Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

Оройн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна. Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоодод төдийгүй хилийн чанадад Анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг хамгийн түрүүнд танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ :

Дотоодын эдийн засаг, хөрөнгийн зах зээл

  • Дотоодын зах зээлийн арилжааны мэдээлэл

  • Хөрөнгийн зах зээлийн онцлох 5 хувьцаа

  • Уул уурхайгаас хамаарсан гадагшлах урсгалтай орон

  • Монгол улсын гадаад өр хөгжиж буй орнуудаас 2-3 дахин өндөр байна

Олон Улсын эдийн засаг, хөрөнгийн зах зээл

  • DOW JONES INDUSTRIAL AVERAGE ИНДЕКС БАРАГ 500 НЭГЖЭЭР УНАЛАА

  • Баавгай зах зээл хэр удаан үргэлжлэх вэ?  Өмнөх хямралуудаас дүгнэлт гаргах нь.

Та бүхэнд дотоодын зах зээлийн арилжааны  мэдээллийг хүргэж байна

DOW JONES INDUSTRIAL AVERAGE ИНДЕКС БАРАГ 500 НЭГЖЭЭР УНАЛАА

Өчигдөр АНУ-ын ихэнх компаниудын хувьцаануудын ханш уналттай байлаа. Dow Jones Industrial Average индекс 491.27 нэгжээр буюу 1.56 хувиар унаж 30,946.99, S&P 500 индекс 2.01 хувиар унаж 3,821.55, Nasdaq индекс 3 хувиар унаж 11,181.54 хүрлээ.

Холбооны нөөцийн сан бодлогын хүүг удаа дараалан өсгөснөөр инфляцыг хяналтад оруулах ч эргээд хямралыг өдөөж байгаа нь таван сарын эдийн засгийн үзүүлэлтээр ажиглагдаж байна.

Таван сарын хэрэглэгчдийн итгэлийн индекс 103.2-оос 98.7 болж унасан. Independent Advisor Alliance-ийн хөрөнгө оруулалтын албаны дарга Крис Закарелли мэдэгдэхдээ "Яг одоо бид эдийн засгийн эргэлтийн цэг дээр байна. Бодит зарлага, эдийн засгийн үйл ажиллагаа эерэг хэвээр байгаа ч хэрэглэгчдийн итгэл үнэмшил, санхүүгийн нөхцөл байдал нь ирээдүйн эдийн засгийн удаашралыг харуулж байна. Хэрэв бид хямралаас зайлсхийж чадвал хувьцааны зах зээл бодитоор үнэлэгдэнэ. Харин хямралд орвол хөрөнгийн зах зээлийн уналт дуусах болоогүйн шинж юм" гэв.

Баавгай зах зээл хэр удаан үргэлжлэх вэ?  Өмнөх хямралуудаас дүгнэлт гаргах нь.

2022 оны 6 сарын 13-нд хөрөнгийн зах зээлийн уналт 20 хувь давснаар албан ёсоор баавгай зах зээлд орсон. Тэгвэл 1945 онд дэлхийн 2-р дайн дуусснаас хойш тохиолдсон 11 хямралыг харьцуулж үзэхэд дундаж баавгай зах зээл 16 сар үргэлжилж, 35.1 хувийн уналт үзүүлдэг байна.

Баавгай зах зээлийн уналттай хамрал давхцаагүй тохиолдолд 6 сар үргэлжилж 28.9 хувь унадаг. Харин эдийн засгийн хямрал давхцсан тохиолдолд 20 сар үргэлжилж 37.8 хувийн уналт үзүүлдэг байна.

Сонирхолтой нь баавгүй зах зээл ёроолоо авсны дараах 6 сард S&P500 27.4 хувь өсдөг бол 12 сарын дотор 43.4 хувийн өсөлт дундчилдаг байна.

Монгол улсын гадаад өр хөгжиж буй орнуудаас 2-3 дахин өндөр байна

Манай улсын гадаад өр 33.8 тэрбум ам.доллар хүрч ДНБ-н 224 хувьтай тэнцлээ. Тэгвэл засгийн газар 600 сая ам.долларын нэмэлт зээлийн санхүүжилт байнгын хороонд яригдаж буй нь олны шүүмжлэлийг дагуулаад байна. Өрийн задаргааг авч үзвэл:

  • Засгийн газрын гадаад өр 8.5 тэрбум ам.доллар

  • Монгол банкны өр 2.6 тэрбум ам.доллар (БНХАУ-н репо санхүүжилт)

  • Арилжааны банкуудын өр 1.6 тэрбум ам.доллар

  • Аж ахуйн нэгжүүдийн өр 21 тэрбум ам.доллар ("Оюутолгой"-н өр 12.5 тэрбум ам.доллар)

Сүүлийн 12 жилийн хугацаанд гадаад өрийн хэмжээ 4.5 дахин нэмэгдсэн. Зээл олголгчийн задаргааг харвал:

  • Азийн Хөгжлийн банк- 1.8 тэрбум ам.доллар

  • Дэлхийн банк - 800 сая ам.доллар байна.

  • Япон улс - 1.2 тэрум ам.доллар

  • БНХАУ- 1 тэрбум ам.доллар

  • БНСУ - 155 сая ам.доллар

  • Чингис бонд 137 сая ам.доллар

Төлөлт хүлээгдэж буй бондууд нь 2023 онд Гэрэгэ, 2024 онд Хуралдай, 2026 онд Номад байна. Загийн газрын хувьд төсвийн урсгал зардлаа танах байдлаар засгийн газрын өр төлбөрөө барагдуулах нь оновчтой. 

Уул уурхайгаас хамаарсан гадагшлах урсгалтай орон

Монгол улс нь уул уурхайн салбараас өндөр хамааралтай бөгөөд бусад бүтээгдэхүүний импортлогч орон. Сүүлийн 10 жилд дунджаар ДНБ-ий 17.3 хувьтай тэнцүү хэмжээний валютын алдагдлыг гаргасаар иржээ.

Засгийн газраас 2030 он гэхэд хүнсний зүйлээс гахай, тахианы махны импортын хамаарлыг 3 хувь хүртэл бууруулах боломжтой гэжээ. Харин валютын орох урсгалыг бүрдүүлэх зорилготой шинэ боомт, ачаа тээврийн төсөл хөтөлбөрүүд ирэх 3 жилийн хугацаанд 3.6 тэрбум ам.долларын гарах усргалыг бий болгоно гэж таамаглагдаж байна.