Тесла 362 мянган машинаа буцаан татна

Ам.доллар чангарав | Сошиал платформуудад шалгалт орно | Ford - CATL-ын хэлцэл бүтэлгүйтэх үү?

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • Тесла 362 мянган машинаа буцаан татна | Компанийн зүгээс програмын шинэчлэлийг үнэ төлбөргүй хийж өгөхөө мэдэгдсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор Теслагийн хувьцааны ханш 5.7 хувиар сулраад байна.

  • Ам.долларын индекс 6 долоо хоногийн дээд түвшинд хүрлээ | АНУ-ын Үйлдвэрлэгчийн үнийн индекс өсөлттэй гарч, ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо буурсан нь Холбооны Нөөцийн Санг бодлогын хүүгээ өсгөх үндэслэл болж байгаа тул ам.долларын ханш чангарахад нөлөөллөө.

  • Google, Twitter, Meta нар ЕХ-ны шалгалттай нүүр тулна | Alphabet-ийн охин компани Google, Facebook-ийн толгой компани Meta Platforms болон Twitter компани өчигдөр тогтмол хэрэглэгчдийн мэдээллээ танилцуулснаар Европын Холбооны хатуу шалгалтад орохоор боллоо.

  • Ford - CATL-ын түншлэлийг Хятадын засгийн газар нягтлахаар болжээ | Ford Motor Co (NYSE:F) болон баттарей үйлдвэрлэгч томчуудын нэг CATL нар АНУ-д хамтарсан үйлдвэр байгуулах асуудлыг Хятад улс хэлэлцэхээр болжээ.

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | 40 хувьцаат компанийн 437,604,538 төгрөгийн үнийн дүн бүхий 651,738 ширхэг хувьцаа арилжаалагджээ.

  • Богд Банк ХК-ийн үнэт цаасны арилжааг зогсоолоо | Тус компани нэгж хувьцаагаа 20 хуваахаар шийдвэрлэсэнтэй холбоотойг үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоогоод байна.

section break

УНАЛТ

Тесла 362 мянган авто машинаа буцаан татна

Tesla Inc компани 362 мянган бүрэн автомат жолоодлоготой машинуудаа зах зээлээс эргүүлэн татаж, автомат жолоодлогын программ хангамжийг шинэчлэхээр болсон байна. Учир нь жолоочид туслах систем нь замын хөдөлгөөний зарим дүрмийг мөрдөхгүй байгаа тул осол гарах эрсдэлтэй гэж зохицуулах байгууллагууд үзсэн байна. 

АНУ-ын Хурдны замын аюулгүйн албанаас мэдээлснээр Теслагийн программ хангамж нь хурдны дээд хязгаарыг хэтрүүлэх боломжтой байгаа нь дүрэм зөрчих эсвэл осол гарч болзошгүй нөхцөл байдлыг бий болгож байна" хэмээн мэдэгдсэн юм. 

Тесла компани үүнтэй санал нийлэхгүй байгаа ч хүсэлтийг хүлээн авсан болохоо мэдэгдлээ. Компанийн зүгээс програмын шинэчлэлийг үнэ төлбөргүй хийж өгөх аж.  Үүнтэй холбоотойгоор Теслагийн хувьцааны ханш 5.7 хувь сулраад байна. 

Буцаан татах машинууд нь 2016-2023 оны хооронд үйлдвэрлэгдсэн Model S болон Model X, 2017-2023 оны хооронд үйлдвэрлэсэн Model S, 2020-2023 оны хооронд үйлдвэрлэсэн Model Y загварууд юм байна. 

Эл сэдэв улс төрчдийн түвшинд хүртэл хэлэлцэгдсэн бөгөөд Ардчилсан Намаас сонгогдсон сенатч Ed Markey, Richard Blumenthal нар энэхүү буцаан татах арга хэмжээг хэтэрхий хоцорч авч байгааг шүүмжлээд "Тесла өөрсдийн автомашиныхаа хүчин чадлыг хэтрүүлэн үнэлэхээ болих хэрэгтэй" гэжээ. 

section break

ФОРЕКС

Ам.долларын индекс 6 долоо хоногийн дээд түвшинд хүрлээ

АНУ-ын Үйлдвэрлэгчийн үнийн индекс өсөлттэй гарч, ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо буурсан нь Холбооны Нөөцийн Санг бодлогын хүүгээ өсгөх үндэслэл болж байгаа тул ам.долларын ханш чангарахад нөлөөллөө. 

Ам.долларын индекс өчигдрийн өглөөний арилжаагаар зургаан долоон хоногийн дээд түвшинд хүрсэн бөгөөд иен, евро, австрали долларын эсрэг зургаан долоон хоногийн оройн цэгээ тогтоолоо. Үүний дараагаар бага зэрэг буурч, үнэ нь тогтворжжээ. 

АНУ-ын үйлдвэрлэгчийн үнийн индекс нэгдүгээр сард 0.7 хувь өссөн байна. Мөн ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо өнгөрсөн долоо хоногт 194 мянга байсан нь хүлээгдэж байсан 200 мянгаас бага байлаа. 

Кливлендын Холбооны Нөөцийн тэргүүн Loretta Mester "ХНС хатуу мөнгөний бодлогыг хатууруулснаараа мэдэгдэхүйц өөрчлөлт гарч байгаа ч миний бодлоор бидэнд ахиад хийх ажил их байна" гэжээ. Түүний илэрхийлсэн байр суурь болон ҮҮИ, ажилгүйдлын статистик мэдээ нь ам.доллар чангарахад нөлөөлж байгааг шинжээчид тэмдэглэж байгаа юм. 

Үдээс хойших арилжаагаар ам.долларын индекс 0.2 хувь өсөж 103.93 нэгжид хүрсэн бөгөөд үдээс өмнө 104.24 нэгжид хүрснээр зургаан долоо хоногийн дээд түвшинд хүрсэн юм. Энэ нь өнгөрсөн оны 9 сарын сүүлээр тогтоосон 20 жилийн доод түвшнээс даруй 11 хувь өссөн дүн билээ. 

Фьючерс зах зээлийн шинжээчдийн үзэж буйгаар АНУ-ын хүүгийн түвшинд долдугаар сард 5.25 хувь хүрч өссөний дараа оны эсцээр 5.0 хувь болж буурах магадлалтай аж.  

section break

БИЗНЕС

Google, Twitter, Meta нар ЕХ-ны шалгалттай нүүр тулна 

Alphabet Inc (NASDAQ:GOOGL)-ийн охин компани Google, Facebook-ийн толгой компани Meta Platforms Inc (NASDAQ:META) болон Twitter компани өчигдөр тогтмол хэрэглэгчдийн мэдээллээ танилцуулснаар Европын Холбооны хатуу шалгалтад орохоор боллоо. 

ЕХ-ны Дижитал Үйлчилгээний Журам (Digital Services Act - DSA)-д зааснаар нь 45 саяас дээш хэрэглэгчтэй буюу "маш том онлайн платформ"-ууд нь эрсдэлийн удирдлага болон хараат бус, хөндлөнгийн аудит хийлгэх шаардлагатай юм. Мөн хувьцаа эзэмшигчдийн тоон мэдээлэл болон ёс зүйн дүрмийг зохицуулагч байгууллагууд болон судлаачидтай хуваалцах үүрэг хүлээж буй. 

Европын Комиссоос онлайн платформууд болон хайлтын системүүдийг 2-р сарын 17 гэхэд идэвхтэй хэрэглэгчдийн тоон мэдээллээ танилцуулахыг шаардсан юм. Маш том онлайн платформууд нь энэхүү журамтай холбоотой гомдол гаргах 4 сарын хугацаа бий бөгөөд эс бөгөөс торгууль хүлээх юм.  

Сүүлийн 45 хоногийн тоон мэдээллээс үзэхэд Twitter нь Европын Холбооны гишүүн орнуудаас нийт 100.9 сая идэвхтэй хэрэглэгчтэй байгаагаа мэдэгдээд байна. 

Alphabet-ийн мэдүүлснээр Google Maps 278.6 сая,  Google Play 274.6 сая, Google Search 332 million, YouTube 401.7 сая харилцагчтай гэжээ. Гэхдээ харилцагчид уг платформууд руу нэвтэрч орсон эсэхээс үл хамааран тус компанийн үйлчилгээнүүдийг авах боломжтой байдгийг компани онцолсон байна. 

Энэ долоо хоногийн эхээр Meta Platforms дунджаар 255 сая хэрэглэгч Европын Холбооноос Facebook-рүү ханддаг гэж мэдээлсэн бөгөөд Instagram-ын хувьд энэ тоо 250 сая байгааг сүүлийн 6 сарын тоон мэдээлэлд үндэслэн гаргасан гэж мэдээлсэн билээ.  

section break

ХЭЛЦЭЛ

Ford - CATL-ын түншлэлийг Хятадын засгийн газар нягтлахаар болжээ 

Ford Motor Co (NYSE:F) болон баттарей үйлдвэрлэгч томчуудын нэг CATL нар АНУ-д хамтарсан үйлдвэр байгуулах асуудлыг Хятад улс авч хэлэлцэн, Хятадын компанийн гол технологийн нууц АНУ-ын автомашин үйлдвэрлэгч олж авсан эсэхийг нягтлахаар болжээ.  

Ажиглагчдын зүгээс энэхүү шалгалтын үр дүнд хэлэлцээрийг зогсоож магадгүй гэж үзэж байна. Ford-ын зүгээс "Энэ асуудлаар Хятадын засгийн газар ямар нэгэн мэдэгдэл хийсэн талаар мэдээлэл бидэнд ирээгүй байна" хэмээн хэвлэлийнхэнд мэдэгджээ. 

Вашингтон болон Бээжингийн харилцаа хурцадмал байгаатай холбоотойгоор Хятадын өндөр албан тушаалтнууд хэлэлцээрт нэмэлт шалгалт хийхийг хүслээ гэж мэдээнд дурдсан байна. 

Даваа гарагт Ford компани CATL-ийн технологиор цахилгаан автомашины баттарейн үйлдвэрийг Мичиганд байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн билээ.  

Нөгөө талаас, АНУ-ын сенатч Марко Рубио 3.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий энэхүү үйлдвэрийн төлөвлөгөөг эргэн харахыг Байдены засгийн газраас хүссэн байна. 

Мөн зарим сенатч компаниудын хооронд байгуулсан хэлэлцээрийг шууд хүлээн зөвшөөрөхөөс өмнө тодорхой болгох шаардлагатай хэд хэдэн асуудал байгааг хэлж байгаа юм. 

section break

ДОТООДЫН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Монголын Хөрөнгийн Биржийн 2 сарын 16-ны өдрийн арилжааны мэдээ 

2023 оны 2 дугаар сарын 16-ны өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 437,604,538 төгрөгийн үнийн дүн бүхий 651,738 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсөж, 19 компанийн хувьцааны ханш буурсан бол 2 компанийн ханш тогтвортой байлаа.

Хамгийн их өсөлттэй:

  • "Айтүүлс" ХК (ITLS +12.18%)

  • "Бодь Даатгал" ХК (BODI +5.20%)

  • "ЛэндМН ББСБ" ХК (LEND +4.71%)

Хамийн их бууралттай:

  • "Могойн гол" ХК (BDL -14.09%)

  • "Эрдэнэс сольюшинс" ХК (AMT -9.56%)

  • "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU -6.70%)

Өчигдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 59,629 ширхэг нэгж эрхийг 49,623,121 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 491 ширхэг бондыг 49,061,210 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 1,134 ширхэг үнэт цаасыг 113,224,780 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.67 хувиар өсөж, 37,915.57 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,806,345,061,671 төгрөг боллоо.

section break

ҮНЭТ ЦААС

Богд Банк ХК-ийн үнэт цаасны арилжааг зогсоолоо

Богд Банк ХК нэгж хувьцаагаа 20 хуваахаар шийдвэрлэж, үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлжээ.

Уг асуудлыг СЗХ-ны 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэсэн тул Хорооны улсын байцаагчийн 2023 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн 06 тоот албан шаардлагын дагуу "Богд банк" ХК-ийн үнэт цаасны арилжааг өнөөдрөөс эхлэн түр зогсоогоод байна.   

section break

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа

Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.

Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.

☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

section break

 Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!