- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Intel-ийн тайлангийн үзүүлэлт хүлээлтээс давлаа
Intel-ийн тайлангийн үзүүлэлт хүлээлтээс давлаа
Intel-ийн тайлан | Ливан-Израилийн гал зогсоох хэлэлцээр | Хамгийн том IPO давалгаа | Урилга: VIBER суваг |

📈Intel-ийн тайлангийн үзүүлэлт хүлээлтээс давлаа
Intel компанийн 2026 оны эхний улирлын санхүүгийн тайлан зах зээлийн хүлээлтээс давсан үзүүлэлттэй гарч, хувьцааны ханш 15%-иас дээш өссөн байна.
Тус компани I улиралд нэгж хувьцаанд 0.29 ам.долларын ашиг болон 13.6 тэрбум ам.долларын орлого тайлагнасан нь шинжээчдийн таамгаас өндөр үзүүлэлт байв. Мөн хоёрдугаар улиралд 13.8-14.8 тэрбум ам.долларын орлого олох төлөвлөгөө гаргасан нь зах зээлийн хүлээлтээс давжээ.
Ялангуяа дата төв болон AI сегмент хүчтэй өсөлт үзүүлж, 5.1 тэрбум ам.долларын орлого олсон нь хүлээлтээс давсан үзүүлэлт болсон байна. AI агент буюу хэрэглэгчийн өмнөөс даалгавар гүйцэтгэх ухаалаг системийн шилжилт нь CPU чипийн эрэлтийг эрс нэмэгдүүлж байна гэж онцолжээ.

Intel өмнө нь AI-ийн эхний давалгаанд GPU чиглэлээр хоцорсон ч одоо CPU болон дата төвийн дэд бүтцээр дамжуулан зах зээлд байр сууриа бэхжүүлж эхэлж байна. Тухайлбал, Google-ийн cloud үйлчилгээний AI ажлуудад Xeon процессоруудыг нийлүүлэх гэрээ байгуулсан бол Илон Маскийн Terafab төслийн хүрээнд чип үйлдвэрлэлд хамтран ажиллахаар болсон юм.
Эдгээр үйл явдлуудын нөлөөгөөр Intel-ийн хувьцаа он гарсаар нийтдээ ойролцоогоор 80%-р өсөөд байна.
Хамгийн том IPO давалгаа: 💲3 их наяд ам.долларын үнэлгээтэй, алдагдалтай компаниуд
SpaceX, OpenAI, Anthropic зэрэг технологийн аваргууд хөрөнгийн зах зээлд гарахаар бэлтгэж байгаа нь IPO-гийн түүхэн дэх хамгийн том давалгааг үүсгэж, нийтдээ 3 их наяд ам.долларын үнэлгээ бий болгох төлөвтэй байна.
Гэхдээ энэ давалгааны онцлог нь эдгээр компаниуд асар өндөр үнэлгээтэй ч одоогоор ашигтай ажилладаггүй явдал юм. Жишээлбэл, SpaceX компани өнгөрсөн онд 18.6 тэрбум ам.долларын орлоготой байсан ч ойролцоогоор 5 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн ба эх сурвалжуудын мэдээллэж байгаагаар OpenAI болон Anthropic мөн алдагдалтай байгаа байна.
Харин эдгээр компаниудын өндөр үнэлгээ нь ирээдүйн өсөлтийн асар их хүлээлт дээр суурилж байна. SpaceX-ийн хувьд Starlink төсөл, харин OpenAI болон Anthropic нь хиймэл оюуны зах зээлийн төвд байрлаж байгаа юм.

Энэ IPO давалгаа нь аль хэдийн зах зээлийн томоохон хэсгийг эзэлж буй “Magnificent 7” (Apple, Microsoft, Alphabet, Amazon, Nvidia, Meta, Tesla) компаниудын нөлөөг улам нэмэгдүүлж, зах зээлийн төвлөрлийг гүнзгийрүүлэх эрсдэлтэй гэж шинжээчид үзэж байна.
Гэсэн хэдий ч эдгээр компаниуд урт хугацаанд амжилттай байх эсэх нь ашигт ажиллагаанаас ихээхэн хамаарна. S&P 500 индексэд багтахын тулд дор хаяж дөрвөн улирал дараалан ашигтай ажиллах шаардлагатай байдаг бөгөөд энэ нь тэдний хувьд ойрын хугацаанд биелүүлэхэд хүндрэлтэй нөхцөл хэвээр байна.
Ливан-Израилийн 🔥гал зогсоох хэлэлцээрийг 3 долоо хоногоор сунгав
Цагаан ордонд болсон өндөр түвшний уулзалтын дараа Ливан болон Израиль гал зогсоох хэлэлцээрээ 3 долоо хоногоор сунгалаа. Доналд Трамп уг шийдвэрийг зарлаж, цаашид энхийн хэлэлцээг үргэлжлүүлэх боломж бүрдэж байгааг онцолсон байна.
Хэлэлцээний үеэр Ливаны тал Израилийн цэргийг нутаг дэвсгэрээсээ гаргах, баривчлагдсан иргэдийг суллах, хил тогтоох асуудлыг дараагийн шатанд хэлэлцэх санал дэвшүүлсэн байна. Харин Hezbollah бүлэглэл хэлэлцээнд оролцоогүй бөгөөд Израиль бүрэн дагаж мөрдөхгүй бол гал зогсоох нь утгагүй гэж мэдэгдэж, шууд хэлэлцээг эсэргүүцсэн байр сууриа дахин илэрхийлжээ.
АНУ-ын зүгээс Ливанд дэмжлэг үзүүлж, бүс нутгийн тогтвортой байдлыг хангахад хамтран ажиллахаа илэрхийлсэн бол Трамп ойрын хугацаанд Израилийн Ерөнхий сайд болон Ливаны Ерөнхийлөгчийг дахин уулзуулах хүсэлтэй байгаагаа дурдсан байна. Тэрээр энэ онд хоёр улс энхийн тохиролцоонд хүрэх “өндөр магадлалтай” гэж үзэж буйгаа мөн онцоллоо.

Гэсэн хэдий ч бодит нөхцөл байдал эмзэг хэвээр байгаа бөгөөд Израилийн арми өмнөд Ливанд “аюулгүй бүс” нэрийн дор байрлалаа хадгалж байгаа бол сүүлийн өдрүүдэд цохилтууд хийгдсэн нь гал зогсоох тохиролцооны цаашдын тогтвортой байдалд тодорхойгүй нөхцөл үүсгэж байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд
