Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

Өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна. Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоодод төдийгүй хилийн чанадад Анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг хамгийн түрүүнд танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ :

Дотоодын эдийн засаг, хөрөнгийн зах зээл

  • Онцлох бүтээгдэхүүн: Тогтмол хөрөнгө оруулалт

  • Дотоодын зах зээлийн арилжааны мэдээлэл

  • Хөрөнгийн зах зээлийн онцлох хөдөлгөөн

Олон улсын эдийн засаг, хөрөнгийн зах зээл

  • АНУ-ын худалдааны яам, Google компанитай чипний судалгаа болон хөгжүүлэлтийн гэрээ хийлээ

  • Инфляц итгэл эвдэж зах зээл улайлаа

АНХААРЛЫН ТӨВД:

  • АНУ-ын инфляц найдугаар сард 8.3 хувь гарлаа. Хөрөнгө оруулагчдын хүлээлт 8.1 хувь байсан нь зах зээлийг уналтад хөтлөх шалтгаан болжээ.

  • Өчигдөр Dow Jones сүүлийн нэг жилийн хугацаанд хамгийн гүн уналтыг (3.94%) үзүүллээ.

Зах зээлийн шинэ, онцлох үйл явдал, мэдээллийг Голомт Капитал ҮЦК-ийн Facebook page хуудас болон Youtube сувгаар өглөө бүр 9:00 цагт хүлээн аваарай. 

Дотоодын зах зээлийн арилжааны тойм

Өнөөдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 102,645,272 төгрөгийн үнийн дүн бүхий 651,725 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 15 компанийн хувьцааны ханш өсөж, 13 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 18,806 ширхэг нэгж эрхийг 11,896,851 төгрөгөөр арилжаалсан бол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас 35 ширхгийг 3,500,000 төгрөгөөр, компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 297 ширхэг үнэт цаасыг 29,385,000 төгрөгөөр арилжааллаа. 

ТOP-20 индекс 0.45 хувиар өсөж, 35069.46 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,922,713,237,407 төгрөг боллоо. 

"ЭРДЭНЭ РЕСУРС ДЕВЕЛОПМЕНТ КОРПОРЭЙШН" ХК ХӨНДИЙ АЛТНЫ ДҮҮРЭГТ НӨӨЦ БҮХИЙ ШИНЭ БҮСҮҮДИЙГ ТОДОРХОЙЛЖЭЭ

Монголын хөрөнгийн биржийн II ангилалд бүртгэлтэй "Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн" ХК нь Хөндий Алтны Дүүрэг дэх хайгуулын хөтөлбөрийн үр дүнгээ танилцууллаа. Хайгуулын хөтөлбөрийн хүрээнд тус компани нь алтны нөөцийг нэмэгдүүлэх хэд хэдэн шинэ бүсийг тодорхойлж чадсан байна.

"Эрдэнэ ресурс девелопмент корпорэйшн" ХК-ийн тухайд, энэ онд алтны нөөцөө 2 сая унц хүртэлх хэмжээгээр нэмэгдүүлэхээр зорьж байгаа бөгөөд хайгуулын үр дүнд шинэ бүсүүдийг амжилттай тодорхойлж, 2022 оны эцэст нөөцийн хэмжээ зорилтот түвшинд хүрнэ гэсэн хүлээлттэй байна.

АНУ-ЫН ХУДАЛДААНЫ ЯАМ, GOOGLE КОМПАНИТАЙ ЧИПНИЙ СУДАЛГАА БОЛОН ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ГЭРЭЭ ХИЙЛЭЭ

АНУ-ын Худалдааны яам Alphabet (NASDAQ:GOOGL) компанитай хамтран нанотехнологи болон хагас дамжуулагчийн шинэ төхөөрөмжүүдэд ашиглагдах чипний судалгаа болон хөгжүүлэлтийн гэрээ хийлээ. Энэхүү гэрээг Худалдааны Яамны National Institute of Standards and Technology (NIST) болон Google компанийн хооронд үүссэн.

Чипний үйлдвэрлэлтийг Minnesota мужийн Bloomington хотод байрших SkyWater Technology компани дээр явуулна. Google компаниас үйлдвэрлэлээ зохион байгуулахтай холбоотой анхны зардлуудыг төлөхөөр гэрээнд заасан бол NIST их сургуулийн судалгааны багтай хамтран чипний электрон хэлхээний дизайнийг зохион бүтээнэ. Судалгаанд оролцож буй баг хамт олноос дурдвал “University of Michigan”, “University of Maryland”, “George Washington University”, “Brown University” and “Carnegie Mellon University” зэрэг их сургуулиуд багтаж байна.

NIST-оос 40 гаруй өөр өөр төхөөрөмжид хэрэглэх чипийг зохион бүтээх төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн ба энэ нь нээлттэй явуулж буй үйл явц тул судлаачид өөрсдийн дата, анализ, шинэлэг санаа оноог хязгаарлалтгүйгээр илэрхийлэх боломжтой. Гэрээний талаарх санхүүтэй холбоотой нэмэлт мэдээллийг хараахан зарлаж амжаагүй байна.

АНУ-аас дотоодын хагас дамжуулагчийн салбараа дэмжих хэд хэдэн арга хэмжээг авч эхэлсэн. Тухайлбал, саяхан Конгресс болон Жо Байден хагас дамжуулагч, техник технологи, цэвэр эрчим хүч, зэрэг салбарын дотоод хөгжүүлэлтийг дэмжих зорилготойгоор Чип болон Шинжлэх ухааны тогтоолыг хуульчилсан. Энэ нь дотоодын хагас дамжуулагчийн нийлүүлэлтийг дэмжиж, санхүүжүүлэлт олгох зорилготой.

Тодруулбал, 24 тэрбум ам.долларын үнэлгээтэй чипний үйлдвэрүүдэд чипний нийлүүлэлт болон судалгаанд зориулан АНУ-ын засгийн газраас 52 тэрбум ам.долларын дэмжлэг, мөн татварын хөнгөлөлт үзүүлнэ гэсэн. Үүнтэй холбогдуулан хэд хэдэн компани хагас дамжуулагчийн үйлдвэр барьж эхлэхээ мэдэгдээд байна.

ИНФЛЯЦ ИТГЭЛ ЭВДЭЖ ЗАХ ЗЭЭЛ УЛАЙЛАА

АНУ-ын наймдугаар сарын хэрэглээний үнийн индекс 8.3 хувь буюу өмнөх сараас /долдугаар сард 8.5 хувь/ 0.2 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа. Харин хоол хүнс болон эрчим хүчний үнийг хассан үнийн индекс 6.3 хувь буюу өмнөх сараас / долдугаар сард 5.9 хувь/ 0.4 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ. Шинжээчдийн наймдугаар сард хэрэглээний үнийн индексийг 8.1 хувь гарна гэж таамаглаж байсан боловч бодит байдал дээр таамаглалаас өндөр гарсан нь зах зээл унах гол хүчин зүйл боллоо.

Хэрэглээний үнийн индексийг голлох бүтээгдэхүүнүүдээр салгаж салган авч үзвэл наймдугаар сард хүнсний бүтээгдэхүүнүүдийн үнэ дунджаар 11.4 хувиар өссөн үүнд: Гурилан бүтээгдэхүүн 16.4 хувь, мах махан бүтээгдэхүүн 10.6 хувь, сүү сүүн бүтээгдэхүүн 16.2 хувь, жимс ногоо 9.4 хувь, согтууруулах ундаанаас бусад шингэн хүнс 13.4 хувь, бусад 16.7 хувь тус тус үнийн өсөлт үзүүлжээ.

Эрчим хүчний бүтээгдэхүүнүүдийн үнийг авч үзвэл түлшний тос 68.8 хувиар, шатахуун 25.6 хувиар, тог цахилгаан 15.8 хувиар, байгалийн хий 33 хувиар тус тус өсжээ.

Харин хоол болон эрчим хүчний үнийг хассан бусад бүтээгдэхүүнүүдийн үнийг авч үзвэл шинэ автомашины үнэ 10.1 хувиар, хуучин автомашин 7.8 хувиар, эмийн бүтээгдэхүүд 4.1 хувиар, тээвэрлэлт 11.3 хувиар, амьны орон сууц 6.3 хувиар, эрүүл мэндийн үйлчилгээ 5.6 хувиар тус тус өссөн байна.

Ark Invest-ийн гүйцэтгэх захирал Cathie Wood, Big Short-ийн Micheal Bury тэргүүтэй шинжээчид ирэх саруудад томоохон үнийн уналт үүснэ гэж таамаглаад байсан бол наймдугаар сард шинжээчдийн таамаглаж байсан шиг томоохон үнийн уналт болсонгүй. Хэрэглээний үнийн индекс шинжээчдийн таамаглалаас тааруу гарсантай холбоотой индексүүд сүүлийн нэг жилийн хугацаанд үзэгдээгүй томоохон уналтуудыг үзүүллээ.

Өчигдөр Dow Jones индекс 3.94 хувиар, S&P 500 индекс 4.32 хувиар, Nasdaq индекс 5.16 хувиар тус тус унасан байна. Ингэснээр тус гурван индекс сүүлийн нэг жилийн хугацаан дахь хамгийн өндөр нэг өдрийн уналтыг үзүүллээ. Томоохон уналт үзүүлсэн компаниудаас дурдвал Meta 9.37 хувиар, Apple 5.87 хувиар, Amazon 7.06 хувиар, Netflix 7.78 хувиар, Google 5.86 хувиар тус тус унасан байна.

Өчигдөр биржийн арилжаа нээгдэхээс өмнө буюу хэрэглээний үнийн индексийн тоон мэдээлэл зарлагдсаны дараа дээр дурдсан компаниудын хувьцааны ханш 2-3 хувийн уналттай арилжаалагдаж байсан бөгөөд бирж нээгдсэний дараагаар уналт үргэлжилсэн. Үүнээс үзэхэд зах зээлд асар их хэмжээний panic sell болж байж болзошгүй. Маргааш Монголын цагаар 20:30 цагаас АНУ-ын наймдугаар сарын жижиглэн худалдааны тоон мэдээлэл гарна.

ЗАХ ЗЭЭЛИЙН СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД

$116.78 их наяд / 467%

2022 оны эхэнд дэлхийн хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 116.78 их наяд доллар болжээ. Дэлхийн хөрөнгийн зах зээл 2009 онд 25 их наяд ам.доллар байсан бол 13 жилийн хугацаанд 467 хувиар өссөн байна.

АНУ = 54% = $41 их наяд

АНУ-ын NYSE & NASDAQ хөрөнгийн биржүүд нийлээд дэлхийн хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээний 54 хувийг эзэлдэг бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 41 их наяд ам.доллар 

NYSE & NASDAQ хөрөнгийн биржийн нийт зах зээлийн үнэлгээ нь дараагийн долоон хөрөнгийн биржийг нийлүүлснээс ч том; Япон, Хятад, Euronext, Лондон, Хонг Конг, Саудын Араб, Канад.

13.3% VS 3.2%

Мэдээллийн технологи, санхүү, харилцаа холбоо, эрүүл мэндийн салбар нь дэлхийн хөрөнгийн зах зээлийн 52 гаруй хувийг бүрдүүлдэг.

Мэдээллийн технологийн компаниуд 16.31 хувиар тэргүүлж байгаа бол үл хөдлөх хөрөнгийн салбар 3.24 хувь буюу хамгийн бага хувь эзэлдэг.

ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН: ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ

Голомт Капитал ҮЦК Харилцагчдадаа зориулан гадаад зах зээлийн хамгийн өргөн хаалгыг нээж байна.

✨✨ТОГТМОЛ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ✨✨ буюу дэлхийн топ компаниудын хувьцаанд өөрийн хүссэн мөнгөн дүндээ тааруулж хамгийн бага шимтгэлтэйгээр хөрөнгө оруулах боломжтой шинэ үйлчилгээг танд санал болгож байна. 🥂🥂

  • Зах зээл дээрх хамгийн бага арилжааны шимтгэл - 1%

  • Гүйлгээний шимтгэл 0$

  • Хувьцааны үнэд санаа зовохгүйгээр бутархай ширхгийн арилжаа хийх

  • Өөрөө удирдах арилжааны платформ

Та энэхүү үйлчилгээг авахыг хүсвэл мэдээллээ бөглөнө үү

Одоо та хөрөнгө оруулалт хийхийн тулд хадгаламжаа хүлээх хэрэггүй боллоо. Олон улсын хөрөнгийн зах зээлийн голлох индексүүд өсөлтийн мөчлөгт шилжих үе ойртож байгаа (Buy the dip) боломжийг бүү алд. 🚀🚀🚀

☎ 8610-3636, 8006-9977, 7012-1530