МХБ 297.6 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

БНХАУ -ын ДНБ өсөлт | Европын Комисс Microsoft-ын талд уу? | Pfizer-ийн $30 тэрбумын нүүдэл

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • Монголын Хөрөнгийн бирж 297.6 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ | Монголын Хөрөнгийн Бирж 2022 оны үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа.

  • Газрын тосны ханш долоо хоногийг уналттай эхлүүллээ | Газрын тосны ханш Даваа гарагийг уналттай эхлүүллээ. Үүнд БНХАУ-ын ДНБ-ий өсөлт хүлээгдэж байснаас бага гарч, энэ онд Хятадын газрын тосны эрэлт сэргэнэ гэсэн найдлага эвдэгдсэн нь нөлөөлсөн юм.

  • Activision Blizzard болон Microsoft-ын нэгдлийг Европын Комисс зөвшөөрөх магадлалтай боллоо | Microsoft болон Activision Blizzard-ийн 69 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий нэгдэн нийлэх хэлцлийг Европын Комисс зөвшөөрөх магадлалтай байгааг Reuters мэдээллээ.

  • Pfizer 30 тэрбум ам.доллараар Seagen-ийг худалдан авах санал тавьжээ | Энэхүү мэдээ гарсны дараагаар Seagen-ий хувьцааны ханш 10 хувь өсөж, долоо хоногийг 12 хувийн өсөлттэй хаалаа.

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 2.65 хувиар буурч, 39,251.79 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,982,740,723,743 төгрөг боллоо.

section break

ТАЙЛАН

Монголын Хөрөнгийн бирж 297.6 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ

Монголын Хөрөнгийн Бирж 2022 оны үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Монголын Хөрөнгийн Бирж нь 2022 онд 4.2 тэрбум төгрөгийн орлого олж, 4.0 тэрбум төгрөгийн зардлыг санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрснөөр 297.6 сая төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллажээ.

Тайлант хугацаанд 696.5 сая төгрөгийн хуримтлагдсан өр төлбөрийг барагдуулан, Улсын төсөвт 734.6 сая төгрөгийн татвар, хураамжийг хуулийн хугацаанд бүрэн төлөв. Мөн 2021 оны оны ашгаас нийт 1.5 тэрбум төгрөгийн ногдол ашгийг улсын төсөвт төвлөрүүлсэн байна.

Үнэт цаасны арилжааны хувьд, 2022 оны өдрийн дундаж арилжаа 2.4 тэрбум төгрөгт хүрч, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ оны эцэст 6.89 их наяд төгрөг болж, түүхэн дээд хэмжээнд хүрлээ. Үүнд дотоодын хөрөнгө оруулалт идэвхжиж, иргэдийн хөрөнгө оруулах хандлагад томоохон өөрчлөлт гарсан нь ихээхэн нөлөөлсөн төдийгүй хөрөнгийн биржийн бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрөл нэмэгдсэн нь зах зээл өргөжин тэлэхэд томоохон түлхэц үзүүлсэн байна.

МХБ нь 2022 онд нийт хувьцааны 34 хувийг олон нийтэд санал болгон Нээлттэй хөрөнгийн бирж болсон нь байгууллагын чадавх, өрсөлдөх чадварыг сайжруулах, стратегийн зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхэд чухал үр нөлөө үзүүлж, улмаар дотоодын хөрөнгийн зах зээлийг олон улсын жишгийн дагуу хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх чухал үйл явдал болсон билээ.

section break

ТАВААР

Газрын тосны ханш долоо хоногийг уналттай эхлүүллээ

Газрын тосны ханш Даваа гарагийг уналттай эхлүүллээ. Үүнд БНХАУ-ын ДНБ-ий өсөлт хүлээгдэж байснаас бага гарч, энэ онд Хятадын газрын тосны эрэлт сэргэнэ гэсэн найдлага эвдэгдсэн нь нөлөөлсөн юм.

БНХАУ-ын засгийн газрын мэдээлснээр өнгөрсөн онд эдийн засгийн өсөлтийг 5 хувьд хүргэхээр зорьж байсан боловч 3 хувийн өсөлттэй гарчээ. Түүнчлэн дотоодын барааны эрэлт удаашрах төлөвтэй байна гэжээ.

Хэдийгээр цар тахлын дэглэмээ сулруулснаар тус улсын бизнесийн идэвхжил нэмэгдсэн болохыг зарим тоон үзүүлэлтүүд харуулж байгаа ч эдийн засгийн өсөлтийг нь түүхэн үзүүлэлттэй нь харьцуулахад удаан байгаа тул энэ жил газрын тосны эрэлтийг түүхэн дээд түвшинд хүрнэ гэсэн хүлээлт эвдэгдлээ.

Брент газрын тосны фьючерс ханш өнөө өглөө 0.9 хувь буурч баррель нь 85.27 ам.доллар болсон бол WTI газрын тосны фьючерс 0.6 хувь буурч 79.17 ам.доллар болжээ.

Энэ долоо хоногийн Мягмар гарагт ХНС-гийн тэргүүн Жером Пауэлл мэдээлэл хийх товтой байгаа бөгөөд уг мэдээллээс энэ онд бодлогын хүү хэрхэх талаар илүү тодорхой болохоор хүлээгдэж байна.

section break

БИЗНЕС

Activision Blizzard болон Microsoft-ын нэгдлийг Европын Комисс зөвшөөрөх магадлалтай боллоо

Microsoft (NASDAQ:MSFT) болон Activision Blizzard (NASDAQ:ATVI)-ийн 69 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий нэгдэн нийлэх хэлцлийг Европын Комисс зөвшөөрөх магадлалтай байгааг Reuters мэдээллээ. Учир нь хэлцэл баталгаажсаны дараа өрсөлдөгчдөдөө лицензийн гэрээг санал болгоно гэж компани мэдэгдсэн байна.

Microsoft нь Activision Blizzard-ыг 69 тэрбум ам.доллараар худалдан авах хэлэлцээр амжилттай болсон боловч АНУ-ын Санхүүгийн зохицуулах хороо (SEC), Европын Комиссоос видео тоглоомын төхөөрөмж бүтээгчдийн бизнесийн өрсөлдөөнийг боомилох магадлалтай гэсэн шалтгааны улмаас хэлэлцээрт хориг тавиад байгаа юм.

Европын Комиссын уг хэлцлийг 4 дүгээр сарын 25-нд хэлэлцэж шийдэх тов гараад буй. Лицензийн гэрээнээс гадна, Sony-гоос бусад компанийн гаргасан гомдлыг шийдвэрлэхэд нэмэлт арга хэмжээ авах шаардлагатай болж магадгүй гэж зарим эх сурвалж мэдээлжээ. Өөрөөр хэлбэл нэгдсэн компаниудын ирээдүйн харилцааг хэрхэн зохицуулах асуудлуудыг нарийн тодорхой болгох шаардлагатай байгаа аж.

Энэхүү мэдээ гарсны дараагаар буюу Activision Blizzard-ын хувьцааны ханш 2 хувь өсөж өнгөрсөн долоо хоногийг 3 хувийн өсөлттэйгөөр хаалаа.

section break

M&A

Pfizer 30 тэрбум ам.доллараар Seagen-ийг худалдан авах санал тавьжээ

Ковид-19 вакцин үйлдвэрлэгч Pfizer (NYSE:PFE) компани Seagen (NASDAQ:SGEN)-ийг 30 тэрбум ам.доллараар худалдан авах хэлцлийг эхлүүлжээ.

Энэхүү мэдээ гарсны дараагаар Seagen-ий хувьцааны ханш 10 хувь өсөж, долоо хоногийг 12 хувийн өсөлттэй хаалаа.

Хэлэлцээ эхний шатандаа явж байгаа тул худалдан авалт амжилттай болно гэсэн баталгаа байхгүйг Wall Street Journal тодотгожээ. Талууд харилцан тохиролцоонд хүрлээ ч монополийн эсрэг эрх зүйн зохицуулалтын хүрээнд эрх бүхий байгууллагуудаас тодорхой зөвшөөрөл авах шаардлагатай болдог юм.

Seagen нь өнгөрсөн жил Pfizer-ийн өрсөлдөгч компани Merck (NYSE:MRK)-тэй нэгдэн нийлэх хэлэлцээ эхлүүлсэн боловч талууд албан ёсоор тохиролцоонд хүрч чадаагүй юм.

section break

ДОТООДЫН АРИЛЖАА

Монголын Хөрөнгийн Биржийн 3 сарын 3-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 3 дугаар сарын 3-ны өдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 1,239,888,079 төгрөгийн үнийн дүн бүхий 12,341,017 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсөж, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.

Хамгийн их өсөлттэй:

  • "Багануур" ХК (BAN +14.84%)

  • "Бэрх Уул" ХК (BEU +11.43%)

  • "Таван толгой ХК (TTL +4.55%)

Хамгийн их бууралттай:

  • "Богд Банк" ХК (BOGD -8.52%)

  • "Монголын цахилгаан холбоо" ХК (MCH -7.69%)

  • "Айтүүлс" ХК (ITLS -6.86%)

Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 9,112 ширхэг нэгж эрхийг 2,063,466 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 2,041 ширхэг бондыг 204,080,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 1.02 хувиар өсөж, 39,653.69 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 7,016,411,104,840 төгрөг боллоо.

section break

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа

Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.

Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.

Хэрэв та гадаад арилжаанд оролцохоор сонирхож байгаа бол дараах холбоосоор орж, мэдээллээ бөглөнө үү.

-------------------------------------------------Гадаад арилжааны захиалга өгөх утас:

☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

АРИЛЖААНЫ ШИМТГЭЛ 1 ХУВЬ

section break

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!