Ойрхи Дорнодын хурцадмал байдал дахин нэмэгдлээ

Ойрхи Дорнодын хурцадмал байдал дахин нэмэгдлээ | БНХАУ зээлийн суурь хүүгээ хэвээр нь хадгаллаа | Урилга: VIBER суваг |

🔥Ойрхи Дорнодын хурцадмал байдал дахин нэмэгдлээ

Өнгөрөгч амралтын өдрүүдэд АНУ ба Ираны зөрчил огцом хурцдаж, энхийн хэлэлцээний ирээдүйд тодорхойгүй байдал үүсгэлээ. АНУ-ын тэнгисийн цэрэг Ормузын хоолойн орчимд Ираны ачааны хөлгийг гал нээж зогсоон, улмаар хяналтдаа авсан нь бүс нутгийн нөхцөл байдлыг шинэ шатанд хүргэв.

АНУ-ын талын мэдээлснээр тус хөлөг анхааруулгыг үл тоон нэвтрэхийг оролдсон тул хөдөлгүүрийн хэсэгт нь галлаж ажиллагааг нь зогсоосны дараа цэргийнхэн хөлөгт нэвтэрч бүрэн хяналтдаа авсан байна. Ерөнхийлөгч Доналд Трамп уг үйлдлийг баталж, “АНУ одоо тухайн хөлгийг бүрэн эзэмшилдээ авсан” хэмээн мэдэгдсэн.

Харин Ираны тал энэхүү үйлдлийг “зэвсэгт дээрэм” гэж тодорхойлж, ойрын хугацаанд хариу арга хэмжээ авна гэдгээ анхаарууллаа. Ираны цэргийн удирдлагын мэдэгдэлд АНУ-ын тэнгисийн ажиллагаанд хариу цохилт өгөхөө онцолсон нь мөргөлдөөн улам даамжрах эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Түүнчлэн JD Vance тэргүүтэй АНУ-ын төлөөлөгчид энхийн хэлэлцээнд оролцохоор төлөвлөж байгаа ч уулзалт бодитоор болох эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Ираны тал АНУ-ыг “байнга байр сууриа өөрчилж, хэт шаардлага тавьж байна” гэж буруутгасан бол Вашингтон хэлэлцээр байгуулах боломж байсаар байгаа гэж үзэж байна.

Бүс нутгийн хурцадмал байдал нэмэгдсэнтэй холбоотойгоор Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээвэр бараг зогсонги байдалд оржээ. Үүний нөлөөгөөр нефтийн үнэ огцом өсөж, Брент төрлийн нефть баррель нь 96–97 ам.долларын түвшинд хүрсэн бол хөрөнгийн зах зээлд болгоомжлол нэмэгдлээ.

Амралтын өдрүүдийн үйл явдлууд нь дайны болон дипломат үйл явц зэрэгцэн, тогтворгүй байдал үргэлжилж байгааг харууллаа. Талуудын мэдэгдэл, бодит үйл ажиллагаа хоорондоо зөрүүтэй, хурдан өөрчлөгдөж байгаа нь ойрын хугацаанд нөхцөл байдал тогтворжих эсэхэд эргэлзээ төрүүлж байна. 

🔵БНХАУ зээлийн суурь хүүгээ хэвээр нь хадгаллаа.

БНХАУ-ын Төв банк буюу People's Bank of China зээлийн суурь хүү болох LPR-г 11 дэх сардаа дараалан өөрчлөлтгүй хадгалллаа. Тодруулбал, нэг жилийн хугацаатай LPR 3.0%, орон сууцны зээлийн жишиг болдог таван жилийн LPR 3.5% хэвээр үлдсэн байна.

Энэхүү шийдвэр нь 2026 оны эхэнд Хятадын эдийн засгийн өсөлт харьцангуй сайн гарсантай холбоотой. Тус улсын эдийн засаг I улиралд 5%-иар өссөн нь өмнөх улирлын 4.5%-иас нэмэгдэж, жилийн зорилтот түвшний дээд хязгаарт хүрсэн үзүүлэлт боллоо.

Үүнтэй зэрэгцэн дефляцийн дарамт суларч, үйлдвэрийн үнийн индекс гурван жил гаруйн дараа анх удаа өсөлт үзүүлсэн бол хэрэглээний инфляц мөн нэмэгдсэн нь мөнгөний бодлогыг сулруулах яаралтай шаардлагыг бууруулж байна.

Гэсэн хэдий ч гадаад орчны эрсдэл нэмэгдэж байна. Ойрхи Дорнод дахь хурцадмал байдал газрын тосны үнийг өсгөж, эрчим хүчний зардлыг нэмэгдүүлснээр Хятадын эдийн засгийн цаашдын төлөвт тодорхойгүй байдал үүсгэж байгаа юм. Ийм нөхцөлд бодлого тодорхойлогчид яаравчилсан арга хэмжээ авахын оронд нөхцөл байдлыг ажиглах стратеги баримтлах хандлагатай байна.

Товчхондоо, Хятад улс одоогоор эдийн засгийн өсөлтөө хадгалж чадсан ч гадаад орчны тодорхойгүй байдал нэмэгдэж буй энэ үед бодлогын хүүг бууруулахгүйгээр ажиглах байр суурийг баримталж байна. 

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд