- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Тесла компанийн орлого 37 хувь өсөв
Тесла компанийн орлого 37 хувь өсөв
Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

Эрхэм харилцагчид, хөрөнгө оруулагч та бүхэндээ өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна.
ӨНӨӨДРИЙН ДУГААРТ
Тесла компанийн орлого 37 хувь өсөв | Tesla дөрөвдүгээр улирлын тайлангаа танилцууллаа.
Алтны ханш сүүлийн 9 сарын дээд түвшинд ойртлоо | Өчигдрийн арилжаагаар алтны спот ханш 0.2 хувь өсөж унц нь 1,940.49 ам.доллар хүрсэн бол, фьючерс 0.4 хувиар өсөж 1,942.6 ам.долларт хүрлээ.
IBM 3900 ажилтнаа цомхотгохоор болжээ | Энэхүү мэдэгдлийн дараа компанийн хувьцаа 2 хувь буурав.
Газар Шим Үйлдвэр ХХК-ийн нийтэд санал болгох хувьцааг бүртгэлээ | Тус компани олон нийтэд 16.54 хувиа санал болгож олон 10.5 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхийг зорьж байна.
Монголын Хөрөнгийн Биржийн арилжааны мэдээ | Жидакс ХК (MSE:SOH)-ийн хувьцааны ханш 15 хувь өслөө.

БИЗНЕС
Тесла компанийн орлого 37 хувь өсөв
Tesla (NASDAQ:TSLA) дөрөвдүгээр улирлийн тайланд дурьдсанаар борлуулалтын орлого нь хүлээлтээс давсан байна.
Тодруулбал, цахилгаан автомашины салбарын тэргүүлэгчийн орлого өнгөрсөн жил 37 хувиар өсөж 24.318 тэрбум ам.долларт хүрчээ.

Үйл ажиллагааны ашгийн харьцаа 4 дүгээр улиралд 16 хувь хүрсэн бөгөөд бүтэн жилээр нь авч үзэвл 16.8 хувьд хүрсэн байна. Үйл ажиллагааны мөнгөн урсгал сүүлийн улиралд 3.3 тэрбум хүрсэн бөгөөд үүний 1.4 тэрбум ам.доллар нь сул мөнгө буюу ашиг байжээ.
Тус компаниас хүү өсөж байгаа өнөөгийн нөхцөлд дасан зохицож зардлаа бууруулах арга хэмжээнүүдийг эрчимтэйгээр хэрэгжүүлж байна хэмээн мэдэгджээ.
Мөн сүүлийн саруудад бүтээгдэхүүний дундаж үнэ буурсаар ирснийг дурдаад иргэдийн худалдан авах боломжтой түвшинд хүргэх нь олон саяар үйлдвэрлэхэд нөлөөлнө гэдгийг дурдсан байна.
Энэхүү мэдээний дараа компанийн хувьцааны ханш өсөв. Үүнийг оны эхэнтэй харьцуулбал 17 хувь өссөн дүн боловч өнгөрсөн оны мөн үеэс 53 хувиар бага байна.

ҮНЭТ МЕТАЛ
Алтны ханш сүүлийн 9 сарын дээд түвшинд ойртлоо
Ирэх долоо хоногт болох Холбооны нөөцийн сангийн мөнгөний бодлогын хурлын үр дүнг таамаглахад чухал хэмжигдэхүүн болох АНУ-ын эдийн засгийн статистик үзүүлэлтүүдийг зах зээлд оролцогч талууд хүлээж байна. Энэ үед ам.долларын ханш суларснаар алтны ханш өсөх хандлагатай боллоо.

Өчигдрийн арилжаагаар алтны спот ханш 0.2 хувь өсөж унц нь 1,940.49 ам.долларт хүрсэн бол, фьючерс 0.4 хувиар өсөж 1,942.6 ам.долларт хүрлээ.
Ингэснээр алтны ханш сүүлийн 9 сарын дээд түвшинд хүрэхэд ойрхон байгаа бөгөөд энэ чиг хандлагыг дэлхийн эдийн засгийн удаашрал, АНУ-ын бодлогын хүүгийн өсөлтийн удаашрал зэрэг хүчин зүйл өдөөж байна.
Өчигдрийн арилжаагаар ам.доллар 0.3 хувь буурснаар арилжаачид алтыг сонирхох нь нэмэгджээ. Үүний зэрэгцээ мөнгөний спот ханш 0.6 хувь өсөж 23.81 ам.доллар, цагаан алт 1.5 хувь унаж 1,041.63 ам.доллар болжээ.

УНАЛТ
IBM 3900 ажилтнаа цомхотгохоор болжээ
IBM (NYSE:IBM) корпораци жилийн санхүүгийн төлөвлөгөө биелээгүйн улмаас зарим хөрөнгөө татан буулгах ажлын хүрээнд 3900 ажилтнаа цомхотгохоор болсноо өчигдөр мэдэгдлээ.

Kyndryl компани болон хиймэл оюун ухааны нэгжийн нэг хэсэг болох Watson Health нь энэ оны эхний улиралд 300 сая ам.долларын төлбөр төлөхөөр хүлээгдэж буйтай энэхүү цомхотгол холбоотой хэмээн компанийн зүгээс тайлбарлажээ.
Энэхүү мэдэгдлийн дараа компанийн хувьцаа 2 хувь буурав. "Хэдийгээр нийт ажилчдынхаа 1.5 хувийг л цомхотгож байгаа боловч зах зээл үүнд сэтгэл дундуур байна" хэмээн Investing.com-ын ахлах шинжээч Jesse Cohen дүгнэжээ.
IBM-ийн 2022 оны мөнгөний урсгал 9.3 тэрбум ам.доллар хүрсэн бөгөөд төлөвлөгөө ёсоор 10 тэрбум ам.долларт хүргэх ёстой байв. Тус компанийн программ хангамж болон зөвлөх үйлчилгээний бизнес нь дөрөвдүгээр улиралд удааширсан боловч үүлэн технологийн бизнесийн гэрээ хэлцлийн тоо 2022 онд хоёр дахин нэмэгдэж, Amazon.com (NASDAQ:AMZN)-ийн AWS and Microsoft (NASDAQ:MSFT)-ийн Azure зэрэг компанитай харилцаа тогтоосон нь сайн мэдээ байлаа.
Компанийн нийт орлого энэ хугацаанд 16.69 тэрбум ам.доллар байсан нь шинжээчдийн хүлээлт болох 16.40 тэрбум ам.доллараас өндөр дүн юм. 2022 оны хувьд IBM-ийн орлого 5.5 хувь хүрсэн нь сүүлийн 10 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болсон билээ.

ШИНЭ ХУВЬЦАА
Газар Шим Үйлдвэр ХХК-ийн нийтэд санал болгон гаргах хувьцааг бүртгэлээ
Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанаар Газар Шим Үйлдвэр ХХК-ийн нийтэд санал болгон гаргах энгийн хувьцааг үнэт цаасны бүртгэлд бүртгэхээр шийдвэрлэлээ.

Тус компани нэгж хувьцаагаа 53 төгрөгөөр санал болгож, 10.5 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхийг зорьж байна. Компанийнхаа 16.54 хувийг санал болгоно гэж “Газар шим үйлдвэр” ХХК мэдээлж байна.
Тус компани 1999 онд байгуулагдаж даршилсан хүнсний ногооны анхны үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бөгөөд 100 хувийн дотоодын хөрөнгө оруулалттай үндэсний үйлдвэрлэгч гэдгээрээ онцлог юм.
ДОТООДЫН АРИЛЖААНЫ МЭДЭЭ
Монголын Хөрөнгийн Биржийн 1 сарын 25-ны өдрийн арилжааны мэдээ
2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр энгийн арилжаагаар 45 хувьцаат компанийн 479,552,444 төгрөгийн үнийн дүн бүхий 1,369,435 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 23 компанийн хувьцааны ханш өсөж, 17 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа.
Хамгийн өндөр өсөлттэй:
"Жидакс" ХК (SOH +15.00%)
"Э-Транс ложистикс" XК (ETR +12.49%)
"Махимпекс" ХК (MMX +7.08%)
Хамгийн их уналттай:
"Увс чацаргана" ХК (CHR -13.85%)
"Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU -7.21%)
"Мерекс" ХК (MRX -7.14%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 12,293 ширхэг нэгж эрхийг 8,969,738 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.49 хувиар буурч, 37573.65 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 6,925,582,845,334 төгрөг боллоо.

Гадаад арилжааг хүссэн үедээ, хүссэн цагтаа
Голомт Капитал ҮЦК харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох INTERACTIVE BROKERS үйлчилгээг Монголд анх цогцоор нь нэвтрүүлсэн билээ.
Ингэснээр харилцагчдынхаа гарт дэлхийн хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцох, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулга авах, ханш харах зэрэг брокерийн бүхий л үйлчилгээг тив дэлхийн хаана ч байсан хүссэн үедээ /24/7/ гар утас, компьютерээ ашиглан авах боломжийг атгуулсан юм.
☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530

Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоод, гадаадын зах зээлд анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
