Nvidia компани $5 их наядын үнэлгээг давлаа

АНУ-Ираны хэлэлцээ | NVIDIA компани | Геополитикийн эрсдэлийг үл харгалзан Хятадын аж үйлдвэрийн гүйцэтгэл хүлээлтээс давлаа | Урилга: VIBER суваг |

💲Nvidia компани $5 их наядын үнэлгээг давлаа

NVIDIA компанийн хувьцаа өнгөрсөн 208 ам.долларт хүрч нийт зах зээлийн үнэлгээ нь 5 их наяд ам.долларыг давлаа. Ингэснээр өнгөрсөн оны 10-р сард хүрч байсан түүхэн оройн цэг дээрээ дахин хүрсэн бөгөөд хөрөнгө оруулагчид хиймэл оюун ухааны салбарын өсөлтөд итгэлтэй хэвээр байгааг харуулж байна. Тухайн өдөр Nvidia-ийн хувьцаа 4.3%-иар өсөж $208.27 дээр хаагдсан бөгөөд 2022 оны сүүлээс хойш тус компанийн хувьцааны үнэ нийтдээ 14 дахин өсөөд байна.

Nvidia-ийн энэхүү хүчтэй өсөлтийн гол шалтгаан нь AI дэд бүтцийн өндөр эрэлт юм. Тус компанийн GPU чипүүдийг Google, Microsoft, Meta Platforms, Amazon зэрэг дэлхийн томоохон технологийн компаниуд, мөн OpenAI болон Anthropic зэрэг AI загвар хөгжүүлэгчид өргөн ашиглаж байна. AI үйлчилгээ, дата төв, том хэлний загваруудын хэрэглээ нэмэгдэх тусам Nvidia-ийн бүтээгдэхүүний эрэлт улам өссөөр байна.

Энэ удаагийн өсөлтийг зөвхөн Nvidia дангаараа биш, бүх чипний салбаын компаниудын өсөлт нөлөөллөө. Intel хүлээлтээс давсан санхүүгийн тайлан гаргасны дараа хувьцаа нь 24%-иар өссөн нь 1987 оноос хойших хамгийн хүчтэй нэг өдрийн өсөлт болсон байна. Мөн Advanced Micro Devices (AMD) 14%-иар, Qualcomm 11%-иар өсжээ. Энэ нь хөрөнгө оруулагчид чип үйлдвэрлэгчдийн салбарыг бүхэлд нь дахин өндөр үнэлж эхэлснийг харуулж байна.

АНУ-Ираны хэлэлцээ дипломат мухардалд орсон хэвээр

Доналд Трампийн захиргаа Ирантай хийх энхийн хэлэлцээг ахиулахыг оролдсон ч өнгөрөгч амралтын өдрүүдэд дипломат процесс илт саарч, талуудын байр суурийн зөрүү гүнзгийрсэн хэвээр байна.

Пакистаны зуучлалаар хоёр дахь шатны хэлэлцээ зохион байгуулахаар төлөвлөж, АНУ тусгай төлөөлөгчдийг илгээх байсан боловч Иран оролцохоос татгалзаж Гадаад хэргийн сайд Аббас Аракчи АНУ-ын талтай уулзалгүй Пакистанаас буцсан байна.

Үүний дараа Трамп тусгай элч нарын айлчлалыг цуцалж, “хэрэв хүсвэл тэд бидэнтэй холбогдож болно” хэмээн мэдэгдсэн нь Вашингтоны хатуу байр суурийг илэрхийлсэн дохио болов. Тэрээр Иран цөмийн зэвсэгтэй болох ёсгүй гэдгийг дахин онцолсон нь хэлэлцээний үндсэн нөхцөл өөрчлөгдөөгүйг харуулж байна.

Нөгөө талд Иран хэлэлцээг бүрэн үгүйсгээгүй ч АНУ эхлээд далайн боомтын хориг, эдийн засгийн дарамтыг цуцлах ёстой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, Тегеран “шахалт дор хэлэлцээ хийхгүй” гэсэн байр сууриа хадгалж байгаа байна.

Энэ хооронд Арагчи Пакистан, Оман зэрэг зуучлагч орнуудаар дамжин дипломат гарц хайж, цаашлаад ОХУ-ыг зорьж байгаа нь Иран олон талт дэмжлэг, хэлэлцээний өөр сувгийг эрэлхийлж байгааг харуулж байна.

Үүний үр дүнд ойрын хугацаанд хэлэлцээ сэргэх магадлал бага, бүс нутгийн геополитикийн тодорхойгүй байдал үргэлжлэх төлөв давамгайлж байна.

Геополитикийн эрсдэлийг үл харгалзан Хятадын аж үйлдвэрийн гүйцэтгэл хүлээлтээс давлаа

Хятадын аж үйлдвэрийн салбар 2026 оны эхний улиралд хүлээлтээс давсан гүйцэтгэл үзүүлж, дэлхийн зах зээл дэх геополитикийн дарамтыг үл харгалзан ашигт ажиллагаагаа нэмэгдүүлсэн байна.

2026 оны 3-р сард аж үйлдвэрийн компаниудын ашиг өмнөх оны мөн үеэс 15.8%-иар өссөн бол эхний улирлын нийт дүнгээр 15.5%-ийн өсөлт бүртгэгдсэн нь сүүлийн жилүүдийн хамгийн хүчтэй эхлэлүүдийн нэг боллоо. Энэ нь 2025 онд бараг өсөлтгүй байсан (0.6%) үеийг давж, салбар сэргэж эхэлсэн байна.

Гэсэн хэдий ч энэхүү өсөлт нь таатай нөхцөлд бус, харин эсрэгээрээ гадаад шок дунд бий болсон нь онцлог юм. Хятад улс зах зээлийн дарамтыг тодорхой хэмжээнд “шингээж” чадсан нь нефтийг их хэмжээгээр дотоод нөөц болгон хадгалсан болон заримыг нь далайд танкер дээр байршуулах замаар нөөцөлсөн байсантай холбоотой.

Мөн үйлдвэрлэгчийн үнийн индекс олон жилийн дараа анх удаа өсөлтөд шилжсэн зэрэг нь салбарын өсөлтөд нөлөөлсөн байна.

Ингэснээр Хятадын аж үйлдвэрийн ашиг богино хугацаанд хүчтэй өсөлт үзүүлж байгаа ч гадаад орчны тодорхойгүй байдал цаашдын эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй юм. 

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд