- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Шилдэг үнэт цаасны компаниудыг Голомт Капитал тэргүүлж байна
Шилдэг үнэт цаасны компаниудыг Голомт Капитал тэргүүлж байна
Оросын нефть ховордоно | Ам.доллар чангарав | DBS-ийн цөм ашиг

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
2022 оны шилдэг 10 үнэт цаасны компанийг Голомт Капитал компани тэргүүлж байна | Голомт Капитал ҮЦК өнгөрсөн онд нийт 270.1 тэрбум төгрөгийн хувьцаа, бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас арилжаалснаар зах зээлд тэргүүлж байна.
ОХУ олборлолтоо бууруулахаа мэдэгдсэнээр газрын тосны ханш 2 хувь өсөв | Барууны орнууд ОХУ-ын газрын тосны экспортын ханшид тааз үнэ тогтоосны хариу болгож тус улсаас ирэх сард газрын тосны нийлүүлэлтийн хэмжээг бууруулахаа мэдэгдлээ.
Ам.долларын индекс 5 долоо хоногийн дээд түвшинд ойртлоо | Мягмар гарагт АНУ-ын инфляцын статистик зарлагдахтай холбоотойгоор даваа гарагт ам.долларын ханш бусад томоохон валютын эсрэг өсөж 5 долоо хоногийн дээд түвшинд хүрлээ.
DBS-ийн улирлын ашиг 68 хувь өсжээ | Сингапурын DBS групп буюу Зүүн Өмнөд Азийн хамгийн том банк улирлын тайлангаас танилцууллаа.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 0.42 хувиар өсөж, 37,812.41 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,816,230,156,624 төгрөг боллоо.

ОНЦЛОХ ТОО
2022 оны шилдэг 10 үнэт цаасны компанийг Голомт Капитал компани тэргүүлж байна

Lemon Press редакц МХБ-ийн арилжааны статистик мэдээлэлд үндэслэн 2022 оны шилдэг 10 үнэт цаасны компаниудыг эрэмбэлжээ. Голомт Капитал ҮЦК өнгөрсөн онд нийт 270.1 тэрбум төгрөгийн хувьцаа, бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас арилжаалснаар зах зээлээ тэргүүлсэн байна.
МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудын арилжааны хэмжээ 2021 онд ₮2.8 их наяд болж түүхэн дээд хэмжээ тогтоож байсан бол өнгөрсөн онд ₮1.2 их наядын арилжаа хийжээ. Нийт арилжааны дүнгийн дийлэнх хэсгийг буюу 68.6 хувийг топ 4 үнэт цаасны компани бүрдүүлж байгааг Lemon Press онцоллоо.

ТАВААР
ОХУ олборлолтоо бууруулахаа мэдэгдсэнээр газрын тосны ханш 2 хувь өсөв
ОХУ улсын газрын тосны экспортын ханшид барууны орнууд тааз тогтоосны хариу болгож тус улс ирэх сараас газрын тосны нийлүүлэлтийн хэмжээгээ бууруулахаар төлөвлөж байгаагаа баасан гарагт мэдэгдлээ.
Энэхүү мэдээний араас Брент газрын тосны ханш 2.2 хувиар өсөж баррель нь 86.39 ам.доллар хүрсэн бол АНУ-ын WTI газрын тосны ханш 2.1 хувиар өсөж баррель нь 86.39 ам.доллар болжээ. Ингэснээр өнгөрсөн долоо хоногт Брент газрын тосны ханш 8.1 хувь, WTI газрын тосны ханш 8.6 хувиар тус, тус өслөө.

Гуравдугаар сараас, ОХУ газрын тосны өдрийн гарцаа 500,000 баррелиар буюу 5 хувь багасгана гэж Шадар сайд Александар Новак мэдэгджээ.
"Ихэнх шинжээч Оросын гарц 2023 онд 700,000-900,000-аар буурна гэж бичиж байна" хэмээн CIBC Private Wealth-ийн эрчим хүчний салбарын ахлах шинжээч Rebecca Babin өгүүлсэн бөгөөд "Түүхий газрын тосны арилжааны өнөөгийн түвшинг өөрчлөх гол хүчин зүйл нь Хятадын эрэлт сэргэх эсэх юм" гэдгийг тодотголоо.
ОХУ газрын тосны олборлолтоо бууруулна гэж мэдэгдсэнтэй холбоотойгоор ОПЕК+ ямар нэгэн арга хэмжээ авахгүй гэж албаны хоёр ч эх сурвалж мэдэгдсэнийг Ройтерс агентлагт мэдээлжээ.
Эдийн засгийн хүчин зүйлийг авч үзвэл Хятадын эрэлт сул байгааг тоон үзүүлэлт харуулж байгаа бөгөөд АНУ-ын эдийн засаг хямрах айдас болон АНУ-д ажилгүйдлийн түвшин нэмэгдэж байгаа нь ханш өсөлтийг хязгаарлаж байгаа юм.
Үүнтэй холбоотойгоор Goldman Sachs (NYSE:GS) Брент газрын тосны 2023 оны ханшийн таамаглалаа 98 ам.доллараас бууруулж 92 ам.доллар, 2024 оны ханшийн таамаглалаа 105 ам.доллараас бууруулж 100 ам.доллар болгоод байна.
Харин OПЕК-ийн зүгээс энэ жил Хятадын эрэлт сэргэснээр газрын тосны ханш өсөлтийн чиг хандлагад шилжиж баррел нь 100 ам.доллар орчимд хүрнэ гэж төсөөлж байгаа юм.

ФОРЕКС
Ам.долларын индекс 5 долоо хоногийн дээд түвшинд ойртлоо
Мягмар гарагт АНУ-ын инфляцын статистик зарлагдахтай холбоотойгоор даваа гарагт ам.долларын ханш бусад томоохон валютын эсрэг өсөж 5 долоо хоногийн дээд түвшинд хүрлээ.
Харин Японы банкны шинэ ерөнхийлөгчөөр засгийн газар одоогийн бодлогын тохиргоог дэмжиж буй нэр дэвшигчийг мягмар гарагт томилохоор болсонтой холбогдуулан иений ханш уналаа.

"Энэ сарын эхээр АНУ-ын ажлын байрны мэдээлэл хүлээгдэж байснаас хавьгүй хүчтэй гарсан нь ам.долларын ханшид дэмжлэг болж байгаа бөгөөд ХНС-гаас хүүг өсгөх шаардлагатай тухай тайлбарууд хийж байгаа ч маргаашийн ХҮИ-ийн мэдээ чухал байх болно" хэмээн Токио дахь Barclays-ийн ахлах стратегич асан Шиничиро Кадота өгүүлжээ.
Мичиганы Их Сургуулийн судалгаагаар инфляц 4.2 хувь гарах магадлал өндөр байгаа аж. ХНС-гийн тэргүүн Жером Пауэллийн хэлснээр Мичиганы Их Сургуулийн судалгаа нь төв банкны байнга хардаг хэмжигдэхүүний нэг юм.
Иен, Евро, Стерлинг зэрэг 6 том валюттай харьцуулж тооцдог ам.долларын индекс 0.068% өсөж 103.65 хүрсэн нь өмнөх долоо хоногийн буюу 1 сарын 6-аас хойш хүрсэн хамгийн өндөр цэг 103.96-д дөхөж очоод байна.
Ам.доллар иений эсрэг 0.18 хувь чангарч 131.63 иентэй тэнцээд байна.
Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, Японы төв банкны удирдах зөвлөлийн гишүүн асан Казуо Уеда төв банкны ерөнхийлөгчөөр томилогдож байгаа аж. Тэрбээр баасан гарагт өгсөн ярилцлагынхаа үеэр төв банк одоогийн зөөлөн бодлогоо хадгалах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлж байжээ.
Евро 0.06 хувь суларч 1.0669 ам.доллартай тэнцэж буй бол стерлинг 1.2044 ам.доллар дээр арилжигдсан нь 0.12 хувь буурсан дүн юм. Мөн Австрали доллар 0.13 хувь буурч 0.691 ам.доллар, Шинэ Зеланд доллар 0.08 хувь буурч 0.6306 ам.доллар болжээ.

ӨСӨЛТ
DBS-ийн улирлын ашиг 68 хувь өсжээ
Сингапурын DBS групп буюу Зүүн Өмнөд Азийн хамгийн том банк улирлын тайлангаас танилцууллаа. Тайлангийн үзүүлэлтүүд хүлээлтээс хавьгүй сайн байсан бөгөөд бодлогын хүүгийн өсөлттэй холбоотойгоор ашиг нь 68 хувь өссөн байна.

Сингапурын зээл олгогчдын хувьд өнгөрсөн улирал нь хүүгийн өсөлтийн үр дүнд 10 жил гаруйн хугацаанд хамгийн өндөр ашигтай байсан ч мөчлөгийн оргил үе тохиож, эдийн засгийн өсөлт удааширч байгаа тул цаашид ашгийн өсөлт нь удааширна гэж шинжээчид үзэж байна.
DBS-ийн гүйцэтгэх захирал Пиюш Гупта мэдэгдэл хийх үеэрээ "Манай бизнесийн сувгууд эрүүл, хөрөнгийн чанар сайн байна. Зээлийн хүүгийн өсөлт суларч, Хятад дахин нээгдсэнээр ирэх жил зах зээлд эерэг хүлээлт үүснэ гэж харж байна" гэжээ.
Тэрбээр бодлогын хүү цаашид өсөх орон зай бага боловч хүүг бууруулна гэж харахгүй байгаагаа мөн хуваалцсан байна.
DBS нь Сигапурын банкуудаас хамгийн түрүүнд улирлын тайлангаа танилцуулж байгаа бөгөөд цэвэр ашиг өссөж 2.34 тэрбум сингапур доллар (1.76 тэрбум ам.доллар) хүрсэн байна. Өмнөх оны мөн үед 1.39 тэрбум сингапур долларын ашигтай ажиллаж байсан бөгөөд шинжээчдийн зүгээс тус банкийг сүүлийн улиралд 2.16 тэрбум сингапур долларын ашигтай гарна гэж урьдчилан тооцоолж байсан юм. DBS-ийн жилийн ашиг 20 хувь өсөж 8.2 тэрбум сингапур доллар болжээ.

ДОТООДЫН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
Монголын Хөрөнгийн Биржийн 2 сарын 10-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 2,022,113,042 төгрөгийн үнийн дүн бүхий 901,294 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсөж, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
"Глобал монголиа холдингс" ХК (HML +14.93%)
"Талх чихэр" ХК (TCK +14.48%)
"Монгол керамик" ХК (KEK +10.77%)
Хамгийн их бууралттай
"Хорин хоёрдугаар бааз" ХК (AHH -10.53%)
"Айтүүлс" ХК (ITLS -5.24%)
"Булигаар" ХК (MBG -3.70%)
Баасан гарагийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 15,781 ширхэг нэгж эрхийг 6,937,395 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 145 ширхэг үнэт цаасыг 14,479,700 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 239 ширхэг бондыг 23,849,620 төгрөгөөр, багцын арилжаагаар 23,526 ширхэг үнэт цаасыг 14,350,860 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.42 хувиар өсөж, 37,812.41 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,816,230,156,624 төгрөг боллоо.

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа
Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.
Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.
☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
