Эрхэм та элгэн садан, ураг төрлөөрөө сайхан шинэлээрэй!

Монос Хүнсийн ногдол ашиг | Мета төлбөртэй болно | Алт ба хүү | Twilio хувьцаагаа буцаан худалдан авна

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • Монос Хүнс ХК ногдол ашиг тараахаар боллоо | 2022 оны жилийн эцсийн цэвэр ашгийн 30 хувь болох 981 сая төгрөг буюу нэгж хувьцаанд 2.4 төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ.

  • Метагийн платформууд төлбөртэй болно | Meta Platforms компани сошиал платформууд дээрээ Meta Verified хэмээх төлбөртэй үйлчилгээг туршиж байгаагаа мэдэгдлээ.

  • Алтны ханш 6 долоо хоногийн доод түвшинд хүрэв | Алтны ханш сүүлийн 6 долоо хоногийн доод түвшинд тогтворжиж, арилжаанд оролцогчид Холбооны Нөөцийн Сангийн хоёрдугаар сарын хурлын тэмдэглэл, АНУ-ын мөнгөний бодлогын талаарх шинэ мэдээллийг хүлээж байна.

  • Twilio 1 тэрбум ам.доллараар хувьцаагаа буцаан худалдан авна | Twilio (NYSE:TWLO) 1 тэрбум ам.доллараар А зэрэглэлийн хувьцаануудаа буцаан худалдан авахаа мэдэгдлээ.

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 0.22 хувиар өсөж, 38,000.82 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,818,434,501,700 төгрөг боллоо.

section break

Буянт буурлуудын минь ерөөл бат оршиж, буян хишиг нь арвижих болтугайБагачуудын минь нүд цогтой гялалзаж, үйлс бүхэн нь тэгшрэх болтугайАхан дүүсийн минь ураг батжиж, удмын хэлхээ мөнх болтугайАлтан нарны сүүн цацраг айл бүхэнд аз жаргалын гэгээг түгээх болтугай!

Голомт Капитал ҮЦК энэ долоо хоногт дараах цагийн хуваарийн дагуу ажиллана:

  • 2023.02.20-ны Даваа гарагт 09:00-14:00 цагийн хооронд,

  • 2023.02.24-ний Баасан гарагт 09:00-18:00 цагийн хооронд.

Эрхэм та элгэн садан, ураг төрлөөрөө сайхан шинэлээрэй!

section break

ӨГӨӨЖ

МОНОС ХҮНС ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО

Монос Хүнс ХК-ийн ТУЗ-ийн 2023 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн хурлаар 2022 оны жилийн эцсийн цэвэр ашгийн 30 хувь болох 981 сая төгрөг буюу нэгж хувьцаанд 2.4 төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тогтоож, ногдол ашгийг Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв ТӨХХК-аар дамжуулан 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

section break

БИЗНЕС

Метагийн платформууд төлбөртэй болно

Meta Platforms компани сошиал платформууд дээрээ Meta Verified хэмээх төлбөртэй үйлчилгээг туршиж байгаагаа мэдэгдлээ. Хэрэглэгчид энэхүү үйлчилгээг авснаар иргэний үнэмлэхээрээ баталгаажуулж, баталгаажсан цэнхэр тэмдэглэгээтэй болох бөгөөд энэ нь контент бүтээгчдэд хүртээмжээ тэлэхэд нь тус болно хэмээн үзэж буй аж.

Төлбөрт үйлчилгээг энэ долоо хоногийн сүүлээр нэвтрүүлж эхлэх бөгөөд үнийн хувьд сарын төлбөр нь веб дээр 11.99 ам.доллар, Аpple-ийн IOS болон Android үйлдлийн систем дээр 14.99 ам.доллар гэжээ.

Хамгийн түрүүнд Австрали, Шинэ Зеланд улсад нэвтрүүлж, бусад улс оронд үе шаттайгаар нэвтрүүлэхээр төлөвлөж буй аж.

section break

ҮНЭТ МЕТАЛ

Алтны ханш 6 долоо хоногийн доод түвшинд хүрэв

Алтны ханш сүүлийн 6 долоо хоногийн доод түвшинд тогтворжиж, арилжаанд оролцогчид Холбооны Нөөцийн Сангийн хоёрдугаар сарын хурлын тэмдэглэл, АНУ-ын мөнгөний бодлогын талаарх шинэ мэдээллийг хүлээж байна.

Алтны ханш энэ оны эхээр есөн сарын оройн цэгтээ хүрсэн ч, инфляц өндөр, АНУ-ын хөдөлмөрийн зах зээл хүчтэй байгааг илтгэх статистик мэдээтэй холбоотойгоор ХНС бодлогын хүүг нэмэгдүүлж болзошгүй нөхцөл бүрдэж байгаа тул сүүлийн гурван долоо хоногийн турш эрчтэй суларч байна.

Энэ жил бодлогын хүүг хэр нэмэгдүүлэх тал дээр шинжээчдийн хүлээлт ихээхэн зөрүүтэй байгаа бөгөөд зарим нь 6 хувь давна гэж үзэж буй.

Өнөө өглөөний арилжаагаар унци алтны спот ханш 1837.89 ам.доллар байсан бол фьючерс ханш бага зэрэг хөдөлж 1846.95 ам.доллар байлаа.

Энэ долоо хоногийн Лхагва гарагт ХНС-гийн хоёрдугаар сарын хурлын тэмдэглэл гарах юм. Төв банк нэгдүгээр сард бодлогын хүүг 25 суурь нэгжээр нэмэгдүүлсэн ч, хурлын үеэр хүүг өсгөх нөхцөл шаардлагуудыг нухацтай авч үзэж байгааг эх сурвалжууд мэдээлжэ.э

Энэ долоо хоногт мөн нэгдүгээр сарын өрхийн зардлын индекс гарах юм. ХНС-гийн инфляцыг хэмжих өөр нэгэн хэрэгсэл болдог энэхүү индекс нь нэгдүгээр сард өмнөх сартай ижил түвшинд гарахаар хүлээгдэж байна. Статистик хүлээлтэд нийцэж байвал инфляцийн дарамт тогтворжсоныг илтгэх юм.

Бусад үнэт металын хувьд цагаан алтны фьючерс 0.1 хувь буурч 917.2 ам.доллар, мөнгөний фьючерс 0.5 хувь буурч 21.598 ам.доллар хүрчээ.

section break

ӨСӨЛТ

Twilio 1 тэрбум ам.доллараар хувьцаагаа буцаан худалдан авна

Twilio (NYSE:TWLO) 1 тэрбум ам.доллараар А зэрэглэлийн хувьцаануудаа буцаан худалдан авахаа мэдэгдлээ.

Мөн тус компани пүрэв гарагт дөрөвдүгээр улирлын тайлангаа танилцуулж нэгж хувьцаанд ногдох орлого 0.22 ам.доллар хүрч нийт 1.02 тэрум ам.долларын орлоготой ажилласан гэж мэдээллээ.

Шинжээчдийн хувьд тус компанийг 1 тэрбум ам.долларын орлого олж, нэгж хувьцаанд ногдох орлого нь 0.08 ам.доллар байна гэж урьдчилан таамаглаж байсан билээ.

Энэхүү мэдээний дараа компанийн хувьцаа 14 хувь өссөн бөгөөд өнгөрсөн долоо хоногт нийт 17 хувийн өсөлт үзүүлсэн юм.

section break

ДОТООДЫН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Монголын Хөрөнгийн Биржийн 2 сарын 17-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 2 дугаар сарын 17-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 206,135,442 төгрөгийн үнийн дүн бүхий 700,952 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсөж, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Хамгийн их өсөлттэй:

  • "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" ХК (JLT +15.00%)

  • "Глобал монголиа холдингс" ХК (HML +14.80%)

  • "Сор" ХК (SOR +11.11%)

Хамгийн их бууралттай:

  • "Хорин хоёрдугаар бааз" ХК (AHH -14.71%)

  • "Хөх ган" ХК (HGN -12.73%)

  • "Могойн гол" ХК (BDL -7.11%)

Баасан гарагийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 36,972 ширхэг нэгж эрхийг 14,123,198 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 310 ширхэг бондыг 31,310,000 төгрөгөөр, багцын арилжаагаар 21,410 ширхэг үнэт цаасыг 13,060,100 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.22 хувиар өсөж, 38,000.82 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,818,434,501,700 төгрөг боллоо.

section break

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа

Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.

Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.

☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

section break

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!