- Голомт Капитал ҮЦК
- Posts
- ХНС-гийн шийдвэр гартал алтны ханш тогтворжих хандлагатай байна
ХНС-гийн шийдвэр гартал алтны ханш тогтворжих хандлагатай байна
Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

Эрхэм харилцагчид, хөрөнгө оруулагч та бүхэндээ өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна.
ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
ХНС-гийн шийдвэр гартал алтны ханш тогтворжих хандлагатай байна | Спот ханш 0.1 хувь өсөж 1923.95 ам.доллар хүрсэн бол фьючерс 1928.64 ам.доллар орчимд тогтвортой байжээ.
Хятадын ухаалаг утасны борлуулалт сүүлийн 10 жилийн доод түвшинд хүрчээ | Хятадын ухаалаг утасны борлуулалт 2022 онд 13 хувиар буурсан нь сүүлийн 10 жилийн хугацаанд гарсан хамгийн том уналт юм.
Өнгөрсөн долоо хоногт дотоод мэдээллээр хийгдсэн арилжаанууд | Компанийн удирдах ажилтнууд хувьцаагаа худалдан авч ашиг хийсэн топ 3 тохиолдлыг танилцуулж байна.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | 37 хувьцаат компанийн 425,297,691 төгрөгийн үнийн дүн бүхий 875,580 ширхэг хувьцаа арилжаалагджээ.

ҮНЭТ МЕТАЛ
ХНС-гийн шийдвэр гартал алтны ханш тогтворжих хандлагатай байна
Өнөө өглөөний арилжаагаар алтны ханш маш тогтвортой байсан нь энэ долоо хоногт Холбооны Нөөцийн Сангийн мөнгөний бодлогын шийдвэр гарахаар хүлээгдэж буйтай холбоотой байлаа. Учир нь эдийн засаг удааширч байгаа шинж тэмдгүүд илэрч эхэлсэн тул ХНС бодлогын хүүг хэр чангатгахаас их зүйл хамаарах юм.

Шинжээчдийн урьдчилан таамаглаж буйгаар энэ удаад бодлогын хүү 25 суурь нэгжээр нэмэгдэх магадлалтай. Гэхдээ сүүлийн үед ил болсон статистик мэдээллүүд нь холимог дүр зурагтай байгаа тул бодлогын хүүг хэд болгож нэмэгдүүлэхийг урьдчилан хэлэхэд эрт байна. Тухайлбал, сүүлийн саруудад инфляц буурч байгаа боловч ХНС-гийн зорилтот түвшин болох 2 хувиас өндөр хэвээр л байна. Мөн АНУ-ын хөдөлмөрийн зэх зээл болон эдийн засгийн өсөлтийн бууралт нь 2022 оны сүүлийн улиралд хүлээгдэж байснаас бага гарсан тул ХНС бодлогын хүүгээ нэмэгдүүлсээр байх төлөвтэй.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар төв банк нь алт зэрэг өгөөжийн бус зах зээлийн төлөвт сэтгэл хангалуун бус байгаа аж. Түүнчлэн зах зээлийн оролцогч талууд энэ долоо хоногийн эцсээр танилцуулагдах хөдөө аж ахуйн бус салбаруудын цалингийн мэдээлийг хүлээж байна.
Спот ханш 0.1 хувь өсөж 1923.95 ам.доллар хүрсэн бол фьючерс 1928.64 ам.доллар орчимд тогтвортой байжээ.
Энэ жилийн хувьд шар металын ханш дэлхийн эдийн засаг удаашрах айдсаар өдөөгдөж байгаа. Тиймд арилжаачид бодлогын хүүгийн өсөлт удаашрахтай зэрэгцээд ам.доллар суларна гэж хүлээх хандлагатай байна.
Гэвч АНУ-ын эдийн засаг дөрөвдүгээр улиралд хүлээгдэж байснаас илүү өссөн мэдээлэл гарсны дараа алтны ханш сүүлийн есөн сарын оройн цэгт хүрч тогтворжсон нь инфляци өндөр, хүүгийн түвшин өссөн ч эрэлт өндөр хэвээр байгааг харуулж байна.

ЗАХ ЗЭЭЛ
Хятадын ухаалаг утасны борлуулалт сүүлийн 10 жилийн доод түвшинд хүрчээ
Хятадын ухаалаг утасны борлуулалт 2022 онд 13 хувиар буурсан нь сүүлийн 10 жилийн хугацаанд гарсан хамгийн том уналт бөгөөд энэ хэрэглэгчдийн зарцуулалт үлэмж буурсантай холбоотой гэж зах зээлийн судалгааны IDC фирм мэдээлжээ.

Нийт нийлүүлсэн төхөөрөмжийн тоо 286 сая байсан нь өмнөх оныхоос 43 саяаар буурсан үзүүлэлт юм. Энэ нь 2013 оноос хойших хамгийн бага үзүүлэлт бөгөөд мөн 300 саяас доош нийлүүлэлт хийгдсэн анхны тохиолдол болж байна.
Андройд үйлдлийн систем бүхий Vivo утас нь хамгийн их борлуулагдсан бүтээгдэхүүн болж зах зээлийн 18.6 хувийг дангаар эзэлж байгаа боловч өмнөх жилтэй харьцуулахад борлуулалтын хэмжээ нь 25.1 хувиар буурсан байна.
Харин Honor брэндийн борлуулалт 34 хувиар өсөж, нийт борлуулалтын хэмжээгээр хоёрдугаарт орж иржээ. Харин гуравдугаар байрыг Apple Inc (NASDAQ:AAPL) болон Oppo хуваан эзэлсэн байна. Зах зээлийн уналтыг дагаад Apple-ийн нийт борлуулалт 4.4 хувиар буурчээ.
Ковид-19 цар тахлын үеийн хязгаарлах арга хэмжээг 2022 оны хавар хэд хэдэн хотод чангатгасны улмаас тус улсын эдийн засаг бараг хагас зууны туршид үзээгүй хамгийн муу түвшинд унасан юм.
Хятадын ухаалаг утасны борлуулалтын бууралт нь дэлхийн хэмжээнд нөлөөтэй юм. 2022 онд дэлхий даяар 1.2 тэрбум ухаалаг утас борлуулагдсан нь мөн л 2013 оноос хойших хамгийн муу үзүүлэлт бөгөөд 2021 онтой харьцуулбал 11 хувиар буурсан байна.
INSIDERS
Өнгөрсөн долоо хоногт дотоод мэдээллээр хийгдсэн арилжаанууд

PNC Financial Services (NYSE:PNC) -ийн Ерөнхийлөгч ба Гүйцэтгэх захирал William Demchak 1 сая ам.долларын өртөг бүхий 6,550 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 153.38 ам.долларын ханшаар худалдан авчээ. Хувьцаа нь өнгөрсөн долоо хоногт 5 хувь гаруйгаар өссөн байна.
Applied Digital (NASDAQ:APLD) (хуучнаар Applied Blockchain)-ийн CEO, Wes Cummins дахин 75,000 хувьцаа худалдан авлаа. Нэг бүрийг нь 2.33-2.48 ам.долларын орчимд худалдан авсан бөгөөд нийт үнийн дүн нь 180,000 ам.доллар болжээ. Өмнөх хоёр долоо хоногт тэрбээр 270,000 ширхэг хувьцааг ойролцоогоор 618,000 ам.доллараар худалдан авсан юм. Тус компанийн хувьцаа өнгөрсөн долоо хоногт 33 хувиар өссөн юм.
Compass Therapeutics, Inc. (NASDAQ:CMPX)-ийн CEO, Thomas Schuetz 20,000 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 4.19 ам.доллараар буюу нийт 83,800 ам.доллараар худалдан авчээ. Хувьцааных нь ханш өнгөрсөн долоо хоногт 6 хувь өссөн байна.

ДОТООДЫН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
Монголын Хөрөнгийн Биржийн 1 сарын 27-ны өдрийн арилжааны мэдээ
2023 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 425,297,691 төгрөгийн үнийн дүн бүхий 875,580 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 24 компанийн хувьцааны ханш өсөж, 10 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн их өсөлттэй:
"Монгол Базальт" ХК (MBW +10.25%)
"Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU +7.60%)
"Монгол керамик" ХК (KEK +7.14%)
Хамгийн их бууралттай:
"Тэнгэрлиг медиа групп" ХК (TNGR -6.04%)
"Монгол савхи" ХК (UYN -5.88%)
"Их барилга" ХК (IBA -2.40%)
Баасан гарагийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 13,244 ширхэг нэгж эрхийг 8,543,966 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,172 ширхэг бондыг 116,953,880 төгрөгөөр, хөрөнгөөр баталгаажсан 1,515 ширхэг үнэт цаасыг 151,328,160 төгрөгөөр, багцын арилжаагаар 78,700 ширхэг үнэт цаасыг 250,266,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.18 хувиар өсөж, 37,866.83 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,972,206,251,581 төгрөг боллоо.

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа
Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.
Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.
☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
