- Голомт Капитал ҮЦК
- Posts
- АНУ Ормузын хоолойд гацсан хөлгүүдийг гаргах “Project Freedom” ажиллагааг эхлүүлнэ
АНУ Ормузын хоолойд гацсан хөлгүүдийг гаргах “Project Freedom” ажиллагааг эхлүүлнэ
АНУ “Project Freedom” ажиллагааг эхлүүлнэ | Sell in May and Go Away | АНУ-ын газрын тосны экспорт | Урилга: VIBER суваг |

АНУ Ормузын хоолойд гацсан хөлгүүдийг гаргах “Project Freedom” ажиллагааг эхлүүлнэ
Доналд Трамп Ормузын хоолойд гацсан иргэний хөлөг онгоцуудыг гаргах “Project Freedom” ажиллагааг эхлүүлэхээ мэдэгдлээ. Энэхүү алхам нь бүс нутгийн хурцадмал байдал үргэлжилж буй энэ үед дэлхийн худалдааны чухал гарцыг хэсэгчлэн сэргээх зорилготой юм.
Тодруулбал, дайнд оролцоогүй орнуудын тугтай, энгийн ачааны хөлөг онгоцуудыг хамрах бөгөөд олон зуун хөлөг, мянга мянган далайчид хоёр сар орчим хугацаанд хоолойд гацсан хэвээр байгаа юм. Эдгээр хөлгүүдийг АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин дагалдан хамгаалж, аюулгүй бүс рүү гаргах төлөвтэй байна.
Пентагоны мэдээлснээр уг ажиллагаанд байлдааны хөлөг онгоц, 100 гаруй нисэх хэрэгсэл, дрон болон 15,000 орчим цэргийн алба хаагч оролцох бөгөөд зөвхөн хүмүүнлэгийн шинжтэй бус, стратегийн ач холбогдолтой алхам гэж үзэж байна.
Гэсэн ч энэ нь АНУ Иранд тавьсан далайн бүслэлтийг зогсоож буй хэрэг биш юм. Харин бүслэлтийг хэвээр хадгалсан нөхцөлд, зөвхөн тодорхой хөлгүүдийг өөрийн хамгаалалтад гаргах оролдлого гэж шинжээчид үзэж байна.

Нөхцөл байдал эмзэг хэвээр байгаа нь ажиллагааны эрсдэлийг нэмэгдүүлж байна. Трампын мэдэгдлийн дараа удалгүй нэг танкер үл мэдэгдэх довтолгоонд өртсөн байна. Иран одоогоор тээвэрлэлтийг хаасан хэвээр байгаа бөгөөд АНУ-ын энэхүү ажиллагаанд хэрхэн хариу үзүүлэх нь тодорхойгүй байна.
Sell in May and Go Away
5-р сарын арилжаа эхэлж буйтай зэрэгцэн хөрөнгө оруулагчдын дунд эртний нэг хэллэг дахин сөхөгдөж байна. Энэ нь “Sell in May and go away” буюу 5-р сард хувьцаагаа зараад намар хүртэл зах зээлээс түр гарах стратеги юм. Уламжлалт ойлголтоор зуны саруудад арилжааны идэвх суларч, өгөөж багасдаг гэж үздэг.
Гэвч 2026 онд энэ дүрэм өмнөх шигээ ажиллахгүй байх нөхцөл бүрдэж байна.
4-р сар дэлхийн гол зах зээлүүдэд маш хүчтэй өнгөрлөө. Европын STOXX 600 болон Германы DAX индексүүд сүүлийн нэг жил гаруйн хамгийн сайн сарын үзүүлэлтээ харуулсан бол Италийн FTSE MIB бараг 9%-иар өсөж, 2023 оноос хойших хамгийн хүчтэй өсөлтөө үзүүлэв. АНУ-д ч мөн S&P 500 болон Nasdaq Composite зургаан жилийн хамгийн өндөр сарын өсөлтөө бий болголоо.
Зах зээл ийм хүчтэй байгаагийн нэг шалтгаан нь геополитикийн эрсдэлийг үл харгалзан эдийн засаг, компанийн ашиг орлого тогтвортой хэвээр байгаа явдал юм. Мөн Ирантай холбоотой зөрчил намжрах боломж нэмэгдвэл хувьцааны зах зээлд эерэг нөлөө үзүүлнэ гэж хөрөнгө оруулагчид үзэж байна.

Гэхдээ эрсдэл бүрэн арилсангүй. Federal Reserve-ийн тэргүүн Жером Пауэлл инфляц өндөр хэвээр байгааг анхааруулсан билээ. Иймээс энэ 5-р сард хөрөнгө оруулагчид хуучин дүрэм дагах уу, эсвэл шинэ нөхцөл байдалд уян хатан хандах уу гэсэн сонголтын өмнө ирээд байна. Одоогийн зах зээлийн дүр зургийг харвал “Sell in May” гэх уламжлалт зөвлөгөө өмнөх шигээ найдвартай биш болсон байна.
Ираны дайны үеэр АНУ-ын газрын тосны экспорт түүхэн дээд түвшинд хүрлээ
Ирантай холбоотой дайны улмаас дэлхийн газрын тосны нийлүүлэлтэд доголдол үүсэж, олон улсын худалдан авагчид АНУ-аас газрын тос их хэмжээгээр худалдан авч эхэлжээ. Үүний үр дүнд АНУ-ын түүхий газрын тосны экспорт 4-р сард өдөрт 5.2 сая баррель хүрч, түүхэн дээд түвшинд хүрсэн байна.
Өмнө нь Ойрх Дорнодоос нефть авдаг байсан Азийн олон орон одоо АНУ-аас нефть худалдан авч эхэлсэн байна. Өдөр бүр 50-60 орчим аварга нефть тээвэрлэгч хөлөг онгоц АНУ-ын боомтууд руу чиглэж байгаа нь өнгөрсөн жилийнхээс 2 дахин өссөн үзүүлэлт юм.
Шинжээчдийн хэлснээр Азийн худалдан авагчид одоогоор олдож байгаа нефтийг шууд авч байгаа бөгөөд АНУ-ын хөнгөн, хүхэр багатай нефтийг их хэмжээгээр худалдан авч байна.

Хэдийгээр АНУ экспорт нэмэгдэж байгаа ч энэ нь байнгын шийдэл биш гэж шинжээчид үзэж байна. Учир нь АНУ-ын олборлодог хөнгөн нефть нь Ойрх Дорнодын хүнд төрлийн нефтийг бүрэн орлож чаддаггүй. Мөн боомтын хүчин чадлын хязгаарын улмаас АНУ-ын экспорт өдөрт 5 сая гаруй баррелиас цааш өсөхөд хүндрэлтэй.
Шинжээчдийн дүгнэлтээр дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн ойролцоогоор 20% нь өмнө нь Ормузын хоолойгоор дамждаг байсан тул Ойрх Дорнодын нийлүүлэлтийг бүрэн нөхөх боломжгүй хэвээр байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд
