Мета компанийн хувьцаа 17 хувиар өслөө

АНУ-ын бодлогын хүү ба ам.долларын сулралт | Газрын тосны нийлүүлэлт | Microsoft Teams+ChatGPT

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • Мета компанийн хувьцаа 17 хувиар өслөө | Meta Platforms Inc-ийн 4 дүгээр улирлын тайлангийн үзүүлэлтүүд сайн гарснаар хувьцааны ханш нь 17 хувиар өслөө.

  • ХНС бодлогын хүүг 0.25 хувиар нэмэгдүүллээ | Энэхүү шийдвэртэй холбоотойгоор валютын зах зээл дээр ам.долларын ханш суларч сүүлийн 9 сарын доод түвшинд хүрээд байна.

  • ChatGPT-ээр "зэвсэглэсэн" шинэ Teams-ийг танилцууллаа | Microsoft Corp компани Цахиурын хөндийд хувьсал авчирсан ChatGPT -ээр хүч нэмсэн шинэ Teams Premium үйлчилгээг санал болгож байгаагаа өчигдөр мэдэгдлээ.

  • ОПЕК+ гарцын таналтаа хэвээр үлдээлээ | ОПЕК+ тохиролцоогоо 2023 оныг дуустал тууштай хэрэгжүүлэх санал дээр нэгдэж байгаагаа дахин нотоллоо" гэж ОПЕК хурлын дараа хийсэн мэдэгдэлдээ дурджээ.

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | 49 хувьцаат компанийн 973,245,070 төгрөгийн үнийн дүн бүхий 1,324,945 ширхэг хувьцаа арилжаалагджээ

section break

ӨСӨЛТ

Мета компанийн хувьцаа 17 хувиар өслөө

Meta Platforms Inc (NASDAQ:META)-ийн 4 дүгээр улирлын тайлангийн үзүүлэлтүүд сайн гарснаар хувьцааны ханш нь 17 хувиар өслөө. Тухайлбал, орлого нь 32.17 тэрбум ам.доллар хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4 хувиар буурсан дүн боловч шинжээчдийн урьдчилсан таамаг 31.53 ам.доллараас өндөр дүн байлаа.

Харин нэгж хувьцаанд ногдох орлого 1.76 ам.доллар байгаа нь тооцоолж байсан 2.25 ам.доллараас бага байлаа. Цэвэр ашиг 55 хувиар буурч 4.65 тэрбум ам.доллар болжээ.

Платформ дээр өдөр бүр идэвхтэй байдаг хэрэглэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 5 хувиар өсөж 2.96 тэрбум хүрсэн бол сар тутам ашигладаг хэрэглэгчийн тоо 4 хувиар өсөж 3.74 тэрбум болж нэмэгджээ.

“Бидний хиймэл оюун ухааны нээлтийн үр ашигт байдал болон Reels дээр хийж буй ахиц дэвшил нь энэ амжилтын гол түлхүүр юм. Үүнээс гадна, менежментийн талаас 2023 он бидний хувьд "Үр ашигтай ажиллах жил" бөгөөд бид илүү хүчирхэг, илүү уян хатан байгууллага болоход анхаарлаа хандуулж байна" хэмээн Meta-г үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Марк Зукерберг хэлжээ.

Энэ оны эхний улирлын тухайд компани 26-28.5 тэрбум ам.долларын орлого олохоор төсөөлж байгаа аж. Төсөөллийг бүтэн жилээр авч үзвэл нийт зардал 89-95 тэрбум ам.долларын хооронд байгаа нь өмнөх тооцоолол болох 94-100 тэрбум ам.доллараас буурсан дүн бөгөөд энэ нь цалин болон үйл ажиллагааны зардлын хүлээгдэж буй өсөлтийг бууруулсантай холбоотой юм.

Мөн тус компани хувьцаагаа эргүүлэн худалдан авах зөвшөөрлөө 40 тэрбум ам.доллар болгож нэмэгдүүлснээ зарлажээ.

section break

ЭДИЙН ЗАСАГ

ХНС бодлогын хүүг 0.25 хувиар нэмэгдүүллээ

Холбооны нөөцийн сан лхагва гарагт болсон бодлогын зөвлөлийн уулзалтаар бодлогын хүүг 25 суурь нэгжээр нэмэгдүүлэх шийдвэр гаргасан бөгөөд инфляцыг бууруулах зорилтын хүрээнд цаашид мөнгөний бодлогыг чангатгах шаардлагатай байгааг онцоллоо.

Ингэснээр АНУ-ын төв банкны бодлогын хүү 4.75 хувь хүрч байгаа бөгөөд өмнөх хуралдаанаар мөн 0.25 хувиар нэмэгдүүлж 4.5 хувьд хүргээд байсан юм. Өөрөөр хэлбэл, мөнгөний чанга бодлого баримтлах болсноос хойш бодлогын хүүг хоёр дахь удаагаа бага хувиар нэмэгдүүлж буй нь энэ юм. 2022 онд бодлогын хүүг дөрвөн удаа 75 суурь нэгжээр нэмэгдүүлсний дараа 12 дугаар сард 50 суурь нэгжээр өсгөх шийдвэр гарснаар шинжээчид төв банкийг бодлогын хүүг чангатгах хурдаа сааруулж байна гэж үзэх болсон юм.

Энэхүү шийдвэртэй холбоотойгоор валютын зах зээл дээр ам.долларын ханш суларч сүүлийн 9 сарын доод түвшинд хүрээд байна. Ам.долларын индекс 1 хувиар буурч 101.08 нэгж болсон нь 2022 оны 4 дүгээр сараас хойших хамгийн сул түвшин юм. Ам.долларын индексийн фьючерсүүд үүнээс ч доогуур буюу 100.957 нэгж хүрчээ.

section break

БИЗНЕС

ChatGPT-ээр "зэвсэглэсэн" шинэ Teams-ийг танилцууллаа

Microsoft Corp (NASDAQ:MSFT) компани Цахиурын хөндийд хувьсал авчирсан ChatGPT -ээр хүч нэмсэн шинэ Teams Premium үйлчилгээг санал болгож байгаагаа өчигдөр мэдэгдлээ.

Энэхүү тусгай үйлчилгээ нь сард 10 ам.долларын төлбөртэй бөгөөд 7 дугаар сар хүртэл 7 ам.доллараар санал болгох аж.

OpenAI-ийн хөгжүүлсэн Chat GPT нь хурлын тэмдэглэл, ажлын жагсаалт зэргийг автоматаар үүсгэх бөгөөд Teams-ийн хэрэглэгчдэд хурлын бүтэц, загварыг гаргахад нь тус болох аж.

Microsoft компани OpenAI-д олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр болсон тухайгаа өнгөрсөн сард мэдэгдэж, ChatGPT-ийн технологийг өөрийн бүхий л бүтээгдэхүүнд нэвтрүүлж, Alphabet (NASDAQ:GOOGL) Inc-ийн Google-тэй өрсөлдөхүйц хайлтын систем болгож хөгжүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа дурдаж байсан юм.

Шүлэг, зохиол бичиж чаддаг чатбот програм нь технологийн аварга тоглогчдын бүх нөөцөө зарцуулж байгаа хиймэл оюун ухааны талбарт тэргүүлэгчийн байр суурийг хэдийнээ эзлээд байгаа юм.

ChatGPT компани мөн хэрэглэгчдэдээ илүү хурдтай, шинэ боломжууд бүхий сайжруулсан хувилбараа сарын 20 ам.долларын төлбөртэйгөөр санал болгохоор болсон н байна.

section break

ТАВААР

ОПЕК+ гарцын таналтаа хэвээр үлдээлээ

ОПЕК+ бүлгийн хурал өчигдөр боллоо. Хятадын эрэлт нэмэгдэж байгаа боловч, Оросын нийлүүлэлтийн хэтийн төлөв тодорхойгүй байгааг харгалзан үзэж ОПЕК-ийн бүлгийн одоогийн бодлого буюу олборлолын хязгаараа хэвээр хадгалах шийдвэрт хүрлээ.

Газрын тос экспортлогч орнуудын бүлэг буюу ОПЕК болон ОХУ-ын төлөөлөгчдийн хамтарсан хуралдаан цахим хэлбээрээр зохион байгуулагдаж 30 минут хүрэхгүй хугацаанд өндөрлөжээ.

Сайд нарын хамтарсан хяналтын хороо (JMMC-Joint Ministerial Monitoring Committee) гэж нэрлэгдсэн тус зөвлөлд багтсан сайд нар олборлолтын тоо баримттай танилцаж, "ОПЕК+ тохиролцоогоо 2023 оныг дуустал тууштай хэрэгжүүлэх санал дээр нэгдэж байгаагаа дахин нотоллоо" гэж ОПЕК хурлын дараа хийсэн мэдэгдэлдээ дурджээ.

ОПЕК+ өнгөрсөн оны 11 дүгээр сард 2023 оныг дуустал өдрийн гарцаа 2 сая баррелиар буюу дэлхийн нийт эрэлтийн 2 хувьтай тэнцэх хэмжээгээр бууруулахаар тохиролцсон юм.

Газрын тосны ханш дэлхийн эдийн засаг удаашрах хүлээлттэй холбоотойгоор шинэ оныг уналттайгаар эхлүүлсэн ч Хятадын эрэлт сэргэх найдвар бий болсноор ханш нь эргэн өсөж эхэлсэн юм.

JMMC-ийн цахим уулзалтын дараа Брент газрын тосны ханш 85 ам.доллар орчимд тогтвортой байлаа.

section break

ДОТООДЫН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Монголын Хөрөнгийн Биржийн 1 сарын 31-ний өдрийн арилжааны мэдээ

2023 оны 2 дугаар сарын 1-ний өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 973,245,070 төгрөгийн үнийн дүн бүхий 1,324,945 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсөж, 27 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Хамгийн их өсөлттэй:

  • "Жидакс" ХК (SOH +4.17%)

  • "Тэнгэрлиг медиа групп" ХК (EER +2.89%)

  • "Шарын гол" ХК (SHG +1.80%)

Хамгийн их бууралттай:

  • "Баянгол зочид буудал" ХК (BNG -12.75%)

  • "Сүү" ХК (SUU -7.03%)

  • "Ремикон" ХК (RMC -6.45%)

Өчигдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 17,830 ширхэг нэгж эрхийг 13,918,080 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 1,465 ширхэг үнэт цаасыг 146,329,210 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,152 ширхэг бондыг 114,959,880 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.53 хувиар буурч, 37770.2 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,891,899,259,125 төгрөг боллоо.

section break

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа

Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.

Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.

☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

section break

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!