AI-ийн эрэлт Хятадын технологийн экспортийн өсөлтийг хурдасгав

AI-ийн эрэлт | Tesla AI-руу чиглэсэн зардлаа огцом нэмэгдүүлэхээ зарлалаа | АНУ гал зогсоох хугацааг сунгасан ч сөргөлдөөн намжсангүй | Урилга: VIBER суваг |

⚙️AI-ийн эрэлт Хятадын технологийн экспортийн өсөлтийг хурдасгав

Хятадын технологийн экспорт сүүлийн жилүүдэд эрчимтэй өсөж, 2026 онд бүр илүү хурдацтай тэлж байна. Ялангуяа чипийн экспорт сүүлийн 12 сарын хугацаанд 43%-иар өсөж, 234 тэрбум ам.долларын дээд хэмжээнд хүрсэн байна. Сүүлийн 5 жилийн хугацаанд чипийн экспорт хоёр дахин нэмэгдсэн бол зөвхөн 2026 оны эхний улиралд гэхэд 77%-ийн огцом өсөлт бүртгэгджээ.

Үүний зэрэгцээ технологийн бүтээгдэхүүний экспорт 30%-иар, механик болон цахилгаан бараа бүтээгдэхүүн 20%-иар тус тус өссөн нь Хятадын үйлдвэрлэл, нийлүүлэлтийн чадавх улам бэхжиж байгааг харуулж байна.

Энэхүү өсөлтийн гол хөдөлгөгч хүчин зүйл нь дэлхий даяар эрчимжиж буй хиймэл оюуны хөрөнгө оруулалтын давалгаа юм. AI хөгжүүлэлтэд шаардлагатай чип, электрон эд ангийн эрэлт эрс нэмэгдэж, энэ зах зээлд Хятад гол нийлүүлэгчийн байр сууриа эзэлж байна.

Ингэснээр Хятадын технологийн экспортын “хөдөлгүүр” бүрэн хүчин чадлаараа ажиллаж, дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд илүү том байр суурь эзлэх хандлага ажиглагдаж байна.

📃 Tesla тайлангаа танилцуулж, AI-руу чиглэсэн зардлаа огцом нэмэгдүүлэхээ зарлалаа

Tesla компанийн 2026 оны эхний улиралд орлого, ашиг талаасаа зах зээлийн хүлээлтээс давсан гүйцэтгэл үзүүлсэн байна. Тухайлбал, эхний улиралд 22.39 тэрбум ам.долларын орлого, нэгж хувьцаанд 0.41 ам.долларын ашигтай ажиллаж, зардлын хяналт харьцангуй сайн байж компанийн хөрөнгө оруулалтын зардал ойролцоогоор 2.5 тэрбум ам.долларт хүрсэн байна. Мөн 1.44 тэрбум ам.долларын мөнгөн урсгал бүртгэсэн нь хүлээлтээс давсан үзүүлэлт байв.

Гэсэн хэдий ч энэ эерэг үзүүлэлтүүд зах зээлийн хүлээлтэд бүрэн хүрсэнгүй. Үүний гол шалтгаан нь компанийн цаашдын стратегитай холбоотой юм. Elon Musk Tesla-ийн хөрөнгө оруулалтыг огцом нэмэгдүүлж, 2026 онд AI, роботжуулалт болон чипний нийт хөрөнгө оруулалтыг 25 тэрбум ам.доллараас давуулах төлөвлөгөө танилцуулсан. Үүнээс шалтгаалан 2026 он дуустал сөрөг мөнгөн урсгалтай ажиллана гэдгийг анхааруулсан.

Энэхүү мэдэгдлийн дараа хувьцааны ханш огцом савлаж, тайлангийн үзүүлэлтийн нөлөөгөөр 5%-иар өссөн ч өндөр зардлын төлөвлөгөө зах зээлд болгоомжлол үүсгэснээр өсөлтөө буцаан алдсан байна.

Нөгөө талаас Tesla-ийн үндсэн бизнес болох автомашины салбар дарамтад орж байна. Борлуулалт жилийн дүнгээр 6.3%-иар өссөн ч зах зээл дээрх өрсөлдөөн (ялангуяа Хятадын үйлдвэрлэгчид) эрчимжиж байгаа юм.

Гэвч Tesla тогтвортой ашигтай ажиллах стратеги биш, харин асар их хөрөнгө зарцуулж ирээдүйн AI ба роботын зах зээлд давамгайлах зорилготой “урт хугацааны өндөр эрсдэлтэй өсөлтийн стратеги”-ийг сонгожээ.

АНУ гал зогсоох хугацааг сунгасан ч сөргөлдөөн намжсангүй

АНУ, Ираны хоорондын гал зогсоох тохиролцоо сунгагдсан хэдий ч хурцадмал байдал намжих бус улам гүнзгийрч, бодит нөхцөл байдал дээр сөргөлдөөн үргэлжилсээр байна. Доналд Трамп гал зогсоох хугацааг тодорхойгүйгээр сунгасан ч Ираны эсрэг далайн бүслэлтээ хэвээр хадгалж, харин Тегеран үүний хариуд Ормузын хоолойд хяналтаа чангатган, өнөөдрийн байдлаар хоёр ачааны хөлгийг саатуулсан нь нөхцөл байдлыг дахин хурцатгав.

Ираны парламентын дарга Mohammad Baqer Qalibaf гал зогсоох нь зөвхөн АНУ бүслэлтээ цуцалсан тохиолдолд утга учиртай байх боломжтой гэж мэдэгдсэн бол хоёр тал үндсэн асуудлууд болох цөмийн хөтөлбөр, далайн хяналтын талаар байр суурийн зөрүүтэй хэвээр байна. Үүний улмаас Пакистаны зуучлалаар зохион байгуулах гэж байсан хэлэлцээ ч ахицгүй хэвээр байна.

АНУ-ын зүгээс Азийн усан бүсэд Ираны дор хаяж гурван нефт тээвэрлэгчийг саатуулж, чиглэлийг нь өөрчилсөн ба АНУ-ын Төв командын мэдээлснээр одоогийн байдлаар бүслэлтийн хүрээнд нийт 29 хөлгийг буцаах эсвэл чиглэлийг өөрчлөх арга хэмжээ аваад байна.

Эдгээр үйл явдлууд нь гал зогсоох тохиролцоо цаасан дээр үргэлжилж байгаа ч бодит байдал дээр “хүйтэн сөргөлдөөн”-ий хэлбэрт шилжсэнийг харуулж байгаа бөгөөд талуудын хоорондын итгэлцэл сул, хэлэлцээ ойрын хугацаанд сэргэх эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

Хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй авч, гадаад арилжаанд оролцохыг хүсвэл 🌍манай VIBER cувагт нэгдээрэй!

📌 Санхүү, эдийн засгийн дүгнэлтүүд
📌 Хамгийн сүүлийн үеийн мэдээ, тайлбар
📌 Статистик, техник шинжилгээний аналитик тайлбар, дүгнэлтүүд