- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Apple шинэ гүйцэтгэх захирлаа томиллоо
Apple шинэ гүйцэтгэх захирлаа томиллоо
Apple шинэ гүйцэтгэх захирал | Amazon | АНУ–Иран | Урилга: VIBER суваг |

🍎 Apple шинэ гүйцэтгэх захирлаа томиллоо
Apple компани удирдлагын томоохон өөрчлөлт хийж, олон жил дотооддоо ажилласан John Ternus-ыг гүйцэтгэх захирлаар томилохоор боллоо. Одоогийн гүйцэтгэх захирал Tim Cook 2026 оны 9-р сарын 1-нээс ТУЗ-ийн гүйцэтгэх даргын албан тушаалд шилжих бөгөөд энэ нь 2011 оноос хойших анхны CEO солигдолт болж байна.
Тернус нь 2001 оноос Apple-д ажилласан, iPhone, iPad, Mac зэрэг компанийн гол бүтээгдэхүүний инженерчлэлийг удирдаж ирсэн туршлагатай нэгэн бөгөөд удаан хугацаанд Күүкийн залгамж халаа гэж үзэгдэж байсан. Тэрээр CEO болсноор ТУЗ-д мөн нэгдэх юм.
Энэхүү шилжилт нь Apple-ийн хувьд стратегийн чухал үе дээр тохиож байна. Tim Cook-ийн 15 жилийн удирдлагын хугацаанд компанийн зах зээлийн үнэлгээ 20 дахин өсөж, 4 их наяд ам.долларт хүрсэн ч сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны өрсөлдөөнд харьцангуй хоцорч байна гэх шүүмжлэл нэмэгдээд байгаа. Ялангуяа Nvidia зэрэг компаниуд AI салбарт давамгайлж, зах зээлийн үнэлгээгээр Apple-ийг давсан нь энэ дарамтыг улам нэмэгдүүлсэн.

Apple энэ сул талаа нөхөх алхмууд хийж байгаа ч бүрэн хэмжээний AI төвтэй бүтээгдэхүүн гаргаагүй хэвээр байна. Иймээс Тернусын өмнө тулгарах хамгийн том сорилт нь компанийн бүтээгдэхүүн, экосистемд хиймэл оюун ухааныг илүү өрсөлдөхүйц байдлаар нэвтрүүлэх асуудал болж байна.
Ийнхүү Apple дотоод туршлагатай удирдагчаар дамжуулан тогтвортой шилжилт хийхийг зорьж байгаа ч энэ өөрчлөлт нь зөвхөн удирдлагын солигдолт бус, харин компанийн дараагийн өсөлт болон шинэ технологид хэр амжилттай дасан зохицохоос хамаарах үе эхэлж байгааг илтгэж байна.
🔥АНУ–Ираны гал зогсоох хугацаа дуусах дөхөв
Гал зогсоох хугацаа АНУ-ын зүүн эргийн цагаар 4-р сарын 22-нд дуусах дөхөж буй энэ үед Иран АНУ-тай хийх дараагийн шатны хэлэлцээнд оролцох боломжийг “эерэгээр авч үзэж байна” гэж эх сурвалжууд мэдээлсэн ч албан ёсны шийдвэр гараагүй байв.
Тегераны зүгээс АНУ-ын боомтын бүслэлт болон гал зогсоох зөрчил нь хэлэлцээний гол саад болж байгааг онцолсон бол АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп богино хугацаанд цөмийн хэлэлцээр байгуулах боломжтой хэмээн мэдэгдсээр байна.
Нөхцөл байдлыг улам хүндрүүлсэн үйл явдал нь АНУ Ираны ачааны хөлгийг саатуулсан явдал байв. Үүнийг Тегеран “зэвсэгт дээрэм” гэж үзэж, хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн нь эмзэг гал зогсоох тохиролцоог эрсдэлд оруулсан юм. Үүний зэрэгцээ хоёр тал харилцан Ормузын хоолойн тээврийг хязгаарласан хэвээр байгаа нь дэлхийн эрчим хүчний зах зээлд дарамт үүсгэсээр байна.

Гэсэн хэдий ч Иран бүс нутгийн зуучлагчдад Пакистанд хэлэлцээ хийх төлөөлөгчдөө илгээнэ гэдгээ мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ АНУ-ын төлөөлөгчид мөн Исламабад хотыг зорих бөгөөд хэлэлцээг JD Vance ахлах төлөвтэй байна.
💲Amazon 25 тэрбум ам.долларын хиймэл оюуны стратегийн хөрөнгө оруулалт хийлээ
Amazon компани хиймэл оюуны өрсөлдөөнд байр сууриа бэхжүүлэх зорилгоор Anthropic стартапт нийтдээ 25 тэрбум ам.доллар хүртэл хөрөнгө оруулахаар болсноо мэдэгдлээ. Энэхүү хэлцлийн хүрээнд Anthropic ирэх 10 жилийн хугацаанд Amazon-ийн үүлэн технологид 100 тэрбум ам.доллароос дээш хэмжээний зардал гаргах тохиролцоо хийсэн байна.
Эхний шатанд Amazon 5 тэрбум ам.доллар шууд хөрөнгө оруулж, үлдсэн 20 тэрбумыг тодорхой бизнесийн шалгуур биелсэн тохиолдолд үе шаттайгаар оруулах юм. Энэ нь өмнө хийсэн 8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтаас гадна хийгдэж буй тул хоёр компанийн хамтын ажиллагаа илүү гүнзгий шатанд орж байна.

Anthropic-ийн хувьд энэхүү хэлцэл нь хиймэл оюуны загваруудаа өргөжүүлэхэд шаардлагатай тооцоолох хүчин чадлыг баталгаажуулах стратегийн алхам болж байгаа бол Amazon өөрийн cloud үйлчилгээ болон тусгай AI чипүүдийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой байна.
Сүүлийн үед Amazon өөрийн AI бүтээгдэхүүнүүдээр зах зээлд хангалттай анхаарал татаж чадаагүй ч дэд бүтцийн түвшинд, ялангуяа cloud болон тооцоолох хүчин чадлаар зах зээлд байр сууриа хадгалж байгаа. Энэ хүрээнд тус компани 2026 онд ойролцоогоор 200 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг AI хөгжүүлэлтэд чиглүүлэхээр төлөвлөж байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд
