Марк Зукербергийн аюулгүй байдлыг хангах төсвийг нэмэгдүүлэв

Хүлээлт эвдсэн жижиглэн худалдаа | Model Y-г борлуулж дуусав | Roku-гийн сайн мэдээнүүд

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • Марк Зукербергийн аюулгүй байдлыг хангах төсвийг нэмэгдүүлэв | Meta Platforms Inc компаниас Марк Зукерберг болон түүний гэр бүлийн аюулгүй байдлын хангамжийг 4 сая ам.доллараар нэмэгдүүлж 14 сая ам.доллар болгосон гэж мэдэгдлээ.

  • АНУ-ын жижиглэн худалдаа 3 хувь өслөө | АНУ-ын жижиглэн худалдааны статистик мэдээ хүлээлтээс сайн гарсны учир S&P 500 индекс өсөлттэй хаагдлаа. Гэхдээ энэ нь бодлогын хүүг өсгөж болзошгүй нөхцөл байдал юм.

  • Тesla Model Y цахилгаан автомашины захиалга дүүрчээ | Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla Inc (NASDAQ:TSLA) Model Y загварынхаа энэ улирлын бүх нөөцийг борлуулж дууссан бөгөөд 4 дүгээр сар хүртэл үйлдвэрээс шинэ бүтээгдэхүүн гарахгүй гэлээ. 

  • Roku энэ улирлын орлогоо өөдрөгөөр харж байна | АНУ-ын хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн сарын инфляц өссөн ч, жилийн инфляц бага зэрэг бууралттай гарлаа.

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 0.9 хувиар буурч, 37662.97 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,797,229,502,019 төгрөг боллоо.

section break

CEO

Марк Зукербергийн аюулгүй байдлыг хангах төсвийг нэмэгдүүлэв

Meta Platforms Inc (NASDAQ:META) компаниас гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч Марк Зукерберг болон түүний гэр бүлийн аюулгүй байдлын хангамжийг 4 сая ам.доллараар нэмэгдүүлж 14 сая ам.доллар болгосон гэж мэдэгдлээ. 

"Зукербергийн одоогийн хамгаалалтын зардал, нөхцөл байдалтай уялдуулж төсвийг өсгөх зайлшгүй шаардлагатай байна" гэж Мета мэдэгдэлдээ дурджээ.

Зукерберг энэ жилийг "Үр ашгийн жил" болгон зарлаж, Facebook болон Instagram-ын олон мянган ажилтнаа цомхотгож, зардлаа танах төлөвлөгөө хэрэгжүүлж байгаа үетэй  түүний хамгаалалтыг сайжруулах арга хэмжээ нь давхцаж байгаа юм. 

Мета компани түүний өнгөрсөн жилийн цалингийн багцыг хараахан тайлагнаагүй байна. Өнгөрсөн долоо хоногт "Файнэншл таймс" сонинд мэдээлснээр Мета ажлын байраа цомхотгохоор бэлтгэж байгаа тул нэлээд хэдэн багийн төсөв эцэслэн батлагдаагүй байгаа гэжээ.

Марк Зукерберг нь эдүгээ 38 настай, Форбесын тэрбумтнуудын жагсаалтын 16 дугаарт бичигдэж байна. 

section break

ЭДИЙН ЗАСАГ

АНУ-ын жижиглэн худалдаа 3 хувь өслөө

АНУ-ын жижиглэн худалдааны статистик мэдээ хүлээлтээс сайн гарсны учир S&P 500 индекс өсөлттэй хаагдлаа. Гэхдээ энэ нь бодлогын хүүг өсгөж болзошгүй нөхцөл байдал үүсгэж байгаа тул хөрөнгө оруулагчид санаа зовж байна.  

Худалдааны яамнаас мэдээлсний дагуу жижиглэнгийн худалдаа нэгдүгээр сард 3 хувь өссөн бөгөөд үүний 1.8 хувийг нь бараа бүтээгдэхүүн болон моторт тээврийн хэрэгслийн борлуулалт эзэлжээ. 

Мягмар гарагт хэрэглээний үнийн индекс мөн хүлээлтээс өндөр гарснаар Холбооны Нөөцийн Санг бодлогын хүүг энэ жил багадаа хоёр удаа нэмэгдүүлж 5-5.25 хувьд хүргэнэ гэсэн хүлээлт зах зээлд бий болоод байгаа юм. 

S&P 500-д багтдаг компаниудын талаас илүү нь улирлын тайлангаа танилцуулаад байгаа бөгөөд тэдний бараг 70 хувийнх нь ашиг хүлээлтээс давсан болохыг тоон үзүүлэлт харуулж байгаа юм. 

Жижиглэн худалдааны мэдээ гарснаас хойш S&P 500 индекс 0.28 хувиар өсөж 4,147.61 нэгжид хүрчээ. Apple, Alphabet, Tesla компанийн хувьцаа 1.4 - 2.4 хувийн өсөлт үзүүлснээр S&P 500 индексийн өсөлтийг хошуучилжээ. 

section break

БИЗНЕС

Тesla Model Y цахилгаан автомашины захиалга дүүрчээ

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla Inc (NASDAQ:TSLA) Model Y загварынхаа энэ улирлын бүх нөөцийг борлуулж дууссан бөгөөд 4 дүгээр сар хүртэл үйлдвэрээс шинэ бүтээгдэхүүн гарахгүй гэлээ. 

Өнгөрсөн сард тус компани дэлхий даяар Model Y загварынхаа борлуулалтын үнийг 20 орчим хувиар бууруулсан юм. АНУ дахь уг загварын борлуулалтын үнэ л гэхэд 65,990 ам.доллараас буурч 52,990 ам.доллаар болсон аж. Үнийг бууруулсантай холбоотойгоор үйлдвэрийн хүчин чадлаас хоёр дахин их захиалга ирсэн гэж Гүйцэтгэх захирал Илон Маск өнгөрсөн сард болсон тайлангийн хурлын үеэр мэдэгдэж байсан юм. 

Гэхдээ хоёрдугаар сар гарснаас хойш компани борлуулалт өндөртэй байгаа тул загварын цахилгаан автомашины үнийг 1000 ам.доллараар нэмэгдүүлсэн байна. 

Өнгөрсөн сард мөн Герман дахь Model Y загварын захиалагчдын нийлүүлэлтийг 2-3 сар хүртэл хойшлуулж байгаагаа мэдэгдсэн билээ. 

section break

ӨСӨЛТ

Roku энэ улирлын орлогоо өөдрөгөөр харж байна

Стрийминг төхөөрөмж болон контент платформ хөгжүүлэгч Roku Inc (NASDAQ:ROKU)  нэгдүгээр улирлын орлого нь Уол Стрийтийн хүлээлтээс өндөр гарна гэж тооцоолж байгаа бөгөөд зардлаа хязгаарласаар байгаа тухайгаа мэдэгдлээ.   

Тэдний мэдэгдлийн араас биржийн дараах зах зээл дээр тус компанийн хувьцаа 20 хувь өссөн бөгөөд үүний араас дөрөвдүгээр улирлын орлого нь хүлээлтээс давж, идэвхтэй хэрэглэгчдийн тоо нь 16 хувиар өссөн мэдээ цацагдсанаар хувьцааны ханш дахин 10 хувийн өсөлт үзүүлжээ. 

Эхний улиралд тус компани 700 сая ам.долларын орлого олно гэж тооцоолж байгаа нь шинжээчдийн таамаглалаас даруй 1.3 хувиар өндөр байгаа юм. Өнгөрсөн улиралд шинжээчид тус компанийг 801.7 сая ам.долларын орлоготой ажилласан гэж таамаглаж байсан ч бодит гүйцэтгэл нь 867.1 сая ам.долларт хүрсэн байна.  

Ингэснээр тус компанийн нэгж хувьцаанд ногдох алдагдал 1.7 ам.доллар болсон бөгөөд хүлээгдэж байсан алдагдал болох 1.73 ам.доллараас бага гарчээ. 

Roku стрийминг сувагтаа өөрсдийн оригинал контентоо нэмэгдүүлснээр захиалагч болон сурталчилгаа нийлүүлэгчдийн тоо нэмэгдэж стрийминг үйлчилгээний ашиг орлого өссөн байна.    

"Дөрөвдүгээр улиралд компаниуд зар сурталчилгааны төсвөө бууруулсан ч Roku платформын зар сурталчилгааны орлого нь АНУ-ын нийт зар сурталчилгаа, уламжлалт телевизийн зах зээлтэй харьцуулахад сайн байлаа" гэж компанийн мэдэгдэлд дурджээ.

Roku-гийн хувьцаа 2022 онд үнэ цэнээ 30 гаруй хувиар алдсан боловч шинэ он гарснаас хойш 56 хувийн өсөлт үзүүлээд байна. Өчигдрийн биржийн арилжаагаар 12 хувийн өсөлттэй хаагджээ. 

section break

ДОТООДЫН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Монголын Хөрөнгийн Биржийн 2 сарын 15-ны өдрийн арилжааны мэдээ 

2023 оны 2 дугаар сарын 15-ны өдөр энгийн арилжаагаар 48 хувьцаат компанийн 384,415,138 төгрөгийн үнийн дүн бүхий 773,835 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсөж, 29 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Хамгийн их өсөлттэй:

  • "Хай би ойл" ХК (HBO +11.60%)

  • "Хөх ган" ХК (HGN +9.77%)

  • "Монгол Базальт" ХК (MBW +4.67%)

Хамгийн их бууралттай:

  • "Хархорин" ХК (HHN -12.50%)

  • "Женко тур бюро" ХК (JTB -9.59%)

  • "Бодь Даатгал" ХК (BODI -6.47%)

Өчигдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 16,183 ширхэг нэгж эрхийг 5,682,818 төгрөгөөр, багцын арилжаагаар 164,775 ширхэг үнэт цаасыг 802,920,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.9 хувиар буурч, 37662.97 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,797,229,502,019 төгрөг боллоо.

section break

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа

Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.

Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.

☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

section break

 Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!