- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Голомт Банкны хувьцаа эзэмшигчдийн хурал болоход 1 хоног үлдлээ
Голомт Банкны хувьцаа эзэмшигчдийн хурал болоход 1 хоног үлдлээ
Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Голомт Банкны хувьцаа эзэмшигчдийн хурал болоход 1 хоног үлдлээ | Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал нь маргааш 10:00 цагт Шангри Ла зочид буудлын хүлээн авалтын Их танхимд зохион байгуулагдана.
Статистик мэдээллүүд зарлагдсанаар бондуудын өгөөж буурлаа | 10 жилийн хугацаат бондын өгөөж 2.8 суурь нэгжээр буурч 3.524 хувь хүрсэн бол 30 жилийн хугацаат бондын өгөөж 0.6 суурь нэгжээр бурч 3.654 хувь болжээ.
Snapchat-ын орлогын хүлээлт муу байгаагаас хувьцааны ханш нь унав | Энэ улиралд орлого нь 10 орчим хувиар буурах хүлээлттэй байна гэж мэдэгдсэний улмаас Snap Inc компанийн хувьцаа 14 хувиар уналаа.
AMD-ийн гүйцэтгэл хүлээлтийг давсан ч ирээдүйдээ итгэл муу байна | 4 дүгээр улирал тус компани 5.6 тэрбум ам.долларын орлого олжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 44 хувиар өссөн дүн юм.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | 19 компанийн хувьцааны ханш өсөж, 17 компанийн хувьцааны ханш буурчээ

ҮЙЛ ЯВДАЛ
Голомт Банк ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал болоход 1 хоног үлдлээ
Голомт банк ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 00/27 тоот тогтоолын дагуу хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг 2023 оны 2 дугаар сарын 2-нд зохион байгуулахаар болсон билээ.

Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал нь маргааш 10:00 цагт Шангри Ла зочид буудлын хүлээн авалтын Их танхимд зохион байгуулагдах бөгөөд дараах асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэх юм:
Голомт банкны танилцуулга
Голомт банкны өөрийн хөрөнгө нэмэгдүүлсэн байдал
Голомт банкны Хувьцаат компанийн дүрэм батлах тухай
Төлөөлөн удирдах зөвлөлийг сонгох тухай
Хувьцаа эзэмшигч та www.golomtbank.com цахим хуудаст хандан хурлын материалтай танилцах боломжтой.
Эрхэм хөрөнгө оруулагч та бүхнийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хуралдаа идэвхтэй оролцохыг хүсье.

ЭДИЙН ЗАСАГ
Статистик мэдээллүүд зарлагдсанаар бондуудын өгөөж буурлаа
Мягмар гарагт цалин өсөж, орон сууцны зах зээл хөрж, богино хугацаат бондын өгөөж сарын хөдөлгөөн нь сүүлийн гурван жилийн хамгийн гүнзгий уналтаа харуулсан зэрэг эдийн засгийн үзүүлэлтүүд танилцуулагдсанаар хоёр долоо хоногийн оройн цэгээ аваад байсан АНУ-ын бондын зах зээлийн жишиг 10 жилийн хугацаат бондын өгөөж буурлаа.

Ажил олголтын өртгийн индекс дөрөвдүгээр улиралд нэг хувь өсжээ. Энэ нь 2022 оны нэгдүгээр улиралд 1.4 хувийн өсөлттэй байсантай харьцуулахад буурсан дүн юм. Үүний зэрэгцээ цалин, хөдөлмөрийн хөлсний хэмжээ мөн 1 хувиар өссөн нь өмнөх улирлын өсөлт болох 1.3 хувиас мөн буурсан дүн болохыг статистик мэдээ харууллаа.
Орон сууцны үнэ өнгөрсөн оны 11 дүгээр сард 6.8 хувийн өсөлттэй гарсан нь өмнөх оны мөн үетэй адил байгаа боловч өмнөх сарын 8.7 хувийн өсөлтөөс буурсан дүн болохыг 20 метрополитон хотод хэмждэг S&P CoreLogic Case-Shiller Home Price индексийн хөдөлгөөнөөс харж болохоор байна.
Мягмар гарагт, эдийн засгийн статистик мэдээллүүд зарлагдсанаар "Хэрэглэгчид шинэ оныг ямархан сэтгэл зүйтэйгээр эхлүүлж байгаа талаар олон мэдээллийг өгч байгаа бөгөөд нэг нь гэвэл өрхүүдийг сөрсөн салхитай байна" хэмээн BMO Capital Markets-ийн АНУ-ын хүүгийн стратегийн багийн стратегич Benjamin Jeffery өгүүлжээ.
10 жилийн хугацаат бондын өгөөж 2.8 суурь нэгжээр буурч 3.524 хувь хүрсэн бол 30 жилийн хугацаат бондын өгөөж 0.6 суурь нэгжээр бурч 3.654 хувь болжээ.
Цалин болон өрхийн зардлын өсөлт нь ХНС-гийн инфляцын эсрэг тэмцэх ажилд гол асуудал болж буй. Төв банк өнөөдөр болох бодлогын зөвлөлийн хуралдаанаар бодлогын хүүг 0.25 суурь нэгжээр өсгөж 4.75 хувьд хүргэхээр хүлээгдэж байгаа юм.

УНАЛТ
Snapchat-ын орлогын хүлээлт муу байгаагаас хувьцааны ханш нь унав
Энэ улиралд зар сурталчилгааны эрэлт муу байгаагаас орлого нь 10 орчим хувиар буурах хүлээлттэй байна гэж мэдэгдсэний улмаас Snap Inc компанийн хувьцаа 14 хувиар уналаа.

Компани 4 дүгээр улиралд 1.3 тэрбум ам.долларын орлого олсон нь өмнөх жилийн мөн үетэй ижил байгаа бөгөөд шинжээчдийн таамаглалтай нийцэж байгаа юм. Харин цэвэр алдагдал нь 288 сая ам.доллар хүрсэн нь өмнөх жилийн мөн үед 23 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллаж байсантай харьцуулахад муу мэдээ байлаа.
Хөрөнгө оруулагчдад хаягласан захидалдаа тэд эдийн засаг суларч, зах зээлийн өрсөлдөөн ширүүссэн болон платформын баримтлах бодлогын өөрчлөлт нь бизнест муугаар нөлөөлсөөр байгааг дурдсан байна.
Apple (NASDAQ:AAPL) компани 2021 онд iPhone хэрэглэгчдийн нууцлалын бодлогын хүрээнд сурталчилгаа нийлүүлэгчдэд зорилтот харилцагчдын мэдээлэл цуглуулах боломжийг хязгаарласан юм.
Гүйцэтгэх захирал Evan Spiegel шинжээчидтэй хийсэн уулзалтын үеэр тус компани зар сурталчилгааны үр ашигт байдлыг нэмэгдүүлж, хэмжих боломжийг нь сайжруулах тал дээр ажиллаж байгаа боловч энэ нь цаг хугацаа, хөрөнгө оруулалт шаардах ажил болохыг дурджээ.
Мягмар гарагийн арилжаагаар Meta компанийн хувьцаа 2 хувь, Alphabet компанийн хувьцаа 1 хувь, Pinterest компанийн хувьцаа 5 хувиар тус тус суларсан байна.

ӨСӨЛТ
AMD-ийн гүйцэтгэл хүлээлтийг давсан ч ирээдүйдээ итгэл муу байна
Өчигдөр AMD компани 2022 оны 4 дүгээр улирлын тайлангаа танилцууллаа. Тайлангийн гол үзүүлэлтүүд шинжээчдийн хүлээлтийг давсан болов ч дараагийн улирлын төсөөллөө бууруулж тооцжээ.

Тайланг олон нийтэд танилцуулсны дараа буюу бирж хаагдсаны дараах арилжаагаар AMD-ийн ханш 1.41 хувиар өслөө. Тайлангийн голлох үзүүлэлтүүдээс дурдвал:
Нэгж хувьцаанд ногдох ашиг 0.69 ам.доллар гарав. Шинжээчид энэхүү үзүүлэл 0.67 ам.доллар гарна гэж хүлээж байсан юм.
Харин борлуулалтын орлогын хувьд шинжээчид 5.5 тэрбум ам.доллар хүрнэ гэсэн хүлээлттэй байсан бол 5.6 тэрбум ам.долларын орлого тайлагнажээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 44 хувиар өссөн дүн юм.
AMD-ийн төсөөлж байгаагаар 2023 оны 1 дүгээр улиралд борлуулалтын орлого өмнөх оны мөн үеэс 10 хувиар буурч 5.3 тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Харин шинжээчид 1 дүгээр улирлын борлуулалтын орлогыг 5.47 тэрбум ам.доллар гарна гэж хүлээж байгаа юм.
AMD-ийн гүйцэтгэх захирал Lisa Su-гийн хэлж байгаагаар компютерийн зах зээлийн нөхцөл байдал муу байгаа бөгөөд тус зах зээл 2023 онд 10 хувиар хумигдах төлөвтэй байгаа аж.

ДОТООДЫН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
Монголын Хөрөнгийн Биржийн 1 сарын 31-ний өдрийн арилжааны мэдээ

2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр энгийн арилжаагаар 40 хувьцаат компанийн 398,226,163 төгрөгийн үнийн дүн бүхий 856,973 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсөж, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
"Материалимпекс" ХК (MIE +14.47%)
"Ариг гал" ХК (EER +12.20%)
"Крипто Үндэстэн" ХК (CNF +9.98%)
Хамгийн их бууралттай:
"Булигаар" ХК (MBG -11.47%)
"Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR -9.40%)
"Айтүүлс" ХК (ITLS -5.15%)
Өчигдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 39,502 ширхэг нэгж эрхийг 4,925,672 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 77 ширхэг бондыг 7,684,920 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.77 хувиар өсөж, 37,973.15 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,914,102,319,263 төгрөг боллоо.

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа
Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.
Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.
☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
