Silicon Valley Bank-ны хувьцаа 60 хувь унав

Хүү өсөхөд алдагдалд орсон банк | Credit Suisse-ийн барцад | Төв банк ба газрын тос

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • Хүү өсөхөд алдагдал хүлээсэн банкны хувьцаа 60 хувь унав | SVB Financial 1.8 тэрбум ам.долларын цэвэр алдагдалтай ажилласнаа танилцуулж, 2.25 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаагаа худалдахаар болсноо зарласан юм. 

  • Credit Suisse тайлангийн танилцуулгаа хойшлууллаа | Credit Suisse өчигдөр жилийн тайлангаа танилцуулах ёстой байсан боловч АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооноос (SEC) сүүлийн мөчид дуудлага ирснээр тайлангийн хурлаа хойшлуулжээ.

  • Газрын тосны ханш 2 долоо хоногийн доод түвшинд хүрлээ | Брент болон WTI газрын тосны ханш сүүлийн 3 өдөрт 5-6 хувийн уналт үзүүлээд байна.

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 1.1 хувиар өсөж, 39,922.68 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 7,043,752,213,517 төгрөг боллоо.

section break

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Хүү өсөхөд алдагдал хүлээсэн банкны хувьцаа 60 хувь унав

Пүрэв гарагийн арилжаагаар индексүүд уналттай хаагдлаа. Dow Jones индекс 1.7 хувь буюу 543 нэгжээр, Nasdaq Composite 2 хувь, S&P 500 1.8 хувиар тус тус уналаа. 

Өчигдрийн хамгийн том уналтыг SVB Financial харуулж, үнэ цэнээ 60 хувь алдаад байна. Тус банк 1.8 тэрбум ам.долларын цэвэр алдагдалтай ажилласнаа танилцуулж, 2.25 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаагаа худалдахаар болсноо зарласан юм. 

Ихэнх банкны хувьд хүү өсөх нь сайнаар нөлөөлдөг бол SVB Financial-ийн хувьд эсрэгээрээ үйлчилдэг байна. Учир нь тус банкны татан төвлөрүүлсэн хөрөнгийн суурь нь хүүгийн мэдрэмж өндөртэй, худалдааны чиглэлийн үйлчлүүлэгчдийн хадгаламжаас бүрддэг аж. 

Энэхүү уналт нь бусад банкны хувьцаанд ч сөргөөр нөлөөлж, бондын өгөөжийн муруйг гүнгзгийрүүлэх томоохон дарамт болжээ. АНУ-ын засгийн газрын 2 жилийн хугацаатай бондын өгөөж өчигдрийн арилжаагаар 100 гаруй суурь нэгжээр өсөж 10 жилийн хугацаатай бондын өгөөжийг давсан нь 1981 оноос хойш ажиглагдаагүй үзэгдэл юм. Зарим шинжээч үүнийг хямралын бас нэгэн дохио гэж үзэж байна.

Мөн Bank of America Corp (NYSE:BAC), Wells Fargo & Company (NYSE:WFC), JPMorgan Chase & Co (NYSE:JPM) банкнуудын хувьцааны ханш бүгд 5 гаруй хувиар буурчээ. 

Өнөөдөр танилцуулагдах хөдөлмөр эрхлэлтийн талаарх статистик мэдээллийг зах зээл хүлээж байна. Уг мэдээлэл танилцуулагдсанаар бодлогын хүүгийн тухайд ХНС-гийн дараагийн шийдвэр ямар байхыг таамаглах боломжтой болох юм.    

section break

ӨСӨЛТ

Credit Suisse тайлангийн танилцуулгаа хойшлууллаа

Credit Suisse өчигдөр жилийн тайлангаа танилцуулах ёстой байсан боловч АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооноос (SEC) сүүлийн мөчид дуудлага ирснээр тайлангийн хурлаа хойшлуулжээ. Үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид өмнөх санхүүгийн тайланд эргэлзэж эхэлсэн байна. 

Хэд хэдэн удаагийн дуулиан шуугианы улмаас үйлчлүүлэгчид тэрбум, тэрбумаар нь татан авалт хийж, хувьцаа нь унаад байгаа тус банкыг харилцагчдынхаа итгэлийг олж авах ээлжит оролдлогыг нь SEC гэнэтийн оролцоогоороо бусниулж орхилоо хэмээн Reuters бичжээ. 

Уг үйл явдалтай холбоотойгоор Credit Suisse-ийн хувьцааны ханш Цюрихт 6 хувь унаж, бүх цаг үеийн хамгийн доод түвшиндээ дөхөж очсон ч эргэн сэргэж уналтынхаа ихэнх хэсгийг нөхөж чадсан байна. 

Цюрихт төвтэй банкны удирдлагууд уг үйл явдалтай холбоотойгоор "Зохицуулагч байгууллагаас тавьсан асуудлуудыг илүү тодорхой болгохын тулд тайлангийн танилцуулгаа хойшлуулах нь зүйтэй гэж үзлээ. Гэхдээ энэ нь 2022 оны санхүүгийн үзүүлэлтэд нөлөөлөхгүй" гэж мэдэгджээ. 

section break

БИЗНЕС

Газрын тосны ханш 2 долоо хоногийн доод түвшинд хүрлээ

АНУ-ын ХНС инфляцыг тогтворжуулахын тулд бодлогын хүүг ихээхэн нэмэгдүүлэх байр суурьтай байгаа нь хямралд хөтөлж, газрын тосны ирээдүйн эрэлтийг бууруулах магадлал нэмэгдэж буйтай холбоотойгоор Пүрэв гарагт газрын тосны ханш 1 хувь гаруйгаар суларч, 2 долоо хоногийн доод түвшинд хүрлээ.  

Инфляцыг бууруулах зорилтын хүрээнд АНУ-ын төв банк нь бодлогын хүүг хүчтэй нэмэгдүүлээд буй. Гэхдээ хүү өсөхийн хэрээр хэрэглэгчдийн зээлийн өртөг нэмэгдэж, эдийн засгийг удаашруулах нөлөө үзүүлдэг юм. 

Брент газрын тосны фьючерс 1.07 ам.доллар буюу 1.3 хувиар суларч 81.59 ам.доллар болсон нь 2 дугаар сарын 22-ноос хойш хүрсэн хамгийн доод үнэ болов. 

Мөн АНУ-ын WTI газрын тосны ханш 0.94 ам.доллар буюу 1.2 хувиар суларч 75.72 ам.доллар болсон нь 2 дугаар сарын 27-ноос хойш хүрсэн хамгийн доод үнэ болжээ. 

Газрын тосны зах зээлийн жишиг үнэ болох хоёр бүтээгдэхүүний ханш сүүлийн 3 өдөр дараалан буурч энэ хугацаанд WTI газрын тос 6 хувь, Брент газрын тос 5 хувиар тус тус сулраад байна.    

section break

ДОТООДЫН АРИЛЖАА

Монголын Хөрөнгийн Биржийн 3 сарын 9-ний өдрийн арилжааны мэдээ

2023 оны 3 дугаар сарын 9-ний өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 546,999,942 төгрөгийн үнийн дүн бүхий 7,548,855 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 25 компанийн хувьцааны ханш өсөж, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Хамгийн их өсөлттэй:

  • Тандэм инвэст ББСБ ХК (VIK +14.95%)

  • Могойн гол ХК (BDL +14.60%)

  • Булигаар ХК (MBG +14.21%)

Хамгийн их уналттай:

  • Ногоон хөгжил үндэсний нэгдэл ХК (JLT -8.94%)

  • Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -7.41%)

  • Айтүүлс ХК (ITLS -6.88%)

Өчигдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 14,615 ширхэг нэгж эрхийг 11,322,928 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 15 ширхэг үнэт цаасыг 1,500,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 1.1 хувиар өсөж, 39,922.68 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 7,043,752,213,517 төгрөг боллоо.

section break

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа

Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.

Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.

Хэрэв та гадаад арилжаанд оролцохоор сонирхож байгаа бол дараах холбоосоор орж, мэдээллээ бөглөнө үү.

-------------------------------------------------Гадаад арилжааны захиалга өгөх утас:

   ☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

АРИЛЖААНЫ ШИМТГЭЛ 1 ХУВЬ

section break

 Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!