- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ
Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

Өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна. Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоодод төдийгүй хилийн чанадад Анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг хамгийн түрүүнд танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ :
Дотоодын эдийн засаг, хөрөнгийн зах зээл
Дотоодын зах зээлийн арилжааны мэдээлэл
Хөрөнгийн зах зээлийн онцлох 5 хувьцаа
Таван Толгой ХК-ий борлуулалтын орлого 3.8 дахин өслөө
Олон Улсын эдийн засаг, хөрөнгийн зах зээл
Өнөө шөнө АНУ-н засаг захиргаа 350 тэрбум ам.долларын БНХАУ-н тарифыг шийдвэрлэнэ
Та бүхэнд дотоодын зах зээлийн арилжааны мэдээллийг хүргэж байна


ӨНӨӨ ШӨНӨ АНУ-Н ЗАСАГ ЗАХИРГАА 350 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРЫН БНХАУ-Н ТАРИФЫГ ШИЙДВЭРЛЭНЭ
АНУ-н ерөнхийлөгч Жое Байдены захиргаа өмнөх ерөнхийлөгч асан Доналд Трампын 4 жилийн турш хөөцөлдөж БНХАУ-д тавьсан худалдааны тариф, татварыг өнөө шөнөдөө цуцлах эсэхийг шийдэх хугацаа тулсан. Хориг татварт орсон БНХАУ-н бараа бүтээгдэхүүний үнийн дүн 350 тэрбум ам.долларт хүрээд буй.
Тэгвэл ерөнхийлөгч Жое Байдены зүгээс 9.1 хувь хүрсэн инфляцыг бууруулж эдийн засгаа дэмжихийн тулд БНХАУ-тай худалдааг эрчимжүүлэх алхам хийж уулзалт зохион байгуулахаар болсон. Үүнээс өмнө хуучин ерөнхийлөгчийн үед тавьсан хоригоо цуцлах боломж бүрдээд буй хэдий ч АНУ-н гарт буй тохиролцооны хөзрөө амархан дэлгэх нөхцөл бүрдээд байна. Хугацаа тулсан асуудал нь АНУ-г тулгамдсан байдалд хүргэж буй бөгөөд нэг талдаа хоёр орны худалдааг сэргээх арга зам хайж байгаа ч нөгөө талд өмнөх ерөнхийлөгчийн бодлогыг хамгаалсаар байгаа нь цаашдын хамтын ажиллагаанд саад болно.
Шинжээчдийн тооцоолж буйгаар энэхүү хоригийг цуцалснаар инфляц 0.4 хувиар буурах боломжтой гэжээ.
Хоёр орны тарифын асуудлаас гадна Хурлын тэргүүн Нэнси Пелоси Тайван улсад мягмар гарагт айлчлах магадлалтай байна. БНХАУ-н зүгээс айлчлал хийсэн тохиолдолд гал нээх сануулга өгсөн билээ.

ТАВАН ТОЛГОЙ ХК-ИЙ БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО 3.8 ДАХИН ӨСЛӨӨ
Монголын Хөрөнгийн Бирж дээр арилжаалагддаг Таван Толгой ХК(TTL)-ий 2-р улирлын санхүүгийн үр гарч борлуулалтын орлого хагас жилийн хугацаанд 262.7 тэрбум төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 3.8 дахин, тайлант жилийн эцсээс 46 хувиар өндөр гарлаа.
Цаашлаад компанийн цэвэр ашиг 55 тэрбум хүрч өнгөрсөн оны мөн үеэс 28.9 дахин өссөн бол өөрийн хөрөнгийн хэмжээ 95.7 тэрбум төгрөгт хүрчээ. Компанийн хувьцааны санхүүгийн тайлан гарснаар 21 хувийн өсөлт үзүүлж 8520 төгрөг хүрчээ. Харин зах зээлийн үнэлгээ 448 тэрбум төгрөг хүрч трайлинг үнэ/ашгийн(P/E) харьцаа 6.35x байгаа бөгөөд компани цэвэр ашгаа хадгалж чадсан тохиолдолд хямдаар үнэлэгдэж байна.
Монгол улс 1-р улиралд 2 сая тонн нүүрс гаргаж экспорт тасалдаад байсан бол 2-р улирлаас экспорт сэргэж 7 сарын байдлаар 10 сая тоннд хүрээд буй. Цаашлаад олон улсад коксжих нүүрсний үнэ өндөр байгаа нь завшаантай хэрэг болж дотоодын нүүрсний компаниуд бага борлуулалтаар өндөр ашигтай ажиллах боломж бүрдсэн.

АРД ДААТГАЛ НОГДОЛ АШИГ ТАРААЛАА
"Ард Даатгал” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн №01/22 тоот тогтоолоор 2021 оны цэвэр ашгаас нийт 1,000,000,000 төгрөг буюу нэгж хувьцаанд 40 төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг болгон тараалаа. Харилцагч Та ногдол ашгийн мөнгөө авахын тулд брокерын компанид хүсэлтээ өгснөөр өөрийн банкны данс руу авах боломжтой.
Голомт Капитал ҮЦК ХХК-ийн харилцагч Та дараах байдлаар хүсэлтээ гаргана уу.- trader.golomtcapital.com онлайн арилжааны системд өөрийн бүртгэлтэй цахим хаягаар нэвтэрч “Мөнгө хүсэх өргөдөл” цэсийн “Ногдол ашгийн мөнгө авах” хэсэгт хүсэлтээ илгээгээрэй.
- Golomt Capital аппликейшнд өөрийн бүртгэлтэй цахим хаягаар нэвтэрч “Миний багц” цэсийн “Ногдол ашиг, IPO данс” хэсэгт хүсэлтээ илгээгээрэй.Мөн Компани дээр ирж Гурвалсан гэрээг байгуулснаар бүртгэлтэй данс руугаа ногдол ашгийн мөнгийг шууд татан авах боломжтой болно.
