- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Уоррен Баффет TSMC-ийг орхиж Apple-ийг сонгожээ
Уоррен Баффет TSMC-ийг орхиж Apple-ийг сонгожээ
Michael Burry-гийн дараагийн нүүдэл | АНУ-ын инфляц | Airbnb-ийн эерэг хүлээлт

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Уоррен Баффет TSMC-ийг орхиж Apple-ийг сонгожээ | Уоррен Баффетын удирддаг Berkshire Hathaway Inc хөрөнгө оруулалтын сан дөрөвдүгээр улиралд Тайванийн хагас дамжуулагч үйлдвэрлэгч TSMC болон зарим банкны хувьцаагаа багасгаж Apple Inc-ийн хувь эзэмшлээ нэмэгдүүлжээ.
Хедж сангууд Хятадын онлайн худалдааг онилжээ | "Big Short" гэж алдаршсан хөрөнгө оруулагч Michael Burry болон Farallon Capital Management, Coatue Management зэрэг хэд хэдэн хедж сан Хятадын компаниудад "бооцоо" тавиад байна.
АНУ-ын инфляц 7 сар дараалан буурлаа | АНУ-ын хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн сарын инфляц өссөн ч, жилийн инфляц бага зэрэг бууралттай гарлаа.
Airbnb-ийн ашгийн түвшин 35 хувь гарахаар хүлээгдэж байна | Airbnb Inc энэ улиралд аяллын салбарын эрэлт тогтвортой байгаа тул зах зээлийн хүлээлтээс давсан орлого олно гэж төсөөлж байгаагаа мэдэгдлээ.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 0.27 хувиар өсөж, 38,004.38 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,808,737,824,023 төгрөг боллоо.

МЕНЕЖМЕНТ
Уоррен Баффет TSMC-ийг орхиж Apple-ийг сонгожээ
Уоррен Баффетын Berkshire Hathaway Inc (NYSE:BRKa) хөрөнгө оруулалтын сан дөрөвдүгээр улиралд Тайванийн хагас дамжуулагч үйлдвэрлэгч TSMC болон зарим банкны хувьцаагаа багасгаж, оронд нь Apple Inc-ийн хувь эзэмшлээ нэмэгдүүлжээ.

Тус сан Taiwan Semiconductor Manufacturing Co Ltd (TSMC)-ийн эзэмшиж байсан хувьцаагаа 86.2 хувиар бууруулж 8.29 сая хувьцаатай үлдсэн байна. Гуравхан сарын өмнө Berkshire 4.1 тэрбум ам.доллараар TSMC-ийн хувьцааг худалдан авч байгаагаа мэдэгдсэн бөгөөд энэ нь хувьцааны өсөлтөд нөлөөлсөн билээ. Энэхүү шинэ мэдээтэй холбоотойгоор АНУ-ын биржийн дараах арилжаагаар TSMC-ийн хувьцаа 4 хувиар суларсан ч энэ жил бараг 32 хувь өсөөд байгаа юм.
Шинжээчдийн тооцоолж байгаагаар Berkshire сан нь хагас дамжуулагч үйлдвэрлэгчийн хувьцааг 68.5 ам.долларын ханшаар худалдан авсан бол буцаан зарсан үнэ нь 74.5 ам.доллар аж.
Үүний зарэгцээ ноён Баффет US Bancorp (NYSE:USB)-ийн хувьцааныхаа 91.4 хувийг, BNY Mellon (NYSE:BK)-ийн хувьцааныхаа 60 хувийг суллаж, ойролцоогоор 5.5 тэрбум ам.доллараар зарсан байна. Мөн Chevron (NYSE:CVX), Activision Blizzard (NASDAQ:ATVI) нарын эзэмшиж байсан хувьцаагаа багасгасан болохыг зохицуулах байгууллагуудад өгсөн тайлангаас харж болохоор байна.
Харин шинээр цөөхөн компанийн хувьцааг худалдан авсны дотор Apple багтаж байгаа бөгөөд нийт 3.2 тэрбум ам.доллараар 20.8 сая ширхэг хувьцааг худалдан авснаар Аpple компанийн 5.8 хувийг эзэмшдэг болжээ.
Аpple-ийн хувьцаа он гарснаас хойш бараг 18 хувь өсөөд байгаа юм.

МЕНЕЖМЕНТ
Хедж сангууд Хятадын онлайн худалдааг онцолж байна
Олонд "Big Short" гэж алдаршсан хөрөнгө оруулагч Michael Burry болон Farallon Capital Management, Coatue Management зэрэг хэд хэдэн хедж сан Хятад улс эдийн засгаа эргэн нээж байгаатай холбоотойгоор Хятадын компаниудад "бооцоо" тавиад байна.

Michael Burry Хятадын цахим худалдааны компани JD.com Inc (NASDAQ:JD)-ийн 75,000 ширхэг, Alibaba.com (NYSE:BABA)-ийн 50,000 ширхэг хувьцааг тус, тус худалдан авчээ.
Farallon мөн Alibaba-ийн 2,197,000 хувьцааг худалдан авсан бол Coatue Аlibaba2ийн 4,796,186 хувьцааг, JD.com-ийн 1,221,551 хувьцааг тус, тус худалдан авсан байна.
Bank of America (NYSE:BAC) Global Research-ийн мэдээлснээр Хятад улс дахин нээгдэж байгаа нь шинээр хөгжиж буй зах зээлүүдэд их хэмжээний урсгал бий болгож, түүхий газрын тосоос эхлээд Европын тансаг зэрэглэлийн барааг хүртэл өргөн хүрээний хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийн эрэлт нэмэгдэхэд нөлөөлсөн тул хедж сангууд дээрх шийдвэрийг гаргасан аж.
БНХАУ "Ковид-0" бодлогоосоо ухарч, цар тахлын эсрэг хөл хориогоо сулруулан, нэгдүгээр сарын эхээр хилээ албан ёсоор нээсэн билээ.

ЭДИЙН ЗАСАГ
АНУ-ын инфляц 7 сар дараалан буурлаа
АНУ-ын хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн сарын инфляц өссөн ч, жилийн инфляц бага зэрэг бууралттай гарлаа.

Хөдөлмөрийн яамнаас зарласан мэдээллээс үзэхэд сарын инфляц 12 дугаар сард 0.1 хувь байсан бол нэгдүгээр сард 0.5 хувиар нэмэгдсэн байна. Энэ нь эрчим хүчний салбарын бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой байлаа.
Жилийн инфляц өнгөрсөн 12 дугаар сард 6.5 хувь гарсан бол нэгдүгээр сард бага зэрэг буурч 6.4 хувь болсон байна. Ингэснээр инфляц сүүлийн 7 сар дараалан удаашралтай үр дүн харууллаа. Эдийн засагчдын хувьд инфляц 6.2 хувь гарна гэсэн хүлээлттэй байсан билээ.
ХНС инфляцыг бууруулах зорилтын хүрээнд бараг 0 хувь байсан зээлийн хүүг жил хүрэхгүй хугацаанд 4.5-4.75 хувьд хүргэж огцом нэмэгдүүлсэн. Хамгийн сүүлд, нэгдүгээр сарын бодлогын зөвлөлийн хурлаар бодлогын хүүг харьцангуй бага буюу 25 суурь нэгжээр нэмэгдүүлсэн ч, хөдөлмөрийн зах зээл идэвх өндөртэй байгаа мэдээ гарсны дараагаар бодлогын хүүг илүү өсгөх шаардлагатай байгааг төв банкны тэргүүн Жером Пауэлл мэдэгдээд байгаа юм.
Эрчим хүчний үнийн өсөлтийг хасаж тооцвол, бараа бүтээгдэхүүний үнэ 1.4 хувиар өссөн байхад үйлчилгээний салбарын инфляц 7.2 хувь хүрч огцом өссөн байгааг Panmure Gordon-гийн ахлах эдийн засагч Simon French онцолжээ. Тэрбээр "Бодлогын зөвлөлийн гишүүд үйлчилгээний салбарын, ялангуяа орон байраар үйлчлэх, цалин хангамжийн бодит цагийн мэдээллийг ХҮИ-ийн хоцрогдсон мэдээлэлтэй харьцуулж харах нь чухал" гэдгийг French тэмдэглэсэн байна.

ӨСӨЛТ
Airbnb-ийн ашгийн түвшин 35 хувь гарахаар хүлээгдэж байна
Airbnb Inc энэ улиралд аяллын салбарын эрэлт тогтвортой байгаа тул зах зээлийн хүлээлтээс давсан орлого олно гэж төсөөлж байгаагаа мэдэгдээд ашгийн түвшнээ хамгаалахын тулд зардлаа бага түвшинд барина гэлээ. Энэхүү мэдэгдэлтэй холбоотойгоор биржийн дараах арилжаагаар тус компанийн хувьцааны ханш 10 хувь өсжээ.

Түүнчлэн өнгөрсөн жилийн ашгийн түвшин 35 хувь гарахаар хүлээгдэж байгааг компани мэдэгдсэн бөгөөд энэ нь тус компанийг олон нийтийнх болсноос хойших хамгийн өндөр дүн болох юм.
Сүүлийн улиралд дотоодын ойрын зайн аялал идэвхтэй хэвээр байж, хот суурин газруудын хүн ам өсөлттэй, холын аялал болон улс хоорондын аялал нэмэгдсэн болохыг тэмдэглэв. Үүнээс гадна, улс орнуудын хил нээгдэж, ам.долларын ханш чангарсан нь компанийн ашиг өсөхөд мөн нөлөөлжээ. "Европын аялагчид энэ оны эхээр зуны аяллаа төлөвлөж, захиалгаа хийгээд байгаа нь бидэнд ихээхэн итгэл найдвар өгч байна" хэмээн Airbnb онцлов.
Компанийн урьдчилан төсөөлж буйгаар нэгдүгээр улирлын орлого 1.75-1.82 тэрбум ам.доллар хүрэхээр байгаа нь шинжээчдийн таамаглал болох 1.69 тэрбум ам.доллараас нэлээд өндөр хүлээлт юм.
Харин амрагчид харьцангуй хямд үнэтэй түрээсийн үйлчилгээг сонгож байгаа тул энэ улиралд компанийн дундаж түрээсийн шимтгэлийн орлого бага зэрэг буурах бөгөөд 2023 оны туршид сорилт болохоор байгааг тодотголоо.
Баярын сезон буюу 2022 оны сүүлийн улиралд компанийн орлого 1.9 тэрбум ам.доллар хүрсэн нь өмнөх хоёр улиралтай харьцуулахад бага, харин шинжээчдийн хүлээж байсан дүн болох 1.86 тэрбум ам.доллараас их байсан юм.
Тайланд дурдсанаар улирлын цэвэр ашиг 319 сая ам.доллар буюу нэгж хувьцаанд ногдох ашиг 48 цент байгаа нь, шинжээчдийн таамаглал болох 25 центээс бараг хоёр дахин өндөр гүйцэтгэл байлаа.

ДОТООДЫН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
Монголын Хөрөнгийн Биржийн 2 сарын 14-ний өдрийн арилжааны мэдээ

2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 235,869,278 төгрөгийн үнийн дүн бүхий 940,607 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсөж, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
"Сор" ХК (SOR +11.80%)
"Булигаар" ХК (MBG +8.99%)
"Говь" ХК (GOV +5.64%)
Хамгийн их бууралттай:
"Айтүүлс" ХК (ITLS -14.63%)
"Хай би ойл" ХК (HBO -12.02%)
"Шивээ овоо" ХК (SHV -7.25%)
Өчигдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 21,065 ширхэг нэгж эрхийг 15,493,372 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 30 ширхэг бондыг 2,892,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.27 хувиар өсөж, 38,004.38 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,808,737,824,023 төгрөг боллоо.

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа
Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.
Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.
☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
