OpenAI үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэхээр боллоо

OpenAI үйл ажиллагаа | АНУ-Ираны зөрчил | Японы төв банк | Урилга: VIBER суваг |

⚙️OpenAI үйл ажиллагааны цар хүрээгээ тэлэхээр боллоо

Microsoft болон OpenAI хамтын ажиллагааныхаа нөхцөлийг шинэчилж, өмнө нь Microsoft-д олгогдож байсан давуу эрхийг бууруулж буюу non-exclusive болгон OpenAI өөрийн AI загвар, бүтээгдэхүүнийг Amazon болон Google-ийн cloud платформуудаар дамжуулан санал болгох боломж бүрдлээ.

Энэхүү өөрчлөлт нь OpenAI-ийн хувьд зах зээлд хүрээгээ тэлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой алхам болж байна.

Харин Microsoft-ийн хувьд OpenAI-тай түншлэлээ хадгалж, 2032 он хүртэл технологийн лиценз эзэмших, мөн тодорхой орлогын хувь хүртэх нөхцөл хэвээр үлдэж байна. Үүний зэрэгцээ компани өөрийн AI загваруудыг хөгжүүлэх, Copilot бүтээгдэхүүнүүддээ илүү их нөөц чиглүүлэх замаар OpenAI-аас хамааралтай байдлаа бууруулах бодлого баримталж байна.

Ийнхүү хоёр талын шинэчилсэн гэрээ нь AI болон cloud зах зээлд өрсөлдөөнийг нэмэгдүүлж, томоохон технологийн компаниудын стратегид шинэ боломжийг бий болгож байна.

⚠️АНУ-Ираны зөрчил сунжрах төлөвтэй байна

Доналд Трамп Ираны талаас дэвшүүлсэн сүүлийн саналыг таатай хүлээж аваагүй нь талуудын зөрчлийг ойрын хугацаанд шийдвэрлэх боломжийг бууруулсан дохио боллоо. АНУ-ын албаны эх сурвалжийн мэдээлснээр, Ираны саналд цөмийн хөтөлбөрийн асуудлыг дайны дараа хэлэлцэхээр тусгасан нь Вашингтоны байр суурьтай зөрчилдөж байгаа аж.

АНУ-ын зүгээс Ираны цөмийн асуудлыг хэлэлцээний эхнээс авч үзэх ёстой гэж үзэж байгаа бол Иран эхний ээлжинд дайныг зогсоох, мөн тэнгисийн худалдаанд тавигдсан хоригийг цуцлуулах буюу бүслэлтийг цуцлах шаардлага тавьж байгаа байна.

Үүний дараа Ормузын хоолойн нөхцөл байдал болон бусад маргаантай асуудлуудыг үе шаттайгаар хэлэлцэх санал дэвшүүлжээ.

Энэхүү талуудын байр суурь зөрүүтэй байгаа нь дайныг богино хугацаанд дуусгах хүлээлтийг бууруулж, нөхцөл байдал цаашид хэрхэн өрнөх нь тодорхойгүй хэвээр байна.

🏦Японы төв банк бодлогын хүүг хэвээр үлдээж, инфляцын төсөөллөө өсгөв

Японы төв банк бодлогын хүүгээ 0.75%-д хэвээр үлдээсэн ч 2026 оны инфляцын төсөөллөө нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийн таамгаа буурууллаа. Тус банкны шийдвэр нь геополитикийн хурцадмал байдал, нефтийн үнийн өсөлтөөс үүдэх дарамтыг тусгасан байна.

Тодруулбал, суурь инфляцын төсөөллөө 1.9%-иас 2.8% болгон өсгөсөн бол 2026 оны эдийн засгийн өсөлтийн таамгийг 1%-иас 0.5% болгон бууруулжээ. Энэ нь Японы эдийн засаг удаашрах эрсдэлтэй ба үнийн өсөлтийн дарамт нэмэгдэж буйг харуулж байна.

3-р сард Японы инфляц таван сарын дараа анх удаа өсөж, эрчим хүчний үнийн нөлөөгөөр 1.8%-д хүрсэн байна. Үүний зэрэгцээ улсын бондын өгөөж өсч, зах зээл цаашид бодлогын хүү өсөх хүлээлтийг үүсгэлээ.

Иймээс Японы төв банк цаашид инфляцын өсөлт үргэлжилбэл мөнгөний хатуу бодлого баримтлах чиглэлд шилжих магадлалтай байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд