- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Ам.долларын 4 сар дараалсан уналт зогслоо
Ам.долларын 4 сар дараалсан уналт зогслоо
Rivian-д учирсан асуудал | Novavax-ийн уналт | Теслагийн шинэ үйлдвэр

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Ам.долларын 4 сар дараалсан уналт зогслоо | Ам.долларын индекс 2 дугаар сард 2.7 хувийн өсөлт үзүүлээд байна.
Rivian үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө буурууллаа | Энэ онд ханган нийлүүлэлт муу байх төлөвтэй байгаа тул Rivian Automotive Inc 2023 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө буурууллаа. Мөн 12,700 гаруй тээврийн хэрэгслээ зах зээлээс эргүүлэн татахаар болжээ.
Novavax-ийн хувьцаа 25 хувь суларлаа | Novavax Inc бизнесээ зогсоож болзошгүй нөхцөл байдал үүсэж, намрын вакцинжуулалтын кампанит ажилд бэлтгэхийн тулд зардлаа бууруулах төлөвлөгөөгөө танилцууллаа.
Тесла компани Мексикт 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ | Тесла компаниас дэлгэрэнгүй мэдээллийг өнөөдөр өгнө гэж Мексикийн засгийн газар мэдэгджээ.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 461,802,028 төгрөгийн үнийн дүн бүхий 699,059 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 26 компанийн хувьцааны ханш өсөж, 20 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

ФОРЕКС
Ам.долларын 4 сар дараалсан уналт зогслоо
Мягмар гарагийн арилжааны дүнд ам.долларын ханш томоохон валютуудын эсрэг өслөө. Ам.долларын индекс арилжааны идэвхтэй цагаар 0.22 хувь өсөж 104.88 нэгжид хүрчээ. Ингэснээр сарын хугацаанд 2.7 хувийн өсөлт үзүүлээд байна.

Инфляцын дарамт өндөр хэвээр байгаа тул бодлогын хүү тодорхой хугацаанд өснө гэсэн хүлээлт зах зээлд бий болсноор 2 дугаар сарын туршид ам.доллар бусад валютын эсрэг чангарлаа. Үндсэндээ 9 дүгээр сараас хойш ам.доллар нэг ч удаа өсөлттэйгөөр сарыг дуусгаагүй байсан юм.
1 дүгээр сарын ажил эрхлэлтийн тайлан гэх мэт сүүлийн үеийн статистик тоо баримтууд сайн гарснаар инфляцыг бууруулахын тулд ХНС бодлогын хүүг илүү урт хугацаанд өсгөх магадлалтай гэж шинжээчид харж байгаа юм.
ХНС бодлогын хүүг есдүгээр сард 5.4 хувьд хүргэх магадлалтай нь АНУ-ын хүүгийн фьючерс зах зээлээс харагдаж байгаа бөгөөд одоогоор бодлогын хүү 4.5-4.75 хувийн зорилтот түвшинд байгаа юм.
Харин мягмар гарагт, бодлогын хүүгийн өсөлт нь эдийн засгийн халууныг бууруулж байгааг илтгэх мэдээнүүд гарснаар ам.долларын өсөлтийн боломжийг хязгаарлаж магадгүй байна.
Тухайлбал, АНУ-ын хэрэглэгчдийн итгэлийн индекс хоёрдугаар сард гэнэтийн уналтанд орж, нэгдүгээр сард 106 байсан бол 102.9 болж буурчээ. Ройтерс агентлагийн санал асуулгад оролцсон эдийн засагчид энэ индексийг 108.5 гарна гэж таамаглаж байсан юм.
Мөн АНУ-ын амины орон сууцны үнийн өсөлтийн 12 дугаар сарын мэдээ гарчээ. Тухайн сарын үнийн өсөлт нь 2020 оны дунд үеэс хойших хамгийн бага өсөлт болоод байна. "S&P CoreLogic Case Shiller" орон сууцны үнийн индекс өмнөх оны мөн үеэс 5.8 хувиар өссөн байна.
Энэ нөхцөл байдалд ХНС-гийн дараагийн нүүдлийг таамаглахад чухал мэдээ болох ажил эрхлэлтийн тайлан 3 дугаар сарын 10-нд, инфляцын тайлан 3 дугаар сарын 14-нд тус тус танилцуулагдах юм.

БИЗНЕС
Rivian үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө буурууллаа
Энэ онд ханган нийлүүлэлт муу байх төлөвтэй байгаа тул Rivian Automotive Inc 2023 оны үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө бууруулж, шинжээчдийн таамаглаж байснаас хавьгүй доогуур тогтоолоо. Мөн 12,700 гаруй тээврийн хэрэгслээ зах зээлээс эргүүлэн татахаар болжээ. Эдгээр мэдээтэй холбоотойгоор хувьцааных нь ханш 8 гаруй хувиар буураад байна.

Тус компани 2021 оны 11 дүгээр сард олон нийтэд нээлттэй болсноос хойш гурав дахь удаагаа борлуулсан автомашинаа эргүүлэн татаж буй нь энэ. Эдгээр нь бүгд урд суудлын суудлын бүсний систем дэх мэдрэгчтэй холбоотой асуудлаас үүдэлтэй юм. Гэсэн хэдий ч 100 хүрэхгүй тээврийн хэрэгсэлд уг хэсгийг солих шаардлагатай гэж тус компани тооцоолжээ.
Харин эргүүлэн татахад шаардагдах зардлын тооцоог хараахан мэдээлсэнгүй.
Зөвхөн тус компани гэлтгүй автомашин үйлдвэрлэлийн салбар даяараа COVID-19 тахлын үеийн хөл хорионоос улбаалсан ханган нийлүүлэлтийн хомстолд ороод буй.
"Бид үйлдвэрийг бүх шугамыг олон ээлжээр, бүрэн гүйцэт ашиглахыг хүсэж байгаа ч, тийм боломж алга. Ханган нийлүүлэлт бидний хамгийн том асуудал болоод байна" гэж гүйцэтгэх захирал R.J. Scaringe ярьжээ.
Rivian мягмар гарагт хувьцаа эзэмшигчдэдээ бичсэн захидалдаа ханган нийлүүлэлтийн сүлжээнд үүсээд буй бэрхшээлүүд 2023 оныг дуустал үргэлжилнэ гэж харж байгаагаа дурдсан байна.
Тус компани энэ жил 50,000 машин үйлдвэрлэх зорилт тавьжээ. Visible Alpha-ийн шинжээчид тус компанийг 67,170 машин үйлдвэрлэнэ гэж тооцоолж байсан юм.
Биржийн дараах арилжаагаар Rivian-ий хувьцаа 8.4 хувиар буурч 17.68 ам.доллар болжээ.

УНАЛТ
Novavax-ийн хувьцаа 25 хувь суларлаа
COVID-19 вакцин үйлдвэрлэгч Novavax Inc (NASDAQ: NVAX) бизнесээ зогсоож болзошгүй нөхцөл байдал үүсэж, намрын вакцинжуулалтын кампанит ажилд бэлтгэхийн тулд зардлаа бууруулах төлөвлөгөөгөө танилцуулснаар хувьцааны ханш нь 25 гаруй хувиар унаад байна.

АНУ-ын засгийн газар Novavax-тай байгуулсан гэрээгээ 2023 оны 12 дугаар сараас цааш сунгахгүй гэсэн тул гэрээний үлдэгдэл 416 сая ам.долларыг бүгдийг авахгүй байх магадлалтай гэж тус компаниас мэдэгджээ.
Novavax мөн дэлхийн вакцины эвсэл Gavi-тай хийсэн арбитрын шүүхэд ялагдвал тус байгууллагаас авсан 700 орчим сая ам.долларыг бүхэлд нь буюу хэсэгчлэн буцаан олгох шаардлагатай болно.
Дээрх шалтгаануудын улмаас 2023 оны орлого хүлээлт ихээхэн тодорхойгүй байгааг компани мэдэгдлээ.
Тус компанийг дөрөвдүгээр улиралд 383 сая ам.долларын борлуулалтын орлого олно гэж шинжээчид таамаглаж байсан боловч бодит гүйцэтгэл 357 сая ам.доллар байлаа. Ингэснээр 182 сая ам.долларын алдагдал хүлээж, нэгж хувьцаанд ногдох алдагдал 2.28 ам.доллар болжээ.
Мягмар гаригт Novavax-ийн хувьцаа 9.26 ам.доллар дээр хаагдсан бөгөөд санхүүгийн нөхцөл байдлаа танилцуулсны дараа буюу биржийн дараах арилжаагаар 6.90 ам.доллар болж буурчээ.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
Тесла компани Мексикт 5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ
Tesla Inc Мексик улсад 5 тэрбум ам.долларын өртөг бүхий шинэ үйлдвэр барихаар болсон тухай тус улсын Ерөнхийлөгч мэдэгдлээ.

Ерөнхийлөгч Andres Manuel Lopez Obrador хэлэхдээ "Тесла компани тэр чигтээ Мексикт ирж, автомашины "маш том" үйлдвэр барина" хэмээсэн бөгөөд гэхдээ энэхүү хөрөнгө оруулалтын хэлэлцээр нь хараахан дуусаагүй байгааг тодотгосон байна. Мөн ямар загварын автомашины үйлдвэр байхыг дурдаагүй аж.
Гэхдээ, Мексикийн засгийн газрын төлөөлөгчийн хэлснээр энэхүү үйлдвэр нь бага оврын ачааны машин, Roadster спорт машин болон бусад боломжит машинуудыг үйлдвэрлэх боломжтой "gigafactory" байна гэжээ. Харин өөр нэгэн эх сурвалж, уг үйлдвэрт SUV төрлийн машинуудыг үйлдвэрлэнэ гэсэн байна.
Тесла компаниас дэлгэрэнгүй мэдээллийг Лхагва гарагт өгөх болно гэж Мексикийн засгийн газраас мэдэгджээ.

ДОТООДЫН АРИЛЖАА
Монголын Хөрөнгийн Биржийн 2 сарын 28-ны өдрийн арилжааны мэдээ

Өчигдөр энгийн арилжаагаар 39 хувьцаат компанийн 261,687,942 төгрөгийн үнийн дүн бүхий 484,836 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсөж, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
"Мерекс" ХК (MRX +14.50%)
"Сор" ХК (SOR +10.00%)
"Айтүүлс" ХК (ITLS +9.61%)
Хамгийн их бууралттай:
"Монгол шуудан" ХК (MNP -6.86%)
"Крипто Үндэстэн" ХК (CNF -5.40%)
"Мон Бийф" ХК (MBF -5.35%)
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 16,883 ширхэг нэгж эрхийг 7,053,275 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 374 ширхэг бондыг 36,098,600 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 1,542 ширхэг үнэт цаасыг 154,200,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.14 хувиар өсөж, 40,386.51 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,990,029,031,104 төгрөг боллоо.

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа
Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.
Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.
Хэрэв та гадаад арилжаанд оролцохоор сонирхож байгаа бол дараах холбоосоор орж, мэдээллээ бөглөнө үү - https://forms.gle/qkCVo5Yv1mCNoaPaA
-------------------------------------------------
Гадаад арилжааны захиалга өгөх утас
☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530
АРИЛЖААНЫ ШИМТГЭЛ 1 ХУВЬ

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
