- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Төрийн Банк нэгж хувьцаанд 63.68 төгрөгийн ногдол ашиг тараана
Төрийн Банк нэгж хувьцаанд 63.68 төгрөгийн ногдол ашиг тараана
Nvidia-гийн ноёрхол | Модернагийн гутранги хүлээлт | Алтны "хямдрал"

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Төрийн Банк ХК ногдол ашиг тараана | Төрийн Банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар 2022 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 63.68 төгрөг тооцон ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ.
Хиймэл оюун ухааны сэргэлт Nvidia-гийн хувьцааг үнэд хүргэв | Компанийн хувьцааны ханш өчигдрийн арилжаагаар 14 хувь өсөж 236.7 ам.долларт хүрчээ.
Модернагийн борлуулалт буурах хүлээлтийн улмаас хувьцаа нь уналаа | Тус компаниас гаргасан төсөөллөөр, 2023 онд зардал нь 6 тэрбум ам.долларт хүрэх бол, үүнээс даруй 1 тэрбум ам.доллараар бага орлого олох аж.
Алтны ханш 4 долоо хоног дараалан буурч байна | Алтны ханш өнөөдөр бага зэргийн сэргэлт үзүүлсэн ч 4 долоо хоног дараалан уналттай хаагдахаар хүлээгдэж байна.

ӨГӨӨЖ
Төрийн банк ХК ногдол ашиг тараана
Төрийн Банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар 2022 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 63.68 төгрөг тооцон ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тогтоож, ногдол ашгийг эрх бүхий байгууллагын шийдвэр ирснээс хойш 60 хоногийн дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна

ӨСӨЛТ
Nvidia-гийн хувьцаа 14 хувь өслөө
Хиймэл оюун ухаан хүчээ авч байгаа энэ үед Nvidia Corp (NASDAQ:NVDA) хамгийн том өсөлтийг үзүүлэхээр байна.
Өсөлт нь удааширч, салбараараа томоохон цомхотгол хийх болсон технологийн салбарт хиймэл оюун ухаан нь хөрөнгө оруулалт татах шинэ найдвар болоод байна. Хөрөнгө оруулагчдын сонирхол эргэн сэргэж байгаа нь Nvidia-гийн сүүлийн улирлын тайлангаас харагдаж, хүлээгдэж байснаас сайн үр дүнтэй байна.

Компани лхагва гарагт энэ улиралд 6.5 тэрбум ам.долларын орлого олохоор хүлээгдэж байгаагаа танилцуулсан нь шинжээчдийн хүлээлт болох 6.33 тэрбум ам.доллараас өндөр дүн юм.
Тодруулбал, тус компанийн 1 сарын 29-нд тасалбар болгосон улирлын орлого нь 6.05 тэрбум ам.долларт хүрчээ. Энэ нь мөн л шинжээчдийн хүлээлт болох 6.01 тэрбум ам.долларыг давсан гүйцэтгэл байв. "Сүүлийн 60 хоногт чатбод зэрэг хиймэл оюун ухааны үйлчилгээнд манай чипийг ашиглах нь нэмэгдэж, оргилдоо хүрсэн" хэмээн Гүйцэтгэх захирал Jensen Huang тайлангаа тавих үеэрээ мэдэгдсэн байна.
Компанийн хувьцааны ханш өчигдрийн арилжаагаар 14 хувь өсөж 236.7 ам.долларт хүрчээ. Он гарснаас хойш тус компанийн хувьцаа 60 гаруй хувиар өсөөд байна.
Nvidia нь компьютерийн тоглоомын видео дүрслэлийг илүү нарийвчлалтай харуулах чип үйлдвэрлэж бизнесээ эхлүүлсэн бөгөөд крипто валютын давалгааны үеэр олборлолтод ихээхэн ашиглагдсан нь компанийн орлогыг дэмжсэн бол дараагийн том орлогын эх үүсвэр нь хиймэл оюун ухаан болохоор байна.
Хувьцааных нь ханш өссөнөөр компанийн зах зээлийн үнэлгээ 70 тэрбум гаруй ам.доллараар нэмэгдэж 580 тэрбум ам.долларт хүрсэн нь томоохон өрсөлдөгч Intel-тэй харьцуулахад тав дахин өндөр дүн юм. Ингэснээр АНУ-ын долоо дахь том хувьцаат компани болж байна.

УНАЛТ
Модернагийн борлуулалт буурах хүлээлтийн улмаас хувьцаа нь уналаа
Moderna Inc (NASDAQ:MRNA) 2023 оны урьдчилсан төсөөллөө танилцуулснаар, Ковид-19 вакцины борлуулалт буурч, зардал нэмэгдэхээр байгаа бөгөөд алдагдалтай ажиллахаар байна. Ингэснээр тус компанийн хувьцаа 7 хувь сулраад байна.

Тэдний төсөөллөөр, зардал 6 тэрбум ам.долларт хүрэхээр байгаа бол орлого нь үүнээс даруй 1 тэрбум ам.доллараар бага байх аж.
Гэсэн ч энэ жил нэмэлтээр Ковид-19 вакцины нийлүүлэлтийн гэрээ байгуулах боломж Модернад байгаа нь мөнгөний орох урсгалыг нэмэгдүүлэх магадлалтай гэдгийг Jefferies-ийн шинжээч Michael Yee тэмдэглэжээ. Тус компани АНУ, Европ, Японы зах зээлд нэмж вакцин нийлүүлэх асуудал ид яригдаж байгаа юм.
Түүнчлэн компанийн дөрөвдүгээр улирлын орлого хөрөнгө оруулагчдын хүлээлтэд хүрсэнгүй. Нэгж хувьцаанд ногдох ашиг шинжээчдийн таамаглаж байсан дүн 4.68 ам.доллараас нэлээд бага буюу 3.61 ам.доллар гарсан байна.
Энэ нь тус компани саяхнаас АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн институт (NIH)-д тодорхой хувиар нөөц ашигласны төлбөр төлөх ёстой болсонтой холбоотой аж.

ҮНЭТ МЕТАЛ
Алтны ханш 4 долоо хоног дараалан буурч байна
Алтны ханш өнөөдөр бага зэргийн сэргэлт үзүүлсэн ч 4 долоо хоног дараалан уналттай хаагдахаар хүлээгдэж байна.

АНУ-ын ДНБ-ий өсөлт 4 дүгээр улиралд бага зэрэг бууралттай гарсан нь мөнгөний хатуу бодлого нь эдийн засагт бодож байснаас хүчтэй нөлөөлж байгааг харуулж буй юм. Эдийн засгийн нөхцөл боломж бага байгаа тул ХНС цаашид хүүг өсгөхгүй гэсэн хүлээлт нэмэгдсэнээр шар металын ханш бага зэрэг тогтворжоод байна.
Алтны спот ханш өнөө өглөө 0.1 өсөж 1,823.84 ам.доллар хүрсэн бол фьючерс 0.2 хувь өсөж 1,831.15 ам.доллар болжээ. Гэсэн ч спот болон фьючерс ханш энэ долоо хоногт 0.5 болон 0.8 хувиар сулраад байна.
Энэ долоо хоногт ХНС-ийн хэд хэдэн төлөөлөгч бодлогын хүүг нэмж өсгөхийг дэмжиж буйгаа илэрхийлж, зарим нь ирэх саруудад өсөлтийн хурдыг нэмэгдүүлэх шаардлагатай гэв. ХНС-ийн 2-р сарын хурлын тэмдэглэлээс харахад ихэнх албан тушаалтан бодлогын хүүг өсгөхийг дэмжиж байна. Энэ нь үнэт металын үнийн өсөлтийг хязгаарлаж буй юм.
Бусад үнэт металын хувьд ханш тогтвортой байлаа. Мөнгө болон цагаан алтны фьючерс өнөөдөр 0.1 хувиас бага өсөж, буурлаа. Гэхдээ цагаан алтны хувьд энэ долоо хоногт 3 хувийн өсөлт үзүүлж, 6 долоо хоног дараалсан уналтаа зогсоогоод байна.

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа
Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.
Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.
Хэрэв та гадаад арилжаанд оролцохоор сонирхож байгаа бол дараах холбоосоор орж, мэдээллээ бөглөнө үү - https://forms.gle/qkCVo5Yv1mCNoaPaA
-------------------------------------------------
Гадаад арилжааны захиалга өгөх утас
☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530
АРИЛЖААНЫШИМТГЭЛ 1 ХУВЬ

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
