• Голомт Капитал ҮЦК
  • Posts
  • Путин экспортын үнэ тогтоох эрхийг компаниудад өгснөөр газрын тосны үнэ 2 хувь суларлаа

Путин экспортын үнэ тогтоох эрхийг компаниудад өгснөөр газрын тосны үнэ 2 хувь суларлаа

Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • Путин экспортын үнэ тогтоох эрхийг компаниудад өгснөөр газрын тосны үнэ 2 хувь суларлаа | ОХУ-ын газрын тос олзворлогч компаниудад борлуулалтын үнийн ямар нэг хязгаар тогтоогоогүй бөгөөд үнээ өөрсдөө тогтоох эрхийг экспортлогчдод өгсөн тухай Reuters мэдээллээ.

  • ОУВС 2023 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө өсгөлөө | ОУВС эдийн засгийн шинэчилсэн төсөөллөө өчигдөр олон нийтэд танилцуулж, дэлхийн эдийн засаг энэ онд 2.9 хувиар өснө гэж төсөөлж байгаагаа мэдэгдлээ.

  • Форд компани Mustang Mach-E цахилгаан автомашиныхаа үнийг 5900 ам.доллараар бууруулна гэв | Wedbush Securities-ийн шинжээч Dan Ives үүнийг цахилгаан автомшины салбар дахь үнийн дайны эхлэл гэж дүгнэж байна.

  • Самсунг Электрониксийн ашиг 8 жилийн доод түвшинд хүрчээ | 4 дүгээр улиралт тус компанийн ашиг 69 хувиар агшсан байна.

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | ТOP-20 индекс 0.49 хувиар буурч, 37,682.07 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,922,690,129,329 төгрөг боллоо.

section break

ТАВААР

Путин экспортын үнэ тогтоох эрхийг компаниудад өгснөөр газрын тосны үнэ 2 хувь суларлаа

Оросын газрын тосны худалдан авалтад барууны орнуудын тавьсан үнийн дээд хязгаарыг мөрдөхгүй гэсэн байр сууриа Кремль мэдэгдсээр буй. Гэхдээ бодит байдалд Путин ОХУ-ын газрын тос олзворлогч компаниудад борлуулалтын үнийн ямар нэг хязгаар тогтоогоогүй бөгөөд үнээ өөрсдөө тогтоох эрхийг экспортлогчдод өгсөн тухай Reuters мэдээллээ.  

Энэхүү мэдээ нийтлэгдсэний дараа газрын тосны ханш ойролцоогоор 2 хувь суларч, хоёр дахь өдрөө уналттай арилжаалагдлаа.

Нью-Йоркийн биржид арилждаг WTI газрын тосны фьючерс 1.78 ам.доллараар буюу 2.2 хувиар буурч 77.9 ам.доллар болсон бол тухайн өдрийн арижааны хамгийн доод цэг 77.75 ам.доллар байжээ.  

Лондонгийн бирж дээр Брент газрын тосны ханш 1.76 ам.доллараар буюу 2 хувиар буурч 84.9 ам.доллараар хаагджээ. Арилжааны үеэр ханш 84.33 ам.доллар хүртэл унасан байна. 

Их-7 бүлгийн улс орнууд ОХУ-аас худалдан авах газрын тосыг дэлхийн зах зээлээс даруй 25-35 ам.доллараар бага үнэ санал болгож байгаа билээ. 

section break

ЭДИЙН ЗАСАГ

ОУВС 2023 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө өсгөлөө

ОУВС эдийн засгийн шинэчилсэн төсөөллөө өчигдөр олон нийтэд танилцуулж, дэлхийн эдийн засаг энэ онд 2.9 хувиар өснө гэж төсөөлж байгаагаа мэдэгдлээ.

Өмнөх төсөөллөөр буюу 2022 оны 10 дугаар сарын байдлаар 2023 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг 2.7 хувь гэж төсөөлж байсан юм.

Эдийн засгийн төсөөллөө өсгөхөд АНУ зэрэг хэд хэдэн улс орны эдийн засгийн дотоод орчин нөхцөл өмнө нь төсөөлж байснаас сайн байгаа нь нөлөөлсөн хэмээв. Үүнээс гадна, эдийн засгийн төсөөлөлд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс ч байгаа бөгөөд тухайлбал, царт тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор БНХАУ-ын эдийн засаг эргээд хаагдах эрсдэл бодитой, инфляц буурахгүй байх, ОХУ Украйны дайн цаашид хурцдах зэрэг хүчин зүйлс нөлөөлөх боломжтойг цохон тэмдэглэлээ.

Хэдийгээр ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө нэмэгдүүлсэн нь сайн мэдээ боловч 2022 оны 3.4 хувийн өсөлтөөс багаар таамагласан хэвээр байна.

section break

ӨРСӨЛДӨӨН

Форд компани Mustang Mach-E цахилгаан автомашиныхаа үнийг 5900 ам.доллараар бууруулна гэв

Ford Motor Co компани өөрсдийн үйлдвэрлэдэг Mustang Mach-E цахилгаан автомашины борлуулалтын үнийг 5900 ам.доллар хүртэлх дүнгээр хямдруулахаар болжээ. 

Өнгөрсөн долоо хоногт зах зээлийн гол өрсөлдөгч Тесла (NASDAQ:TSLA) дэлхий даяар автомашиныхаа үнийг 20 хүртэлх хувиаар бууруулснаар борлуулалт нэмэгдсэн тухай тайлангаа танилцуулсан билээ.   

Харин хөрөнгийн зах зээл дээр эдгээр компанийн хувьцааны ханшийг харвал Фордын хувьцаа 2.9 хувь унаж 12.89 ам.доллар болсон бол Теслагийн хувьцаа 6.3 хувь буурчээ. 

Wedbush Securities-ийн шинжээч Dan Ives энэ талаар Твиттер хуудаснаа "Форд болон Женерал Моторс компанийн хувьд Маскийн цахилгаан автомшины эзэнт гүрний эсрэг зах зээл дээр эзлэх хувь хэмжээний төлөөх дайнд татагдан орлоо. Тесла сүүлд үнээ бууруулснаар үйлдвэрлэлийн хүчин чадлаас хоёр дахин их эрэлт үүссэн гэж Маск хэлсэн нь үүний нотолгоой юм. Цахилгаан автомашины үний дайн эхэллээ" гэж бичжээ. 

Ингэснээр Форд Mach-E-ийн хувьд 7500 ам.долларын татварын хөнгөлөлт эдлэх өөр нэгэн боломж гарч ирж байгаа бөгөөд үүний тулд уг цахилгаан автомашины жижиглэнгийн борлуулалтын үнэ 55 мянган ам.доллараас хэтрэхгүй байх ёстой юм. 

Форд нь энэ онд "Mach-E"-ийн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд  Мехико дахь үйлдвэрийнхээ гарцыг 130 мянган автомашинд хүргэхээр төлөвлөж байгаагаа өнгөрсөн оны 11 дүгээр сард мэдэгдэж байсан юм. Тус үйлдвэр 2022 онд 78 мянган автомашин үйлдвэрлэсэн байна. Хятад дахь үйлдвэрийг оруулж тооцвол "Mach-E"-ийн нийт үйлдвэрлэлийг 2023 оны эцэс гэхэд 270,000 хүргэхээр Форд төлөвлөж буй.  

section break

БИЗНЕС

Самсунг Электрониксийн ашиг 8 жилийн доод түвшинд хүрчээ

Samsung Electronics (OTC:SSNLF) Co Ltd улирлын тайлангаа танилцуулж сүүлийн 8 жилд хүрч байгаагүй хамгийн бага ашигтай ажилласан улирал болсныг цохон тэмдэглэлээ. 

Түүнчлэн энэ оны эхний хагаст макро эдийн засгийн тодорхойгүй байдал хэвээр үргэлжлэх бөгөөд хоёрдугаар хагасаас эрэлт сэргэнэ гэсэн хүлээлттэй байгаагаа тэд хуваалцжээ. 

Эдийн засаг суларсантай холбоотойгоор худалдан авалт буурсан нь санах ойн чипний үнэ буурахад нөлөөлсан нь хагас дамжуулагчийн болон ухаалаг утасны дэлхий зах зээл дээрх хамгийн том үйлдвэрлэгчийн ашгийг 69 хувиар агшихад хүргэсэн гол хүчин зүйл болсныг тэд дурдлаа.  

Тус компани 2022 оны сүүлийн улиралд 4.3 их наяд вон (3.49 тэрбум ам.доллар)-ын үйл ажиллагааны ашиг олсон нь 2014 оноос хойш ажиглагдаагүй бага дүн болжээ. Орлогын хувьд 8 хувиар буурч 70.5 их наяд вон болжээ. 

Чипний салбарын ашиг 270 тэрбум воноор багасаж 8.83 их наяд вон хүрсэн нь өмнөх оны мөн үетэй тэнцүү байгаа юм. 

Санах ойн чипний ханш 2022 онд хоёр оронтой хувиар буурсан бөгөөд хэрэглэгчид худалдан авалтаа багасгах хандлага хэвээр хадгалагдаж байгаа тул энэ оны эхний улиралд үнэ үргэлжлэн буурна гэж шинжээчид үзэж байна.  

section break

ДОТООДЫН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Монголын Хөрөнгийн Биржийн 1 сарын 27-ны өдрийн арилжааны мэдээ 

2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 711,282,031 төгрөгийн үнийн дүн бүхий 1,504,498 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсөж, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн ханш тогтвортой байлаа.

Хамгийн их өсөлттэй:

  • "Жидакс ХК (SOH +13.83%)

  • "Крипто Үндэстэн ХК (CNF +12.57%) болон

  • "Жуулчин дюти фрий ХК (SUL +11.19%)

Хамгийн их бууралттай:

  • "Хөх ган ХК (HGN -14.00%),

  • "Фронтиер Лэнд Групп ХК (MDR -10.00%)

  • "Эрдэнэс сольюшинс ХК (AMT -8.70%)

Өчигдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 8911 ширхэг нэгж эрхийг 3,270,651 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 304 ширхэг бондыг 30,365,220 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 101 ширхэг үнэт цаасыг 10,100,000 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.49 хувиар буурч, 37,682.07 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,922,690,129,329 төгрөг боллоо.

section break

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Сэндли бондын хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/288 тоот албан бичгээр "Сэндли ББСБ” ХК-ийн нийтэд санал болгон арилжаалсан "Сэндли Бонд"-ын анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцсон бөгөөд энэхүү бондын хоёрдогч зах зээлийн арилжааг ө2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс BEND-BD-30/07/24-C0039-19.2 гэсэн симболтойгоор эхлүүллээ. 

section break

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа

Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.

Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.

☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

section break

 Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!