- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Газрын тосны ханш 3 сар дараалан сулрав
Газрын тосны ханш 3 сар дараалан сулрав
Алтны гигантуудын нэгдэл | iPhone угсралтын сэргэлт | ГВАН 3 сар дараалан өсөв

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Газрын тосны ханш 3 сар дараалан сулрав | АНУ-ын ажил эрхлэлтийн тоон мэдээлэл сайн гарахад газрын тосны ханш өсдөг үзэгдэл ард үлджээ.
Newmont корпорац Newcrest-ийг худалдан авах саналаа шинэчиллээ | Newcrest Mining (OTC:NCMGF) Ltd-ийг 16.9 тэрбум ам.доллараар худалдан авах санал тавьжээ.
Foxconn-ийн нэгдүгээр сарын орлого 48.2 хувь өслөө | Энэхүү өсөлт нь БНХАУ-д цар тахлын хөл хорио цуцлагдсантай холбоотойгоор iPhone гар утасны угсралт нэмэгдсэний үр дүн гэлээ.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 0.78 хувиар өсөж, 38,063.47 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,903,826,924,647 төгрөг боллоо.
Гадаад валютын нөөц 1 сард 3.55 тэрбум ам.доллар болжээ | Нэгдүгээр сарын эцсийн байдлаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц 3.55 тэрбум ам.доллар болж, сарын 4.71 хувиар өссөн талаар Монголбанк мэдээллээ.

ТАВААР
Газрын тосны ханш 3 сар дараалан сулрав
АНУ-ын ажил эрхлэлтийн тоон мэдээлэл сайн гарахад газрын тосны ханш өсдөг үзэгдэл ард үлджээ.
Түүхий газрын тосны ханш өнгөрсөн долоо хоногт 7 хувиар суларлаа. Тухайлбал, Брент газрын тос баррель нь 80 ам.доллараас доогуур, WTI газрын тос 70 ам.доллар хүрч буурчээ.

Өнгөрсөн сард АНУ-ын хөдөлмөрийн зах зээл дээр 517 мянган ажлын байр шинээр би бий болсон (хөдөө аж ахуйн салбарыг оруулаагүй) байна. Шинжээчдийн хувьд шинэ ажлын байрны тоог 188 мянга орчим болно гэж хүлээж байсан юм. Хөдөлмөрийн зах зээл хүчтэй сэргэж байгаа мэдээ нь инфляцтай тэмцэж байгаа төв банкны хувьд бодлого нь байндаа тусахгүй байгаагийн нэг илрэл юм. Иймд бодлогын хүүг дараагийн удаад илүү өндөр хувиар нэмэгдүүлж магадгүй гэсэн түгшүүр зах зээл дээр үүсэж, ам.доллар бусад валютын эсрэг чангарч, тавааруудын ханш сулрахад нөлөөллөө.
Энэхүү мэдээ цацагдсаны дараахан Нью-Йоркын таваарын бирж дээр WTI газрын тосны фьючерс ханш 2.49 ам.доллараар буюу 3.2 хувиар суларч 73.39 ам.долларт хүрчээ. Ингэснээр АНУ-ын газрын тосны жишиг бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн долоо хоногт нийтдээ 7.5 хуиар, сарын эхнээс 7 хувиар, гурван сарын өмнөх үеэс 9 хувиар тус тус сулраад байна.
Мөн Брент газрын тосны фьючерс 2.23 ам.доллараар буюу 2.7 хувиар суларч 79.94 ам.доллар хүрсэн бөгөөд арилжааны цагаар 79.89 ам.доллар хүрсэн нь сүүлийн гурван сарын доод ханш байлаа. Долоо хоногийн хувьд 7.5 хувийн уналттай хаагдсан бөгөөд хоёрдугаар сар гарснаас хойш 5.4 хувийн алдагдалтай явж байна.
Нөгөө талаас БНХАУ-ын эрэлт хоёрдугаар сард хэр сэргэх нь тодорхойгүй байгаа явдал ханшид нөлөөлж байна. Хятад газрын тосны импорт өнгөрсөн сард 10.98 сая баррель/өдөр байсан нь 12 дугаар сарын 11.37 сая баррель/өдөр болон 11 дүгээр сарын 11.42 сая баррель/өдөртэй харьцуулахад нэлээд буурсан дүн юм.

ХЭЛЦЭЛ
Newmont корпорац Newcrest-ийг худалдан авах саналаа шинэчиллээ
Дэлхийн хэмжээний алт олборлогч Newmont Corporation Австралийн ижил төрлийн үйл ажиллагаа эрхлэгч Newcrest Mining (OTC:NCMGF) Ltd-ийг 16.9 тэрбум ам.доллараар худалдан авах санал тавьсан гэж Newcrest мэдээллээ.

Энэхүү үнийн санал нь Newcrest-ийн хувьцааны сүүлийн хаалтын ханшаас даруй 21 хувиар өндөр дүн буюу нэгж хувьцааг 22.45 австрали доллараар үнэлж буй хэрэг юм. Хэрэв хэлцэл биелбэл Newcrest-ийн хувьцаа эзэмшигчид хувьд нэгж хувьцаа тутамд Newmont 0.38 хувьцааг шилжүүлэн авах аж.
"Newcrest менежментийн шилжилт хийгдэж байгаа үетэй давхцаж байгаа тул энэхүү хэлэлцээ нь цаг хугацааны хувьд тохиромтой үе байж магадгүй" гэж Сиднейд үйл ажиллагаа явуулдаг Argo Investments-ийн хөрөнгө оруулалтын ахлах шинжээч Andy Forster хэлжээ. 8 жил Newcrest-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан Sandeep Biswas тэтгэвэртээ гарахаар төлөвлөж байгаагаа өнгөрсөн 12 дугаар сард мэдэгдээд байсан юм.
Newmont өмнө Newcrest нэгж хувьцааг өөрийн 0.363 хувьцаагаар тооцож худалдан авах санал тавьж байсан бөгөөд тухайн саналыг Newcrest-ийн хувьцаа эзэмшигчдийн хувьд хангалттай үнэлгээ биш гэж үзсэний улмаас татгалзсан билээ.
Мэдээлэл хийсний дараа Newcrest -ийн хувьцааны ханш 10 орчим хувиар өсөөд байна.

ӨСӨЛТ
Foxconn-ийн нэгдүгээр сарын орлого 48.2 хувь өслөө
БНХАУ-д цар тахлын хөл хорио цуцлагдсанта холбоотойгоор Тайванийн цахилгаан бараа үйлдвэрлэгч Foxconn-ийн нэгдүгээр сарын орлого өнгөрсөн оны мөн үеэс 48.2 хувиар өссөн гэж мэдээллээ.

Apple Inc (NASDAQ:AAPL)-ийн iPhone гар утасны гол ханган нийлүүлэгч Foxconn-ийн орлого нэгдүгээр сард 660.4 тэрбум тайвань доллар буюу 22 тэрбум ам.доллар хүрсэн нь үйл ажиллагаа хэвийн хэмнэлд шилжиж, Хятадын Женжөү дэх iPhone үйлдвэрлэх төв рүү хийгдэж буй хүргэлт нэмэгдэж байгаатай холбоотой хэмээн тайланд дурдсан байна.
Орлогыг өмнөх сартай харьцуулбал 4.93 хувиар өссөн нь гар утас, компьютер зэрэг хэрэглээний ухаалаг төхөөрөмжүүдийн борлуулалт хоёр оронтой хувиар өсөлт үзүүлсэнтэй холбоотой аж.
Зул сарын баяр болон Хятадын цагаан сарын баярын амралтын үеэр Женжөү дэх үйлдвэрийн ажилчид олон хоногоор ажлаас хөндийрснийг тооцоход энэхүү тайлан нь тун сайн мэдээ болж байна. Шинжээчдийн хэлж буйгаар Foxconn нь iPhone-ийн 70 орчим хувийг угсардаг бөгөөд Женжөү дэх үйлдвэр нь iPhone 14 Pro зэрэг дээд зэрэглэлийн загваруудыг угсардаг юм.
"Энэ оны нэгдүгээр улирлын урьдчилсан тооцоолтой харьцуулбал нэгдүгээр сарын орлого давж биеллээ. Нэгдүгээр улирлын гүйцэтгэл зах зээлийн хүлээлттэй нийцэхээр байна" хэмээн тайланд бичсэн боловч илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.

ДОТООДЫН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
Монголын Хөрөнгийн Биржийн 2 сарын 3-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 2 дугаар сарын 3-ны өдөр энгийн арилжаагаар 47 хувьцаат компанийн 1,987,041,318 төгрөгийн үнийн дүн бүхий 1,225,935 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 21 компанийн хувьцааны ханш өсөж, 18 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлтэй:
"Бодь Даатгал" ХК (BODI +6.80%)
"Силикат" ХК (SIL +5.56%)
"Мон Бийф" ХК (MBF +5.18%)
Хамгийн их бууралттай:
"Жуулчин дюти фрий" ХК (SUL -10.07%)
"Багануур" ХК (BAN -9.87%)
"Булигаар" ХК (MBG -8.09%)
Баасан гарагийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 13,379 ширхэг нэгж эрхийг 7,025,577 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 1 ширхэг үнэт цаасыг 100,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.04 хувиар буурч, 38,047.49 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,913,885,324,447 төгрөг боллоо.

ЭДИЙН ЗАСАГ
Гадаад валютын нөөц 1 сард 3.55 тэрбум ам.доллар болжээ
Нэгдүгээр сарын эцсийн байдлаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц 3.55 тэрбум ам.доллар болж, сарын 4.71 хувиар өссөн талаар Монголбанк мэдээллээ. Ийнхүү сарын дүнгээр гадаад валютын албан нөөц гурван сар дараалан өсөлтөө хадгаллаа.

Нийт гадаад валютын нөөцийн үлдэгдлийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.77 хувиар буурсан байна. Нөөцийн үлдэгдлийг бүтцээр нь авч үзвэл 86.9 хувийг гадаад валютаар илэрхийлэгдэх нөөц, 9.4 хувийг мөнгөжсөн алт буюу алтны хадгаламж, алтны своп хэлцэл бүрдүүлж байна.

ГОЛОМТ КАПИТАЛ НЭГДҮГЭЭР САРД 15.3 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН БОНДЫГ АМЖИЛТТАЙ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЛЭЭ

Голомт Капитал компани нь 2023 оны 1 дүгээр сард нийт 15.3 тэрбум төгрөгийн 1 нээлттэй бонд, 3 хаалттай бондыг амжилттай татан төвлөрүүллээ.
Та эргэн төлөлт найдвартай, эрсдэл багатай бондод хөрөнгө оруулахыг хүсвэл бидэнтэй холбогдоорой.
--------------------------------------------------👉 Эрхэм харилцагч та эрсдэл багатай, таатай нөхцөлтэй бүтээгдэхүүний талаар https://forms.gle/n6mJh7D267R8DcaM8 холбоосоор мэдээллээ бөглөж аваарай.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 📲8888-0272 📲8003-7272 📲8610-5050 дугаараас авна уу.

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа
Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.
Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.
☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
