- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ
Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

Өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна. Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоодод төдийгүй хилийн чанадад Анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг хамгийн түрүүнд танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
ӨНӨӨДРИЙН ДУГААРТ :
Дотоодын эдийн засаг, хөрөнгийн зах зээл
Дотоодын зах зээлийн арилжааны мэдээлэл
Хөрөнгийн зах зээлийн онцлох хөдөлгөөн
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо
Олон улсын эдийн засаг, хөрөнгийн зах зээл
Rivian болон Mercedes Benz компани хамтран цахилгаан фургон үйлдвэрлэнэ.
БНХАУ ковидтой тэмцэх арга хэмжээний хүрээнд дотоодын жуулчлалыг хориглолоо
АНХААРЛЫН ТӨВД:
ИБУИНХУ-ын Хатан хаан Элизабет II таалал төгслөө. Түүнийг дурсгалыг хүндэтгэн Их Британи улс 10 хоногийн гашуудал зарлалаа.
Европын Төв банк пүрэв гарагт хийсэн ээлжит хуралдаанаараа бодлогын хүүгээ 75 суурь нэгжээр нэмэгдүүлэхээр боллоо. Энэ нь хамгийн өндөр дүнгээр өсгөсөн тохиолдол болж байна.
Энэ оны II улирлын байдлаар Монгол Улсын Засгийн газрын өрийн үлдэгдэл 28.5 их наяд төгрөгөөр хэмжигдэж байгаа нь 2021 онтой харьцуулахад 5.9 хувиар өссөн дүнтэй байна.
Зах зээлийн шинэ, онцлох үйл явдал, мэдээллийг Голомт Капитал ҮЦК-ийн Facebook page хуудас болон Youtube сувгаар өглөө бүр 9:00 цагт хүлээн аваарай.
Дотоодын зах зээлийн арилжааны тойм
Өнөөдөр энгийн арилжаагаар 44 хувьцаат компанийн 361,615,862 төгрөгийн үнийн дүн бүхий 1,751,689 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 10 компанийн хувьцааны ханш өсөж, 26 компанийн хувьцааны ханш буурсан бол 8 компанийн ханш тогтвортой байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 21,660 ширхэг нэгж эрхийг 4,874,895 төгрөгөөр арилжаалсан бол 473 ширхэг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг 47,285,810 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.19 хувиар буурч, 34486.14 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,929,194,842,811 төгрөг боллоо.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орлоо. Уг төмөр зам нь Монголын анхны нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй төмөр зам болж байгаа бөгөөд жилд 30-50 сая тонн ачаа бараа тээвэрлэх боломжтой.


Гол ачаа нь Тавантолгойн бүлэг ордоос олборлосон сайн чанарын коксжих нүүрс байх бөгөөд нүүрс тээврийн зардал дөрөв дахин буурахаар байгаа юм. Үүнийг дагаад Мөн Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээ 2-3 дахин нэмэгдэхээр байгаа юм.
Тавантолгойн бүлэг ордод Эрдэнэс Тавантолгой ХК, Энержи Ресурс ХХК (Mongolian Mining Corporation), Тавантолгой ХК үйл ажиллагаа явуулж байна.
Rivian болон Mercedes Benz компани хамтран цахилгаан фургон үйлдвэрлэнэ

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Rivian Automative Inc /RIVN.NASDAQ/ германы автомашин үйлдвэрлэгч Mercedes Benz компанитай хамтран цахилгаан фургон үйлдвэрлэх гэж буйгаа лхагва гарагт мэдэгдлээ.
Ингэхдээ, хоёр төрлийн цахилгаан фургон үйлдвэрлэх бөгөөд нэг нэгээр нь компани тус бүр өөрсдийн эзэмшилд авах юм байна. Тус хоёр компанийн гол зорилго нь хөрөнгө оруулалт, технологи болон нийлүүлэлтийн зардлаа хуваалцаж шинэ автомашин үйлдвэрлэх юм.
Шинэ цахилгаан фургоныхоо үйлдвэрийг Төв эсвэл Зүүн Европд байрлах Mercedes Benz-ийн аль нэг үйлдвэрт шинээр байрлуулахаар төлөвлөж буй аж.
Mercedes Benz фургон загваруудыг хариуцсан дарга Mathias Geisen-ийн мэдэгдсэнээр “Mercedes Benz-ийн фургонууд 2010 оноос хойш зах зээлд хэдийн танигдсан бөгөөд одоо фургонуудаа бүрэн цахилгаанжсан автомашин болгоно” хэмээн мэдэгдсэн байна. Мөн түүний хэлж буйгаар Rivian компанитай технологи, хөрөнгө оруулалтаа хуваалцаж байгаа нь бид стратегийн хувьд адилхан амбицтай байгаа бөгөөд цахилгаан фургоны зах зээлийг тогтвортой хөгжүүлж харилцагчдадаа чанартай бүтээгдэхүүн санал болгохоор зорьж байна хэмээжээ.
Тус мэдээлэлтэй холбоотой өчигдөр Rivian Automative Inc /RIVN.NASDAQ/ компанийн хувьцааны ханш 10.92 хувиар өссөн байна.
БНХАУ ковидтой тэмцэх арга хэмжээний хүрээнд дотоодын жуулчлалыг хориглолоо
БНХАУ Коммунист намын хурлын түлхүүр сэдэв гэж үзэж буй тул Ковидын эсрэг арга хэмжээгээ чангатгаж дотоодын жуулчлалыг хумьж, хатуу хөл хорио тогтоосон хэвээр байна.

Вирусийн тархалт буурах шинж тэмдэг бага байгаа тул ирэх сарын төгсгөл хүртэл авах аргах хэмжээнийхээ талаар Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооноос өчигдөр мэдээллээ. Албаныхан, иргэдийг дотоодын жуулчлал идэвхэждэг үе буюу ирэх долоо хоногт болох Намрын дунд сарын баяраас аравдугаар сард болох Улсын баяр хүртэл зорчих хөдөлгөөнөө багасгахыг сануулаад, орон нутгийн удирдлагын байгууллагад бүх иргэдийг шинжилгээнд хамруулж Ковидын тархалтын түвшнийг тогтоохыг даалгажээ.
Тус улсын зургаа дахь том хот болох 21 сая хүн амтай Чэнду болон 400,000 орчим оршин суугчтай 300 барилгатай, Хятадын хамгийн том орон сууцны хороолол болох Гуян хотын зарим хэсэгт хөл хорио болон бусад нөлөөллийг бууруулах арга хэмжээ эрчимжиж байна. Энэ хооронд нийслэл Бээжин рүү орж, гарах хүмүүсийн зорчих хязгаарлалтыг чангатгаад байна.
