгө $60 тэрбумд хүрэх төлөвтэй байна.
Энэ өсөлт нь хэд хэдэн хүчин зүйлтэй холбоотой. Нэгдүгээрт, зохицуулалт суларч, нууц бүртгэлийн журмаар IPO бэлтгэх боломж нэмэгдсэн. Хоёрдугаарт, АНУ-ын зүгээс Хятадын зарим салбарт (ялангуяа батлан хамгаалах технологи) хөрөнгө оруулалтад тавих хяналт чангарах тусам хөрөнгө оруулалт Хонконг руу шилжиж байна.
Технологийн чиг хандлагад ч өөрчлөлт ажиглагдаж байна. Өмнө нь Хятадын компаниуд шууд бизнесийн өгөөжтэй салбарын AI-д төвлөрдөг байсан бол одоо хиймэл оюун, чип, сансрын технологи зэрэг “hard tech” салбарууд давамгайлж байна.

Мөн стартап үүсгэн байгуулагчдын стратеги өөрчлөгдөж, компаниа бүрэн хянах сонирхлоос илүүтэй зарах, нэгтгэх хэлбэрийг илүү нээлттэй хүлээж авах болсон нь хөрөнгө оруулагчдын боломжийг нэмэгдүүлж байгаа юм.
Ингэснээр Хятад улс санхүүжилт, инновацын уялдааг ашиглан дэлхийн технологийн өрсөлдөөнд өөрсдийн экосистемийг бүрдүүлж байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд
