Дотоодын “₮” картаар БНСУ-д төлбөр тооцоо хийх боломжтой болно

Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

             Эрхэм харилцагчид, хөрөнгө оруулагч та бүхэндээ өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна.

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ

  • Дотоодын “₮” картаар БНСУ-д төлбөр тооцоо хийх боломжтой болно | Монголбанк болон БНСУ-ын “BC Card” компанийн хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

  • АНУ-ын эдийн засаг 4 дүгээр улиралд 2.9 хувь өслөө | Энэ нь гуравдугаар улирлын 3.2 хувийн өсөлттэй харьцуулахад буурсан үзүүлэлт юм.

  • LG Display-ийн алдагдал бодсоноос том байв | Өчигдрийн арилжаагаар алтны спот ханш 0.2 хувь өсөж унц нь 1,940.49 ам.доллар хүрсэн бол, фьючерс 0.4 хувиар өсөж 1,942.6 ам.долларт хүрлээ.

  • Байгалийн хийн фьючерс гурван өдөр дараалан буурлаа | Ерөнхий дүр зургаараа сүүлийн зургаан сард 57 хувийн уналт үзүүлээд байна.

  • Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | 20 компанийн хувьцааны ханш өсөж, 25 компанийн хувьцааны ханш буурчээ.

section break

САНХҮҮГИЙН ДЭД БҮТЭЦ

Дотоодын “₮” картаар БНСУ-д төлбөр тооцоо хийх боломжтой болно 

Монголбанк болон БНСУ-ын “BC Card” компанийн хооронд Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж үндэсний “₮” картаар БНСУ-д, “ВС Card”-ийн төлбөрийн картаар Монгол Улсад төлбөр тооцоо харилцан гүйцэтгэх хоёр талт гэрээнд гарын үсэг зурлаа.

Гэрээнд дөрвөн үндсэн үйлчилгээг тусгаж өгсөн байна. Тухайлбал: БНСУ-ын "BC Card"-ийн 3.2 сая мерчант дээр гүйлгээ хийж болохоос гадна ATM-үүдээр дамжуулан гүйлгээ хийх боломжтой болох юм. Мөн хамтын ажиллагааг сайжруулахын зэрэгцээ бизнес, хөдөлмөр эрхлэгч, аялал зуучлалаар хоёр улсад зорчих иргэд дотооддоо ашигладаг картаараа төлбөр тооцоогоо түргэн, шуурхай, найдвартай гүйцэтгэх нөхцөл бүрдэнэ. Нөгөө талаас ямар нэгэн хууль, эрх зүйн орчны хязгаарлалтгүйгээр санхүүгийн үйлчилгээ авах ач холбогдолтой юм.

Түүнчлэн “E-Commerce” буюу хоёр улс хооронд худалдаа хийх боломжтойг Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар мэдээллээ.

section break

ЭДИЙН ЗАСАГ

АНУ-ын эдийн засаг 4 дүгээр улиралд 2.9 хувь өслөө

АНУ-ын эдийн засгийн өсөлт сүүлийн гурван сард хүлээгдэж байснаас бага зэрэг удаан байсныг тоон үзүүлэлт харууллаа. Энэ нь ХНС-гийн баримталж буй бодлого нь өрхүүд болон бизнесүүдэд дарамт мэдрэгдэж эхэлсний шинж тэмдэг хэмээн шинжээчид бичиж байна.  

Дэлхийн хамгийн том эдийн засаг сүүлийн улиралд 2.9 хувь өссөн гэж Худалдааны яамны тайланд дурдсан нь өмнөх буюу гуравдугаар улирлын 3.2 хувийн өсөлттэй харьцуулахад буурсан үзүүлэлт юм. 

Сүүлийн үеийн мэдээллүүд АНУ-ын өсөлтийн гол хөдөлгөгч хүч болох хэрэглэгчид эдгээр чиг хандлагын дарамтыг мэдэрч эхэлж магадгүй гэсэн болгоомжлолыг төрүүлж байна. Худалдан авагчид арванхоёрдугаар сард COVID-19-ийн хямралын үеэр бөөнөөр хуримтлуулсан тавилга, цахилгаан хэрэгсэл гэх мэт зүйлсэд бага мөнгө зарцуулснаар жижиглэнгийн борлуулалт 12-р сард буурсан байна. Одоо байгаа орон сууцны борлуулалт мөн буурч, харин үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын компаниуд ажилд авах, цалингийн өсөлтөө бууруулжээ.

ДНБ-ий өсөлтийн шинэ тоон мэдээлэл нь инфляцын өсөлтөөр илэрсэн цар тахлын дараах сэргэлт дуусаж буйг харууллаа. ХНС үнийн өсөлтийг хазаарлахын тулд өнгөрсөн гуравдугаар сараас хойш бодлогын хүүг 4 гаруй хувиар огцом нэмэгдүүлсэн энэ нь эрэлтийг ихээхэн бууруулж хямралд хөтлөх эрсдэлтэй болохыг олон эдийн засагч хөндөж байсан юм.  

section break

УНАЛТ

LG Display-ийн алдагдал бодсоноос том байв

Өмнөд Солонгосын дэлгэц үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч LG Display (NYSE:LPL) улирлын тайлангаа танилцуулж томоохон алдагдал хүлээсэн тухайгаа мэдэгдлээ. Учир нь эдийн засгийн хэтийн төлөв тодорхойгүй байдлаас болоод дэлхий даяар ухаалаг утас, компьютер, телевизийн эрэлт муу байсантай холбоотой байна. 

Тус компани өнгөрсөн оны 10-12 дугаар сард 876 тэрбум вон буюу 711.13 сая ам.долларын алдагдал хүлээсэн байна. 2021 оны мөн үед 746 тэрбум воны ашигтай ажиллаж байсан билээ. 

Refinitiv SmartEstimate-ээс 10 шинжээчийн дунд явуулсан судалгаагаар дунджаар 797 тэрбум воны алдагдал хүлээнэ гэсэн урьдчилсан тооцоолол гарч байсан юм. Телевиз, нөтбүүк, компьютерийн дэлгэцэнд ашигладаг, өндөр ашгийн түвшин бүхий OLED дэлгэцийн хавтангийн эрэлт буурсан Европын томоохон харилцагчдын зүгээс буурсан нь алдагдал гүнзгийрэхэд голлон нөлөөлсөн болохоыг шинжээчид онцолж байна. 

Мөн компанийн орлого 17 хувь буурч 7.3 их наяд вон болсон хэмээн LG Display мэдэгджээ. 

Хэрэглэгчид зардлаа танаж, бизнесүүд ажлын байраа багасгаж байгаа тул ирээдүй илүү бүрхэг болж байгаатай холбоотойгоор тус компанийг энэ улиралд ч алдагдалтай ажиллана гэж шинжээчид харж байна. 

section break

ТАВААР

Байгалийн хийн фьючерс гурван өдөр дараалан буурлаа

Байгалийн хийн фьючерс ханш өчигдрийн арилжаагаар бараг 8 хувийн уналт үзүүлж 21 сарын доод түвшинд ойртож очсоны дараагаар буцан сэргэж 2 хувийн уналттай хаагдсан байна.  

Гуравдугаар сарын гэрээт фьючерс 6.7 цент буурч нэгж нь (mmBtu-metric British thermal units) 2.848 ам.доллар болжээ. 

Ерөнхий дүр зургаараа байгалийн хийн фьючерс сүүлийн зургаан сард 57 хувийн уналт үзүүлээд байна. Наймдугаар сард фьючерс 10 ам.доллар хүрсэн нь сүүлийн 14 жилийн дээд түвшин байсан бөгөөд 12 дугаар сард ойролцоогоор 7 ам.доллараар арилжигдаж байсан билээ. Харин энэ жилийн өвөл ихээхэн дулаан байгаа нь халаалтын хийн түлшний эрэлтийг үлэмж багасахад нөлөөлжээ. 

Пүрэв гарагийн уналт нь АНУ-ын дулаан, цахилгааны эрчим хүчний зориулалт бүхий байгалийн хийн нөөцөөс өнгөрсөн долоо хоногт 91 тэрбум шоо футийг ашигласан тухай статистик мэдээ ил болсонтой холбоотой байлаа.   

section break

ДОТООДЫН АРИЛЖААНЫ МЭДЭЭ

Монголын Хөрөнгийн Биржийн 1 сарын 26-ны өдрийн арилжааны мэдээ 

2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр энгийн арилжаагаар 49 хувьцаат компанийн 661,132,012 төгрөгийн үнийн дүн бүхий 2,628,619 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 20 компанийн хувьцааны ханш өсөж, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа.

Хамгийн их өсөлттэй:

  • Үүнээс "Гонир" ХК (GNR +15.00%)

  • "Глобал монголиа холдингс" ХК (HML +15.00%)

  • "Материалимпекс" ХК (MIE +13.87%)

Хамгийн их бууралттай:

  • "Ариг гал" ХК (EER -12.21%)

  • "Монгол Базальт" ХК (MBW -8.71%)

  • "Э-Транс ложистикс" XК (ETR -7.40%)

Өчигдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 17,981 ширхэг нэгж эрхийг 6,124,700 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 40 ширхэг бондыг 3,996,000 төгрөгөөр, багцын арилжаагаар 233,463 ширхэг үнэт цаасыг 299,999,955 төгрөгөөр арилжааллаа.

ТOP-20 индекс 0.6 хувиар өсөж, 37799.49 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,952,430,392,073 төгрөг боллоо.

section break

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа

Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.

Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.

☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

section break

 Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!