- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Финтекүүд ногдол ашгаа зарлалаа
Финтекүүд ногдол ашгаа зарлалаа
АНУ-ын ажилгүйдлийн түвшин | Алтны ханшийн сулралт | New York Times-ийн онц гүйцэтгэл

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Финтекүүд ногдол ашгаа зарлалаа |Сэндли ББСБ ХК-ийн ТУЗ-ийн ээлжит хурлаар компанийн 2022 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 2.75 төгрөг тооцон ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ.
АНУ-ын ажилгүйдлийн түвшин нэмэгджээ | Ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо өнгөрсөн долоо хоногт 13 мянгаар нэмэгдэж 196 мянгад хүрсэн болохыг Хөдөлмөрийн яам мэдээлсэн байна.
Алтны ханш нэг сарын доод түвшинд хүрлээ | Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ дахин өсгөнө гэсэн хүлээлт зах зээлд бий болсонтой холбоотойгоор хоёр дахь долоо хоногтоо алдагдалтай байх магадлал өндөр болоод байна.
New York Times ногдол ашгаа нэмэгдүүллээ | The New York Times Company ногдол ашгаа 22 хувиар нэмэгдүүлж нэгж хувьцаанд 0.11 ам.доллар олгохоор болжээ.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 0.39 хувиар буурч, 37,654.59 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,770,698,289,608 төгрөг боллоо.

НОГДОЛ АШИГ
Финтекүүд ногдол ашгаа зарлалаа
Сэндли ББСБ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн ээлжит хурлаар компанийн 2022 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 2.75 төгрөг тооцон ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ.

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах бүртгэлийн өдрийг 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөр тасалбар болгон тогтоож, ногдол ашгийг 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.
Мөн ЛэндМН ББСБ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн ээлжит хурлаар компанийн 2022 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 1.75 төгрөг тооцон ногдол ашиг тараахаар шийдвэрлэлээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг гаргах өдрийг хувьцаа эзэмшигчдийн хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгон тогтоож, ногдол ашгийг 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор "Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" ТӨХХК-иар дамжуулан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулахаар шийдвэрлэсэн байна.

ЭДИЙН ЗАСАГ
АНУ-ын ажилгүйдлийн түвшин нэмэгджээ
Өнгөрсөн долоо хоногийн ажилгүйдлийн тэтгэмж хүсэгчдийн тоо хүлээгдэж байснаас өндөр гарчээ.
Ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо өнгөрсөн долоо хоногт 13 мянгаар нэмэгдэж 196 мянгад хүрсэн болохыг Хөдөлмөрийн яам мэдээлсэн байна. Хүлээлтийн хувьд, эдийн засагчдын урьдчилсан тооцооллоор 190 мянга байсан юм.

Гэхдээ их хэмжээгээр цомхотгол хийгдэж байгаа технологийн салбар болон бодлогын хүүгийн өөрчлөлтөд мэдрэг байдаг санхүү болон үл хөдлөх хөрөнгийн салбарт ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо харьцангуй бага хэвээр байна.
Мөн зарим салбар хүний нөөцийн дутагдалтай байна. Өнгөрсөн долоо хоногт засгийн газраас танилцуулсан тоон мэдээллээс үзэхэд 12 сард нэг хүн ажилгүй болж байхад нөгөө талд 1.9 ажлын байр нээгдэж байжээ. Түүнчлэн Нийлүүлэлтийн Сүлжээний Судалгааны Институтийн сүүлийн үеийн судалгаанд дурдсанаар зарим үйлчилгээний салбарын бизнесүүд мэргэшсэн ажиллах хүч олох боломжгүй байна гэж хариулсан нь хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэлт бага буйн илрэл юм.
Мөн зарим эдийн засагч засгийн газар статистикийг тооцохдоо улирлын чанартай хэлбэлзлийг хасаж тооцдог арга хэрэглэж байгаа нь тоон мэдээлэл бага харагдахад нөлөөлж байна хэмээн шүүмжлэлтэй хандаж буй.

ҮНЭТ МЕТАЛ
Алтны ханш нэг сарын доод түвшинд хүрлээ
Богино хугацаат бондын өгөөж өссөний улмаас алтны ханш 30 хоногийн доод түвшинд хүрлээ. Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүгээ дахин өсгөнө гэсэн хүлээлт зах зээлд бий болсонтой холбоотойгоор хоёр дахь долоо хоногтоо алдагдалтай хаах магадлал өндөр болоод байна.

Шар үнэт металын ханш өнгөрсөн долоо хоногт нэлээд огцом уналт харуулсан нь он гарснаас хойших хамгийн муу долоо хоног байсан билээ. ХНС-гийн тэргүүн Жером Пауэлл болон бусад албаны хүмүүс бодлогын хүүг өсгөх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн нь цаашид алтны ханшид ихээхэн дарамт болохоор байна.
Гэхдээ алтны ханшийг өсөхөд нөлөөлсөн гол мэдээ буюу нэгдүгээр сарын шинээр бий болсон ажлын байрны тоо маш өндөр гарчихаад байхад ажилгүйдлын түвшний мэдээ мөн л хүлээлтээс өндөр гарсан нь хөдөлмөрийн зах зээл тодорхойгүй байдалтай байгааг харууллаа.
Өнөө өглөө, алтны спот ханш унци нь 1861.76 ам.доллар орчимд тогтвортой, фьючерс ханш 0.3 хувиар суларч 1872.8 ам.доллар байлаа. Аль аль нь энэ долоо хоногт 0.2 хувь сулраад байгаа юм.
Бусад үнэт метал ч мөн адил дүр зураг харуулав. Цагаан алтны фьючерс 0.1 хувь суларт 959.65 ам.доллар болсон бол мөнгөний фьючерс 0.9 хувь унаж 21.94 ам.доллар болжээ.

ӨСӨЛТ
New York Times ногдол ашгаа нэмлээ
The New York Times Company (NYSE:NYT) ногдол ашгаа 22 хувиар нэмэгдүүлж нэгж хувьцаанд 0.11 ам.доллар олгохоор болжээ. Ингэснээр жилийн ногдол ашиг нь 0.44 ам.доллар бөгөөд жилийн өгөөж нь 1.1 хувь болж байгаа аж.

Ногдол ашиг хүлээн авах хөрөнгө оруулагчдын бүртгэлийг 2023 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдрөөр тасалбар болгох бөгөөд 4 сарын 20-нд ногдол ашгийг шилжүүлэх аж.
Үүнээс гадна компани мөн 250 сая ам.доллараар Class A хувьцааг худалдан авах хөтөлбөр зарлалаа.
Компани өчигдөр дөрөвдүгээр улирлын тайлангаа танилцуулсан бөгөөд нэгж хувьцаанд ногдох орлого 0.59 ам.доллар хүрсэн нь урьдчилан таамаглаж байсан дүн болох 0.43 ам.доллараас хавьгүй сайн үр дүн байлаа. Компани дөрөвдүгээр улиралд 667.5 сая ам.долларын орлого олжээ. Урьдчилсан тооцооллоор 646.17 сая ам.долларын орлого олохоор хүлээгдэж байсан юм.

ДОТООДЫН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
Монголын Хөрөнгийн Биржийн 2 сарын 9-ний өдрийн арилжааны мэдээ

2023 оны 2 дугаар сарын 9-ний өдөр энгийн арилжаагаар 52 хувьцаат компанийн 405,588,276 төгрөгийн үнийн дүн бүхий 3,910,207 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсөж, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
"Оллоо" ХК (OLL +12.52%)
"Монгол керамик" ХК (KEK +8.33%)
"Түшиг Уул" ХК (TUS +7.24%)
Хамгийн их бууралттай:
"Сонсголон бармат" ХК (SSG -13.04%)
"Силикат" ХК (SIL -10.53%)
"Э-Транс ложистикс" XК (ETR -7.69%)
Өчигдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 18,733 ширхэг нэгж эрхийг 10,295,195 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 6,000 ширхэг үнэт цаасыг 599,160,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 4 ширхэг бондыг 384,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.39 хувиар буурч, 37,654.59 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,770,698,289,608 төгрөг боллоо.

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа
Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.
Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.
☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
