- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Трамп Ираны саналаас татгалзлаа
Трамп Ираны саналаас татгалзлаа
Трамп Ираны саналаас татгалзлаа | Технологийн аваргуудын тайлан | ХНС бодлогын хүү | Урилга: VIBER суваг |

❌Трамп Ираны саналаас татгалзлаа
Дэлхийн нефтийн зах зээлд өсөлтийн дарамт нэмэгдэж, Brent төрлийн нефтийн үнэ $120-т хүрлээ. Үнийн энэ өсөлтийн гол шалтгаан нь АНУ–Ираны зөрчил хурцдаж, нийлүүлэлт удаан хугацаанд хязгаарлагдах эрсдэл нэмэгдсэнтэй холбоотой байна.
Энэхүү өсөлт нь АНУ Ираны нефтийн экспортыг хязгаарласан далайн бүслэлтээ үргэлжлүүлэх төлөвтэй байгаатай шууд холбоотой. Доналд Трамп Ираны санал болгосон Ормузын хоолойг нээх хувилбарыг татгалзсан бөгөөд цөмийн хэлэлцээрт ахиц гарах хүртэл шахалтаа сулруулахгүй гэсэн дохио өгсөн байна.
Нөгөө талаас Ираны нефтийн экспорт саатсанаас гадна хадгалах багтаамж нь дүүрч байгаа нь үйлдвэрлэл буурах эрсдэлийг нэмэгдүүлж, нийлүүлэлтийн дарамтыг улам гүнзгийрүүлж болзошгүй нөхцөл үүсгэж байна.

Гэсэн хэдий ч эрэлтийн талд тодорхой сулрал ажиглагдаж эхэлжээ. Дэлхийн нефтийн хэрэглээ онгоцны түлш болон нефть-химийн салбарын хэрэглээ буурсантай холбоотойгоор нийт эрэлт 4-р сард 2-р сарын түвшнээс өдөрт ойролцоогоор 3.6 сая баррелиар буурсан байж магадгүй гэж үзжээ.
Хэрэв АНУ–Ираны зөрчил намжихгүй бол нийлүүлэлт хумигдсан, геополитикийн эрсдэл нэмэгдсэн нөхцөлд нефтийн үнэ өсөх дарамт хэвээр байгаа ч эрэлтийн сулрал үнийн өсөлтийг хязгаарлах хоёр талт нөхцөл үүсээд байна.
⚙️Технологийн аваргуудын тайлан хүлээлтээс давлаа
АНУ-ын технологийн томоохон компаниудын улирлын тайлан зах зээлд хүчтэй нөлөө үзүүлсэн ба нэг зүйл тодорхой харагдлаа. Зөвхөн ашиг, орлогын өссөн үзүүлэлт хангалтгүй, харин ирээдүйн хөрөнгө оруулалтын зардал ба хүлээлт зах зээлийг хөдөлгөж байна.
Энэ удаагийн тайлангийн үеэр “Magnificent 7”-ийн гол тоглогчид болох Alphabet, Microsoft, Amazon, Meta Platforms зэрэг компаниудын ихэнх нь хүлээлтээс давсан гүйцэтгэл үзүүлсэн ч хувьцааны ханшийн хөдөлгөөн зөрүүтэй байв.
Тайлангийн гол үзүүлэлтүүд:
Microsoft: EPS $4.27 (таамаглал $4.07), орлого $82.89 тэрбум → +4.9%
Amazon: EPS $1.56 (таамаглал $1.60), орлого $181.52 тэрбум → -2.5%
Meta: EPS $7.31 (таамаглал $6.71), орлого $56.31тэрбум → +8.9%
Alphabet: EPS $5.11 (таамаглал $2.64), орлого $109.90 тэрбум → +93.6%
Qualcomm: EPS $2.65 (таамаглал $2.56), орлого $10.60 тэрбум → +3.5%

Гэсэн хэдий ч зах зээлийн хариу үйлдэл харилцан адилгүй байв. Тайлангийн танилцуулгын дараа, Alphabet-ийн хувьцаа 5-7%-иар өсөж шинэ дээд түвшинд хүрсэн бол Amazon болон Meta-ийн хувьцаа тус бүр 6-7%-иар буурсан байна. Харин Microsoft-ийн хувьцаа бараг өөрчлөлтгүй хадгалагджээ.
Энэ зөрүүтэй хөдөлгөөний гол шалтгаан нь тайлангийн бодит үзүүлэлт бус, харин ирээдүйн зардал болон хүлээлт байв. Компаниудын ихэнх нь хиймэл оюун ухаан, дата төв, cloud дэд бүтцэд чиглэсэн хөрөнгө оруулалтаа огцом нэмэгдүүлж байгаагаа мэдэгдсэн. Жишээлбэл, Alphabet хөрөнгө оруулалтын зардлаа $190 тэрбумд хүргэхээр төлөвлөсөн бол Meta жилийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөгөө $125–145 тэрбум болгож өсгөсөн байна.
Үүнээс гадна, Qualcomm дата төвийн чипийн шинэ гэрээний нөлөөгөөр 13%-иар өссөн бол Ford компани хүлээлтээс 230%-иар өндөр ашигтай ажилласнаар хувьцааны ханш нь огцом өсөв.
Ийнхүү энэ улирлын тайлангийн үеэр зах зээл нэг зүйлийг тодорхой харуулсан нь өмнөх гүйцэтгэлээс гадна ирээдүйн стратеги, хөрөнгө оруулалтын чиглэл нь хувьцааны үнэлгээнд голлох нөлөө үзүүлж байна.
🔵ХНС бодлогын хүүг өөрчлөлгүй хэвээр үлдээв
ХНС бодлогын хүүг өөрчлөлгүй 3.5%–3.75%-д хэвээр үлдээхээр боллоо. Гэвч энэ удаагийн хурлын гол онцлог нь шийдвэр бус, харин дотоод “хуваагдал” байлаа. Санал хураалт 8-4 харьцаатай гарсан нь 1992 оноос хойших хамгийн их зөрүүтэй шийдвэр боллоо.
Jerome Powell мэдэгдэлдээ инфляц ойрын хугацаанд өсөх хүлээлттэй байгааг онцолж, ялангуяа эрчим хүчний үнэ нэмэгдсэн нь үнийн дарамтыг нэмэгдүүлж байгааг дурдсан. Мөн Ойрх Дорнодын геополитикийн нөхцөл байдал эдийн засгийн тодорхойгүй байдлыг нэмэгдүүлж байгааг онцолсон.
Гэхдээ бодлогын байр суурийн хувьд ХНС “одоогийн түвшин зохистой” гэж үзсэн нь шууд бодлогын өөрчлөлт хийхээс илүү хүлээлтийн байдалд орсныг илтгэж байна. Нөгөө талаас дотоод санал зөрөлдөөн нь илүү гүнзгий асуудлыг харуулж байна. Өөрөөр хэлбэл, зарим гишүүд инфляц өндөр хэвээр байгаа тул бодлогоо чангаруулах хандлагатай байгаа бол, нөгөө хэсэг нь эдийн засгийн өсөлт сулрах эрсдэлээс шалтгаалан зөөлрүүлэх боломжийг нээлттэй үлдээхийг хүссэн байна.

Энэ зөрчил нь зөвхөн одоогийн нөхцөл биш, харин ирээдүйн бодлогын чиглэлийн талаарх “дохио” болж байна. Kevin Warsh удирдлагыг хүлээж авах гэж буй энэ үед ХНС илүү маргаантай, зөвшилцөл багатай үе рүү шилжиж болзошгүй байна.
Үүнээс шалтгаалан ойрын хугацаанд бодлогын хүү буурах магадлал багасаж, бүр өсөх боломж ч үүсэж магадгүй гэж үнэлэгдэж эхэлсэн. Үүнд нефтийн үнэ $100-оос давж, инфляц дахин өсөж болзошгүй гэсэн болгоомжлол голлон нөлөөлж байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд
