- Голомт Капитал ҮЦК
- Posts
- 📈 🥇 Хэн нь ялбал аль салбарын компаниудын хувьцаа өсөх вэ?
📈 🥇 Хэн нь ялбал аль салбарын компаниудын хувьцаа өсөх вэ?
📊Монгол Улсын инфляц | Мэтгэлцээнээр хэн юу ярив? | JPMorgan Chase банкны хувьцаа 5 хувиар унав
Хэн нь ялбал аль салбарын компаниудын хувьцаа өсөх вэ?
Дональд Трамп ялалт байгуулбал хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө
Хэрэв Дональд Трамп дахин Ерөнхийлөгчөөр сонгогдвол худалдааны зөрчил хурцдаж, тэр дундаа АНУ-БНХАУ-ын харилцаанд сөргөөр нөлөөлөх магадлал өндөр юм. Энэ нь Хятадаас ихээхэн хамааралтай компаниудад томоохон дарамт үүсгэж болох талтай. Үүнд:
Nvidia, Broadcom, Qualcomm зэрэг чип үйлдвэрлэгч компаниуд багтаж байна. Эдгээр компаниудын орлогын томоохон хувь нь БНХАУ-ын зах зээлээс хамаардаг учраас худалдааны хязгаарлалт, татварын нэмэгдлээс шууд хохирол амсах магадлалтай юм.
Мөн Air Products, Chemicals Inc., Celanese зэрэг бараа материал үйлдвэрлэгч компаниуд ч хүнд байдалд орж магадгүй.
Tesla-гийн хувьд Хятадын зах зээлээс хамааралтай учраас үнийн өрсөлдөх чадвар, борлуулалтын хэмжээ буурах эрсдэлтэй байна.
Гэхдээ нөгөө талаас Трампын эдийн засгийн бодлого нь уламжлалт эрчим хүчний салбар, ялангуяа газрын тос, байгалийн хийн олборлолтыг дэмжиж, дотоодын эрчим хүчний салбарын хязгаарлалтуудыг сулруулж, олборлолтыг нэмэгдүүлэхэд түлхэц өгөхөд чиглэнэ гэсэн хүлээлт байна. Ингэснээр дараах компаниуд ихээхэн ашиг хүртэх боломжтой:
Baker Hughes, Exxon Mobil, Chevron зэрэг газрын тос, байгалийн хийн компаниуд багтаж байна.
Мөн Трампын ялалт батлан хамгаалахын салбар, зэвсэг үйлдвэрлэгч компаниудад томоохон өсөлтийг авчрах хүлээлт байна. Бүгд Найрамдах намын засаглалын үед батлан хамгаалах салбарын төсвийг нэмэгдүүлэх хандлагатай байдаг.
Камала Харрис ялалт байгуулбал хөрөнгийн зах зээлд үзүүлэх нөлөө
Камала Харрис Ерөнхийлөгч болвол түүний хэрэгжүүлэх бодлого сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашин зэрэг ирээдүйд чиглэсэн салбаруудыг хөгжүүлэхэд чиглэнэ. Тэрээр ногоон эрчим хүчийг өргөжүүлэх, цэвэр технологийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэхээ илэрхийлсэн тул дараах компаниуд өсөлт үзүүлэх магадлалтай:
Tesla, Rivian, Lucid зэрэг цахилгаан автомашин үйлдвэрлэгч компаниудын бүтээгдэхүүний эрэлт өсөхийн зэрэгцээ төрийн бодлогоор дэмжинэ.
ChargePoint, Beam Global зэрэг цахилгаан автомашины цэнэглэгч станцуудын бизнес хөгжиж, хэрэглэгчид нэмэгдэх төлөвтэй байна.
Нарны хавтан үйлдвэрлэл эрхэлдэг First Solar, Sunrun, Enphase Energy компаниудын сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэх тул ашиг хүртэх боломжтой.
Үүнээс гадна, Камала Харрис анх удаа орон сууц худалдан авч буй иргэдэд 25 мянга хүртэлх ам.долларын урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх төлөвлөгөөгөө танилцуулсан нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлд эерэгээр нөлөөлнө.
Энэ бодлого нь анх удаа орон сууц авч буй иргэдэд тус болохын зэрэгцээ үл хөдлөх хөрөнгийн компаниудын борлуулалтыг нэмэгдүүлэх чухалач холбогдолтой юм.
Хөрөнгийн зах зээл ба сонгуулийн жилүүдийн хамаарал
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн жилүүдэд хувьцааны зах зээл ерөнхийдөө эерэг чиглэлтэй байсаар ирсэн.
Хамгийн том хямралууд болох 2000 оны "dotcom" хөөсрөл болон 2008 оны дэлхийн санхүүгийн хямралыг эс тооцвол уг индекс сонгуулийн жилүүдэд тогтмол өсөлттэй байв.
Жишээлбэл, 1960 оноос хойшхи бараг бүх сонгуулийн жилд "S&P 500 Index" өссөн байдаг. Энэ нь улс төрийн тогтворгүй байдал, эрсдэлтэй орчинд ч зах зээлийн тогтвортой байдал хадгалагдаж, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж байгааг харуулж байна.
Эх сурвалж: Bloomberg
Мэтгэлцээнээр хэн юу ярив?
Trump: Компаниудаас авах татварыг одоогийн 21%-иас бууруулж 15%-д хүргэнэ.
Harris: Харин би 28% болгож нэмнэ гэж төлөвлөж байна.
Trump: Хэрвээ би ерөнхийлөгч байсан бол Украйнд туслахгүй байх байсан. Мөн би Израйлд дургүй.
Harris: Би харин Израйлыг дэмждэг. Трамп бол батлан хамгаалахын талаар мэдлэг дутмаг хүн шүү дээ.
Harris: Доналд Трампын үед ажилгүйдлын түвшин иргэний дайнаас хойш дээд цэгтээ хүрсэн.
Trump: Харрис бол Байден гэсэн үг шүү дээ, түүний үед инфляц дээд цэгтээ хүрсэн.
Harris: Би Байден ч биш Трампын ч хүн биш. Бидэнд харин улс төрийн жинхэнэ удирдагч хэрэгтэй.
Harris: Би эрчим хүчний салбарт хэрэгтэй хөрөнгө оруулалт, санхүүжилтийг маш сайн дэмжинэ
Trump: “Obama care” эрүүл мэндийн хөтөлбөр сайн хөтөлбөр биш ээ. Бидэнд илүү төлөвлөгөө хэрэгтэй.
Сэтгүүлч: Ямар төлөвлөгөө вэ?
Trump: Би хараахан ерөнхийлөгч болоогүй байна. Нарийн ширийн юм битгий асуу!
Trump: Харрис би ингэнэ, тэгнэ гэж сайхан амлалтууд өгч байна. Гэтэл тэр яагаад өнгөрсөн 3.5 жилд хийгээгүй юм бэ? Тэр бол түүхэнд байгаагүй хамгийн муу дэд ерөнхийлөгч байсан.
Harris: Трамп-д ямар ч төлөвлөгөө байхгүй тэр зүгээр л өөрийгөө өмөөрч, өмнөх түүхээ хамгаалах гэж ирсэн байна.
Trump: Харрист ямар ч өөрийн гэсэн толгой байхгүй. Учир нь тэр бол Байдены хуулбар
Монгол Улсын инфляц тогтвортой буурч байсан ч 8 сард 6.5 хувь болж өслөө
Монгол Улсын инфляц 2022 оны эцсээс энэ оны 6 сар хүртэл тасралтгүй буурч байсан ч 8 сард 6.5 хувь болж, өмнөх сараас нэг нэгж хувиар өссөнийг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээлэв.
Үүнд, импортын барааны үнийн өсөлт ялангуяа бензин, түлшнээс бусад импортын бараа 2.1 нэгж хувиар, мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 3.4 нэгж хувиар өссөн нь нөлөөлжээ.
Сонгуулийг угтсан мөнгө тараалт, төсвийн нэмэлт зарцуулалт зэргээс болж инфляц энэ оны сүүлээр дахин нэмэгдэх төлөвтэйг Төв банк болон олон улсын байгууллагууд анхааруулж байсан.
Монголбанкны шинжээчид 5 сард гаргасан судалгаандаа энэ оны II улирлын эцэст инфляц 6.8 хувь, ирэх оны эхний улиралд 7.6 хувь хүрнэ гэсэн таамаг дэвшүүлсэн юм.
JPMorgan Chase банкны хувьцаа 5 хувиар унав
АНУ-ын хамгийн том банк болох JPMorgan Chase-ийн Ерөнхийлөгч, үйл ажиллагаа хариуцсан захирал Daniel Pinto, ойрын хугацаанд хүү буурах хандлагатай байгаа тул тус банкны ирээдүйн хүүгийн орлогын таамаглал буурч байгааг мэдэгдсэнээр хувьцааны ханш нь 5%-иар уналаа.
Мөн тэрээр JPMorgan Chase банкны цэвэр хүүгийн орлого буюу зээлээс олох орлого, хадгаламжийн хүүгийн зөрүүний хүлээлт хэт өөдрөг байсныг онцолжээ.
Тодруулбал, тус банк өнгөрсөн 5 сард хүүгийн түвшин өндөр хэвээр байвал энэ оны цэвэр хүүгийн орлого нь 91 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолж байсан юм.
Холбооны нөөцийн сан энэ сарын 17-18-нд болох хурлаараа бодлогын хүүг 25 нэгжээр бууруулж, мөнгөний бодлогыг зөөлрүүлэх мөчлөгийг эхлүүлэх төлөвтэй байна. Ингэснээр банкнуудын хүүгийн орлого бага зэрэг л өсөх магадлалтай юм.
Ганцмод боомтоор экспортолж буй нүүрсний хэмжээ 17.9% өслөө
2024 оны эхний найман сард БНХАУ-ын Ганцмод боомтоор Монголоос импортолсон нүүрсний хэмжээ 27.4 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 17.9 хувиар өссөн байна. Энэ нь 2024 онд төлөвлөсөн 40 сая тонн нүүрсний 69 хувийг бүрдүүлж байгаа үзүүлэлт юм.
Есдүгээр сарын 5-ны байдлаар Монголын III ангиллын угаасан коксжих нүүрсний үнэ тонн тутамд 1360 юань байгаа нь өмнөх сараас 90 юаниар буурсан үзүүлэлттэй байна.
Хүчтэй борооны улмаас Ганцмод боомтоор нэвтрэх нүүрс тээврийн урсгал багасаж, есдүгээр сарын 2-5-ны өдрүүдэд өдөрт дунджаар 604 автомашин нэвтэрч, өмнөх долоо хоногоос 403-аар буурсан байна. Мөн Ханги-Мандал боомтоор нэвтэрсэн автомашины тоо ч буурч, есдүгээр сарын 4-нд ердөө хоёр автомашин гарсан байна.
Гадаад арилжааны брокер 📱8610-3636 АНУ, Канад, Австрали, Англи | Гадаад арилжааны брокер 📱8006-9977 Хонгконг, Шанхай, Шинжен |
“GCC ACADEMY” 2024 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТИЙН ХИЧЭЭЛ🔔
2024.09.21-ны бямба гарагт танхимаар хичээллэх тул бүтэн өдрийг өөртөө зориулж, хөрөнгийн зах зээлд хөл тавихыг чин сэтгэлээсээ хүсэж буй 50 хүн хамрагдах боломжтой.
ТҮРҮҮЛЖ БҮРТГҮҮЛСЭН 50 ХҮН ХАМРАГДАХ БОЛОМЖТОЙ🤗
Бүртгэл: 2024.09.01-2023.09.19
Сургалт: 2024.09.21/ Бямба гараг
Хаана: ТАНХИМААР/ үнэ төлбөргүй
AITO компани хагас автомат жолоодлоготой цахилгаан машинаа танилцуулав.
БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Seres болон технологийн Huawei компанийн хамтран байгуулсан AITO компани нь M9 загварын хагас автомат жолоодлоготой цахилгаан автомашинаа танилцууллаа.
Тус загварыг Huawei компани 10 гаруй жилийн судалгаандаа үндэслэн бүтээсэн бөгөөд 469,800 юань буюу 65,981 ам.долларын үнэтэй. Энэ нь Шанхайд үйлдвэрлэгдсэн Tesla-ийн Model Y 249,900 юанийн үнээс 47 хувиар хямд байна.
Тус загварыг 2 хувилбараар үйлдвэрлэсэн бөгөөд эхний загвар нь 630 км явах чадалтай цэвэр цахилгаан автомашин юм. Дараагийн хувилбар нь илүү хол буюу 1,362 км хүртэлх зайг туулах хүчин чадалтай юм байна.
Сонирхуулахад, 8 сард БНХАУ-д цахилгаан автомашины борлуулалт энгийн хөдөлгүүртэй машиныг давж 53.5% болон 46.5% гэсэн харьцаатай байна.
АМ.ДОЛЛАРЫН ӨНДӨР ӨГӨӨЖТЭЙ БОНДЫН ЗАХИАЛГА АВЧ БАЙНА
Голомт банк 🌍олон улсын зах зээлд жилийн 🎢11%-ийн хүүтэй, 2027.05.20-нд хаагдах нөхцөлтэй 💵300 сая ам.долларын бондыг гаргаж амжилттай татан төвлөрүүлсэн билээ.
Хэрэв та 👉Монгол улсын B3/B/B+ үнэлгээтэй нэг түвшинд байгаа тус бондын анхдагч арилжаанд оролцож амжаагүй бол хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцож, тус бондыг эзэмшээрэй.
🌍Монгол Улсын Засгийн газрын олон улсын зах зээлд гарсан нээлттэй бондуудын өгөөж 5.8%-6.0% байна.
🌍Компанийн ам.долларын бондын өгөөж 8.17%-11.30%-тай байна.
8688-9922 | 8888-0272 |
МХБ-ийн 2024.09.10-ны өдрийн арилжаа
2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 332,852,603 төгрөгийн үнийн дүн бүхий 1,068,236 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 12 компанийн хувьцааны ханш өсч, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Улаанбаатар хивс ХК (UBH +14.78%)
Шивээ овоо ХК (SHV +9.58%)
Ремикон ХК (RMC +3.21%)
Крипто Үндэстэн ХК (CNF -9.05%)
Мандал Даатгал ХК (MNDL -6.67%)
Бодь Даатгал ХК (BODI -5.67%)
Хөрөнгө оруулалтын 2 сангийн 23,647 ширхэг нэгж эрх 14,709,077 төгрөгөөр,
Хөрөнгөөр баталгаажсан 669 ширхэг үнэт цаас 33,450,000 төгрөгөөр,
Багцын арилжаагаар нийт 2,923,078 ширхэг үнэт цаас 570,000,210 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
“Монголросцветмет” ТӨҮГ-ын 6 багц 19,800 тонн 52%-ийн агууламжтай төмрийн хүдэр 1,316,700 ам.доллар буюу 4,451,617,863 төгрөгөөр,
"Энержи Ресурс" ХХК-ийн 3 багц 19,200 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 8,832,000 юань буюу 4,198,467,840 төгрөгөөр тус тус арилжигдсан байна.
Энэ өдөр нийт 💵9,601,097,593 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.
ТOП-20 индекс 0.44% хувиар буурч, 48,013.1 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 11,953,632,616,028 төгрөг боллоо.
Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!