АПУ ХК ногдол ашиг тараахаар боллоо

Фордын цахилгаан шилжилт | Соросын шинэ хөрөнгө оруулалтууд | BUSD-д юу тохиолдов?

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • АПУ ХК ногдол ашиг тараана. | Тус компани 2022 оны 2 дугаар хагас жилийн санхүүгийн үр дүнг харгалзан нэгж хувьцаанд 44 төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ.

  • Ford цахилгаан автомашины баттарей үйлдвэрлэнэ | Ford Motor (NYSE:F) компани АНУ-ын Мичиган мужид цахилгаан автомашины баттарейн үйлдвэр барихад 3.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болсноо мэдэгдлээ.

  • Сорос хөрөнг оруулалтын сан багцаа шинэчилжээ | Дөрөвдүгээр улиралд санхүү, эрүүл мэндийн чиглэлийн компаниудад шинээр хөрөнгө оруулж, хоёрдогч зах зээлээс бонд худалдан авсан байна.

  • Binance USD койныг үнэт цаасаар бүртгэхийг SEC шаарджээ | Paxos Trust Company-иас АНУ-ын үнэт цаасны хороо уг койныг үнэт цаас хэлбэрээр бүртгүүлэх, эс бөгөөс платформд арга хэмжээ авах тухай шаардлага хүргүүлсэн гэж мэдээллээ.

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | 19 компанийн хувьцааны ханш өсөж, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

section break

ӨГӨӨЖ

АПУ ХК ногдол ашиг тараахаар боллоо

АПУ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 2 сарын 13-ны өдрийн хурлаар 2022 оны 2 дугаар хагас жилийн санхүүгийн үр дүнг харгалзан нийт хувьцаа эзэмшигчдийн нэгж хувьцаанд 44 төгрөгийг тооцон ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тогтоож, ногдол ашгийг Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор хуваарилахаар шийдвэрлэсэн байна.

section break

БИЗНЕС

Ford цахилгаан автомашины баттарей үйлдвэрлэнэ

Ford Motor (NYSE:F) компани АНУ-ын Мичиган мужид цахилгаан автомашины баттарейн үйлдвэр барихад 3.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар болсноо мэдэгдлээ. Уг үйлдвэрийг барьснаар тус компани болон түүний Хятад дахь түнш CATL-ийн БНХАУ-д анхлан амжилттай нэвтрүүлсэн хямд өртөгтэй технологийг АНУ-д нутагшуулж, хэрэглэгчдийг татах боломжтой болно гэж үзэж буй аж.

Уг үйлдвэр нь хямд өртөгтэй, хурдан хугацаанд цэнэглэх боломжтой лити-төмөр-фосфат бүтэцтэй LFP баттарейг үйлдвэрлэх юм.

Улс төрийн эрсдэлийг хаах үүднээс уг үйлдвэрийг 100 хувь Ford эзэмших аж. "Америкт үйлдвэр нээснээр бид баттарейн хараат байдлаас гарах болно" хэмээн Ford-ийн ТУЗ-ийн дарга Bill Ford хэлжээ.

LFP батарейн үйлдвэрлэлээс Ford компани ихээхэн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой бөгөөд 2026 он гэхэд үйлдвэрийн ашгийн түвшинг 8 хувьд хүргэх зорилт тавиад буй аж.

Энэхүү мэдээний дараа Ford Motor-ийн хувьцаа 2.8 хувь өсжээ.

section break

МЕНЕЖМЕНТ

Сорос хөрөнгө оруулалтын сан багцаа шинэчилжээ

Тэрбумтан Жорж Соросын гэр бүлийн удирддаг Soros Fund Management хөрөнгийн багцаа шинэчилсэн талаараа танилцууллаа. Дөрөвдүгээр улиралд санхүү, эрүүл мэндийн чиглэлийн компаниудад шинээр хөрөнгө оруулж, хоёрдогч зах зээлээс бонд худалдан авсан байна.

Тухайлбал биотехнологийн компани Horizon Therapeutics (NASDAQ:HZNP)-ийн 2.9 сая ширхэг хувьцааг 325.3 сая ам.доллараар худалдан авсан байна. Уг компанийг Amgen (NASDAQ:AMGN) өнгөрсөн 12 дугаар сард бараг 28 тэрбум ам.доллараар худалдан авсан юм.

Мөн өрхийн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэгч Signify Health компанийн 2.8 сая ширхэг хувьцааг 90 сая ам.доллараар худалдан авсан байна.

Санхүүгийн салбараас Мемфист төвтэй First Horizon (NYSE:FHN) компанийн 8.5 сая ширхэг хувьцаанд 209.1 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Тус компанийг бараг нэг жилийн өмнө Toronto-Dominion Bank 13.4 тэрбум ам.доллараар худалдан авч буйгаа мэдэгдэж байсан ч хэлэлцээ сунжирч ирэх тавдугаар сард эцэслэхээр хүлээгдэж байгаа юм.

Хэдийгээр JPMorgan Chase & Co (NYSE:JPM), Bank of New York Mellon (NYSE:BK) Corp-д оруулсан бага хэмжээний хөрөнгө оруулалтаа буцаан татсан ч, хэрэглээний зээлийн үйлчилгээ үзүүлэгч Сapital One Financial Corp (NYSE:COF), Discover Financial Services (NYSE:DFS), болон SoFi Technologies нарыг багцдаа нэтгэсэн байна.

Харин технологийн салбар дахь хөрөнгийн хэмжээ нь багасжээ. Тухайлбал, Zoom Technologies Inc болон Airbnb Inc-ийн хувьцаагаа зарсан бол Amazon.com (NASDAQ:AMZN)-ийн хувьцааг 54.5 хувиар бууруулж 901 сая ширхэг болжээ. Amazon-ы хувьцаа он гарснаас хойш 18.5 хувь өсөөд байгаа билээ.

Тайлангаас үзэхэд Соросын гэр бүл хөрөнгө оруулалтын зорилгоор 255 сая ам.долларыг компанийн бонд ETF-д оруулжээ. Бодлогын хүү өсөж байгаатай холбоотойгоор хөрөнгө оруулагчид АНУ-ын компанийн бондуудад хөрөнгө оруулах нь нэмэгдэж байгаа юм.

section break

КРИПТО

Binance USD койныг үнэт цаасаар бүртгэхийг SEC шаарджээ

Binance-ийн стэйблкойн BUSD (Binance USD)-ийн ард байдаг Paxos Trust Company-иас АНУ-ын үнэт цаасны хороо уг койныг үнэт цаас хэлбэрээр бүртгүүлэх, эс бөгөөс платформд арга хэмжээ авах тухай шаардлага хүргүүлсэн гэж мэдээллээ.

Харин компанийн зүгээс Үнэт цаасны хороо нь BUSD-ийг үнэт цаас ангилалд оруулж буйтай санал нийлэхгүй гэдгээ мэдэгдэж "Шаардлагатай бол шүүхдэлцэхэд бэлэн байна" гэжээ.

Үнэт цаасны хорооны дарга Gary Gensler өмнө нь зарим стэйблкойныг үнэт цаас гэж бүртгэх хэрэгтэй гэсэн байр суурь илэрхийлж байсан боловч энэ удаагийнх нь ам.доллартай уягдсан койнууд дээр авч буй анхны арга хэмжээ юм.

Энэ мэдээлэл гар ахаас хэдхэн цагийн өмнө Нью-Йоркийн Санхүүгийн Үйлчилгээний Газар BUSD койныг гаргахаа зогсоохыг Paxos-оос шаардсан тухайгаа хэрэглэгчдэд анхааруулаад байсан юм. Учир нь Binance болон Paxos-ийн хоорондын харилцаанд шийдвэрлэгдээгүй асуудлууд байгаа гэж мэдэгдсэн байна.

Нью-Йоркийн Санхүүгийн Үйлчилгээний Газраас мэдээлснээр Paxos нь "төлөвлөгөөт эрсдэлийн үнэлгээ"-г хийж Binance болон BUSD хэрэглэгчдийн доторх муу этгээдүүдийг зогсоох үүргээ зөрчсөн аж.

Харин Paxos мэдэгдэл хийж Binance USD-ийг гаргахаа зогсоосон бөгөөд койныг 2024 оны хоёрдугаар сар хүртэл дэмжиж, худалдан авна гэдгээ илэрхийлээд байгаа. "Paxos нь үйлчлүүлэгчдийнхээ аюулгүй байдлыг үргэлж чухалчилж ирсэн" хэмээн мэдэгдэлдээ дурджээ.

Үнэт Цаасны Хорооноос ямар нэгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлэл хийгээгүй байна.

section break

ДОТООДЫН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Монголын Хөрөнгийн Биржийн 2 сарын 13-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 2 дугаар сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 46 хувьцаат компанийн 403,309,886 төгрөгийн үнийн дүн бүхий 1,028,315 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсөж, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Хамгийн их өсөлттэй:

  • "Сор ХК (SOR +15.00%)

  • "УБ-БҮК ХК (BUK +8.75%)

  • "ЛэндМН ББСБ ХК (LEND +6.59%)

Хамгийн их бууралттай:

  • "Блюскай секьюритиз ХК (BSKY -14.49%)

  • "Эрдэнэс сольюшинс ХК (AMT -8.06%)

  • "Махимпекс ХК (MMX -5.44%)

Өчигдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 33,984 ширхэг нэгж эрхийг 8,172,709 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 1,920 ширхэг үнэт цаасыг 188,006,600 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 197 ширхэг бондыг 38,404,673 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.24 хувиар өсөж, 37,902.11 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,814,870,543,423 төгрөг боллоо.

section break

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа

Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.

Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.

☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

section break

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!