- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Аpple-ийн гүйцэтгэл шинжээчдийн хүлээлтэд хүрсэнгүй
Аpple-ийн гүйцэтгэл шинжээчдийн хүлээлтэд хүрсэнгүй
Google дээрх сурталчилгаа багасав | Shell том өгөөж тараана | Европт бодлогын хүүг хоёр сар дараалан өсгөнө

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Аpple-ийн улирлын тайлан шинжээчдийн хүлээлтэд хүрсэнгүй | iPhone гар утасны борлуулалт буурч, эдийн засаг суларч, Хятадын үйлдвэрүүд гарц муу байсантай холбоотой болохыг тайланд дурджээ.
Аlphabet илүү олон жил бүсээ чангалах шаардлагатай гэв | Улирлын тайлангаа танилцуулсны дараагаар биржийн дараах зах зээл дээр компанийн хувьцааны ханш 5 орчим хувиар суларчээ.
Shell-ийн ашиг хоёр дахин өсжээ | Компанийн жилийн ашиг 39.9 тэрбум ам.доллар хүрсэн аж. Үүнээс өмнө тус компани 2008 онд 31 тэрбум ам.долларын ашиг олж байсан нь хамгийн өндөр ашигтай ажилласан жил байжээ.
Европын Төв Банк бодлогын хүүгээ өсгөлөө | Европын Төв Банк бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр нэмэгдүүлж, 3 дугаар сард дахин ижил хувиар өсгөх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 0.78 хувиар өсөж, 38,063.47 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,903,826,924,647 төгрөг боллоо.

БИЗНЕС
Аpple-ийн улирлын тайлан шинжээчдийн хүлээлтэд хүрсэнгүй
Apple компани улирлын тайлангаа танилцууллаа. Гүйцэтгэл шинжээчдийн хүлээлтэд хүрээгүй бөгөөд энэ нь iPhone гар утасны борлуулалт буурч, эдийн засаг суларч, Хятадын үйлдвэрүүд гарц муу байсантай холбоотой болохыг тайланд дурджээ.

Тайланг танилцуулсны дараагаар биржийн дараах зах зээл дээр тус компанийн хувьцаа 3 хувиар буурчээ.
Тайлангаас үзэхэд нийт 117.2 тэрбум ам.долларын орлого олсон бөгөөд нэгж хувьцаанд ногдох орлогын дүн 1.88 ам.доллар байна. Шинжээчид нэгж хувьцаанд ногдох орлогыг 1.94 ам.доллар хүрнэ гэж урьдчилан таамаглаж байсан юм.
Орлогын гүйцэтгэл хүлээлтэд хүрээгүйн улмаас ашгийн түвшин 7 хувиар буурч 2016 оноос хойш хамгийн бага ашигтай ажилласан улирал боллоо. Үүнд хамгийн хүчтэй нөлөөлсөн хүчин зүйл нь iPhone-ийн борлуулалт байжээ.
iPhone гар утасны борлуулалтын орлого 8 хувиар буурч 65.78 тэрбум ам.доллар болсон аж. Энэ нь өнгөрсөн оны 11 дүгээр сард Хятад улс ковид-19 цар тахлын эсрэг хөл хориог чангатгаснаар Женжөү хот дахь iPhone 14 Pro болон iPhone 14 Pro Max загварын ухаалаг утасны үйлдвэрлэл ихээхэн удааширсантай холбоотой гэжээ.
Орлогыг ангилж харвал, өмнөх оны мөн үед 19.52 тэрбум байсан засвар үйлчилгээний орлого өсөж 20.77 тэрбум ам.доллар болсон байна. Харин өмсөж, зүүх төрлийн ухаалаг хэрэгсэл болон гэр ахуйн ухаалаг хэрэгслийн орлого 14.07 тэрбум ам.доллараас буурч 13.48 тэрбум ам.доллар болсон бол iPad-ийн орлого 7.25 тэрбум ам.доллараас өсөж 9.4 тэрбум ам.доллар хүрчээ.

УНАЛТ
Аlphabet илүү олон жил бүсээ чангалах шаардлагатай гэв
Alphabet Inc-ийн дөрөвдүгээр улирлын гүйцэтгэл мөн л Уол Стрийтийн хүлээлтэд хүрсэнгүй.
Google-д сурталчилгаа нийлүүлэгч, үйлчлүүлэгчид нь цар тахлын үед нэмэгдүүлээд байсан сурталчилгааны зардлаа буцаан эрс багасгасан нь тус компанийн борлуулалтын орлого болон ашгийн төлөвлөгөө дутахад хүргэжээ.

Компанийн гүйцэтгэх удирдлагууд хөрөнгө оруулагчидтай уулзах үеэр даруухан байж, бүсээ чангалах, ялангуяа ажилд авах, үл хөдлөх хөрөнгө, туршилтын төслүүдийн зардлыг илүү олон жил танахаар төлөвлөж байгаагаа хэлжээ.
Тайланг танилцуулсны дараагаар, биржийн дараах зах зээл дээр компанийн хувьцааны ханш 5 орчим хувиар суларчээ. 2022 онд тус компани нийт үнэлгээнийхээ 40 хувийг алдаад байсан юм.

ӨСӨЛТ
Shell-ийн ашиг хоёр дахин өсжээ
Shell (SHEL:LON) компани 2022 онд 40 тэрбум ам.долларын ашиг олсон талаараа мэдээллээ. Орос Украйны зөрчилдөөн нь эрчим хүчний салбарын үнийг өсгөснөөр ашгийн түвшинг хоёр дахин өсгөж хөрөнгө оруулагчдадаа урьдчилан таамаглаагүй өндөр өгөөж өгөх боломжтой боллоо гэж тус компани мэдэгджээ.

Нэгдүгээр сарын 1-нд ажлаа хүлээн авсан гүйцэтгэх захирал Ваэл Саван анх удаагаа компанийн санхүүтэй холбоотой мэдээлэл хийсэн бөгөөд "Бид хувьцаа эзэмшигчдэдээ гайхалтай өгөөж өгөхийн зэрэгцээ сахилга баттай байхыг зорьж байна" гэжээ.
Тус компанийн дөрөвдүгээр улирлын орлого мөн л өндөр амжилт болж 9.8 тэрбум ам.доллар хүрсэн нь шингэрүүлсэн байгалийн хийн орлого хүчтэй сэргэлт үзүүлсэнтэй холбоотой байлаа. Шинжээчид тус компанийн шингэрүүлсэн байгалийн хийн орлогыг 8 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцож байв.
Ингэснээр тус компанийн жилийн ашиг 39.9 тэрбум ам.доллар хүрсэн аж. Үүнээс өмнө тус компани 2008 онд 31 тэрбум ам.долларын ашиг олж байсан нь хамгийн өндөр ашигтай ажилласан жил байжээ.

ЭДИЙН ЗАСАГ
Европын Төв Банк бодлогын хүүгээ өсгөлөө
Европын Төв Банк бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр нэмэгдүүлж, 3 дугаар сард дахин ижил хувиар өсгөх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдлээ. Сүүлийн үеийн тоон мэдээллээс үзэхэд Евробүсэд үнийн түвшин оройн цэгтээ хүрсэн байх магадлалтай байгаа ч бодлого тодорхойлогчид инфляцыг бууруулахад анхаарлаа хандуулсаар байна.

Европын Төв Банк мэдэгдэлдээ дурдсанаар инфляцыг дунд хугацаанд 2 хувьд хүргэхийн тулд мөнгөний бодлогыг хатууруулах бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гээд "Инфляцийн суурь дарамтыг харгалзан Удирдах зөвлөл 3 дугаар сард болох мөнгөний бодлогын дараагийн хурлаар бодлогын хүүг дахин 50 суурь нэгжээр өсгөхөөр төлөвлөж байгаа бөгөөд үүний дараа нь мөнгөний бодлогынхоо цаашдын чиг хандлагыг дахин үнэлэх болно" гэжээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр Европын Төв Банкны ерөнхийлөгч Кристен Лагард хэлэхдээ энэ удаа болон гуравдугаар сард бодлогын хүүг сард дахин 50 суурь нэгжээр өсгөх тал дээр удирдах зөвлөл маш том зөвшилцөлд хүрсэн гэжээ. Харин түүнээс цааш бодлогын хүүг өсгөхгүй зах зээлийн таамаглалд тэрбээр ямар нэгэн тодорхой хариу өгөөгүй байна.
Мөн Английн Төв Банк бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр өсгөж байгаагаа өчигдөр мэдэгдсэн бөгөөд инфляцтай хийж буй тэдний тэмцэл дуусах болоогүйг цохон тэмдэглэжээ.

ДОТООДЫН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
Монголын Хөрөнгийн Биржийн 2 сарын 2-ны өдрийн арилжааны мэдээ

2023 оны 2 дугаар сарын 2-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн2,987,959,800 төгрөгийн үнийн дүн бүхий 1,423,642 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсөж, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
"Стандарт проперти групп" ХК (BBD +15.00%)
"Сонсголон бармат" ХК (SSG +15.00%)
"Багануур" ХК (BAN +14.91%)
Хамгийн их бууралттай:
"Крипто Үндэстэн" ХК (CNF -13.69%)
"Бодь Даатгал" ХК (BODI -5.50%)
"Ард кредит ББСБ" ХК (ADB -4.59%)
Өчигдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 29,040 ширхэг нэгж эрхийг 10,657,367 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 37 ширхэг үнэт цаасыг 3,698,900 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг бондыг 1,000,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.78 хувиар өсөж, 38,063.47 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,903,826,924,647 төгрөг боллоо.

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа
Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.
Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.
☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
