Дайн үргэлжилж байгаа ч хөрөнгө оруулагчид тайвширч байна

Дайн үргэлжилж байгаа ч хөрөнгө оруулагчид тайвширч байна | Spacex IPO | АНУ гал зогсоох хугацааг сунгав | Урилга: VIBER суваг |

🪖Дайн үргэлжилж байгаа ч хөрөнгө оруулагчид тайвширч байна

Ирантай холбоотой зөрчил гарсны дараа унасан дэлхийн хөрөнгийн зах зээлүүд богино хугацаанд эргэн сэргэж, одоо бүр өмнөх түвшнээсээ давж шинэ дээд хэмжээнд хүрээд байна. Хөрөнгө оруулагчид эхэндээ дайн даамжирч, ялангуяа Ормузын хоолой хаагдаж нефтийн нийлүүлэлт доголдоно гэж айж байсан ч энэ айдас буурснаар зах зээл хурдан эргэж өссөн билээ. 

Хөрөнгө оруулагчид хамгийн муу хувилбар буюу нефтийн нийлүүлэлт тасалдах, дайн удаан үргэлжлэх эрсдэлийг бууруулж үнэлж эхэлсэн бөгөөд харин оронд нь эрчим хүчний нийлүүлэлт хэвийн болж, дипломат шийдэлд хүрнэ гэсэн хүлээлт давамгайлж байна.

Мөн технологийн салбар, ялангуяа хиймэл оюун ухаантай холбоотой өсөлтийн хүлээлт зах зээлийг хүчтэй дэмжиж байна. AI-ийн эрэлт өсөж, хөрөнгө оруулалтын орчин сайжирч байгаа нь хувьцааны зах зээлийн өсөлтийн гол шалтгаан болж байна.

Гэхдээ бүх зүйл бүрэн эерэг биш хэвээр байна. Гал зогсоох хэлэлцээр тогтворгүй, хэлэлцээ гацах шинжтэй байгаа тул зах зээл бага зэрэг буцаад савлах шинж илэрч эхэлсэн. 

⚪SpaceX IPO хийсний дараа ч Илон Маск хяналтаа хадгална

SpaceX IPO хийхээр бэлтгэж буйтай холбоотойгоор компанийн удирдлагын бүтэц, санхүүгийн үзүүлэлтүүд ил болсон бөгөөд үүсгэн байгуулагч Илон Маск болон дотоод удирдлагууд саналын эрхийн хяналтаа хадгалахаар төлөвлөж байна.

Компанийн танилцуулгад дурдсанаар, SpaceX нь dual-class хувьцааны бүтэц ашиглах бөгөөд дотоод эзэмшигчдийн Class B хувьцаа нь олон нийтийн хөрөнгө оруулагчдын Class A хувьцаанаас 10 дахин их саналын эрхтэй байх юм. Ингэснээр IPO-ийн дараа ч Маск компанийн стратегийн шийдвэрт давамгай нөлөөтэй хэвээр үлдэх юм.

SpaceX IPO-оор ойролцоогоор 75 тэрбум ам.доллар татан төвлөрүүлж, нийт үнэлгээг 1.75 их наяд ам.долларт хүргэх зорилт тавьсан нь хэрэгжвэл түүхэн дэх хамгийн том IPO болох боломжтой байна. IPO-ийн дараа Маск гүйцэтгэх захирал, техникийн захирал, мөн ТУЗ-ийн даргын албан тушаалаа үргэлжлүүлэн хаших юм.

Санхүүгийн үзүүлэлтүүдийн хувьд, компанийн 2025 оны орлого 18.67 тэрбум ам.долларт хүрсэн ч хиймэл оюуны дэд бүтцэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсний улмаас 4.94 тэрбум ам.долларын алдагдал хүлээжээ. Энэ алдагдлыг хиймэл дагуулын интернэт үйлчилгээ болох Starlink-ийн ашиг тодорхой хэмжээнд нөхөж байгаа аж.

Түүнчлэн SpaceX 2025 оны эцэст 24.8 тэрбум ам.долларын бэлэн мөнгөтэй, нийт 92 тэрбум ам.долларын хөрөнгө, 50.8 тэрбум ам.долларын өр төлбөртэй байна. Сүүлийн жилүүдэд хиймэл оюуны чиглэлд хөрөнгө оруулалт огцом өсч, зөвхөн энэ салбарт 12.7 тэрбум ам.доллар зарцуулсан нь компанийн нийт зардлын томоохон хэсгийг бүрдүүлж байна.

Иран хэлэлцээнд оролцохоос татгалзсаны дараа АНУ 🔥гал зогсоох хугацааг сунгав

Иран Пакистанд товлогдсон АНУ-тай хийх дараагийн шатны хэлэлцээнд оролцохгүй гэдгээ зуучлагч талуудаар дамжуулан мэдэгдсэн байна.Тегеран энэ шийдвэрээ хэд хэдэн шалтгаанаар тайлбарлажээ.

Нэгдүгээрт, Пакистаны зуучлалаар санал болгосон “10 заалттай” гал зогсоох төлөвлөгөө бодит байдал дээр хангалттай хэрэгжээгүй, “сул хэрэгжилттэй” гэж үзсэн байна. Хоёрдугаарт, АНУ-ын зүгээс Ираны боомтуудад тавьсан тэнгисийн бүслэлт болон Ормузын хоолой дахь хяналт, дарамт үргэлжилж байгаа нь гал зогсоох тохиролцооны үндсэн нөхцөлийг зөрчиж байна гэж дүгнэжээ.

Мөн Ираны тал АНУ энхийн хэлэлцээ хийх талаар ярьж байгаа ч цэргийн болон эдийн засгийн дарамтаа бууруулахгүй байгаа нь итгэлцлийг алдагдуулж, ийм нөхцөлд хэлэлцээ хийх нь “утгагүй” гэж үзсэн байна. Тиймээс энэ байр сууриа Пакистаны зуучлагчдаар дамжуулан Вашингтонд хүргүүлжээ.

Үүний дараа Доналд Трамп гал зогсоох хэлэлцээрийн хугацаа дуусахын өмнөхөн үүнийг тодорхойгүй хугацаагаар буюу Ираны талыг хэлэлцээ хийхэд бэлэн болох хүртэл сунгахаа мэдэгдсэн бөгөөд энэ шийдвэрийг Пакистаны талын хүсэлттэй холбон тайлбарласан байна. Гэсэн хэдий ч АНУ-ын зүгээс Ираны тэнгисийн бүслэлтийг үргэлжлүүлэх байр сууриа хэвээр хадгалж байгааг мөн онцолжээ.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд