- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ
Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

Өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна. Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоодод төдийгүй хилийн чанадад Анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг хамгийн түрүүнд танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!
ӨНӨӨДРИЙН ДУГААРТ :
Дотоодын эдийн засаг, хөрөнгийн зах зээл
Дотоодын зах зээлийн арилжааны мэдээлэл
Хөрөнгийн зах зээлийн онцлох хөдөлгөөн
Импорт өнгөрсөн оны мөн үеэс 25 хувиар өсөв
Олон улсын эдийн засаг, хөрөнгийн зах зээл
Газрын тосны нийлүүлэлт буурах хандлагатай байна
Номура компани нь БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн таамаглалаа дахин буурууллаа
АНХААРЛЫН ТӨВД:
Европын Төв банк пүрэв гарагт бодлогын хүүгээ дахин өсгөх магадлал өндөр байна.
ХНС-гийн тэргүүн Jerome Powell Като институтийн виртуаль уулзалтад оролцоно.
АНУ-ын Холбооны нөөцийн 12 банкны нэгдсэн тайлан Beige book гарлаа. Тайланд дурдсанаар тус улсад ирэх 12 сарын хугацаанд эрэлт удааширснаар эдийн засгийн өсөлт саарна гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Зах зээлийн шинэ, онцлох үйл явдал, мэдээллийг Голомт Капитал ҮЦК-ийн Facebook page хуудас болон Youtube сувгаар өглөө бүр 9:00 цагт хүлээн аваарай.
Дотоодын зах зээлийн арилжааны тойм
Өнөөдөр өдөр энгийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 150,983,295 төгрөгийн үнийн дүн бүхий 1,195,780 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 16 компанийн хувьцааны ханш өсөж, 24 компанийн хувьцааны ханш буурсан бол 3 компанийн ханш тогтвортой байлаа.

Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 3,620 ширхэг нэгж эрхийг 855,579 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 99 ширхэг үнэт цаасыг 9,641,400 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.44 хувиар өсөж, 34552.7 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,929,948,481,966 төгрөг боллоо.
Газрын тосны нийлүүлэлт буурах хандлагатай байна
Германы аж үйлдвэрийн үйлдвэрлэл долдугаар сард 0.3 хувиар буурсан нь бүс нутгийн эрчим хүчний хямралын дараа Европын хамгийн том эдийн засгийн төлөв байдал улам бүр харанхуйлж байгааг харуулж байна.

Дэлхийн эрэлт хэрэгцээг тойрсон энэхүү сөрөг хандлагатай зэрэгцэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийн улсын эрчим хүчний бүтээгдэхүүнийг "найрсаг бус" орнуудад өгөхгүй байх тухай хатуу анхааруулга өглөө. "Хэрэв энэ нь ОХУ ашиг сонирхолд харш байвал бид юу ч нийлүүлэхгүй" гэж Путин Оросын Алс Дорнодод болсон бага хурлын үеэр хэлэв.
Европын холбооны эрчим хүчний сайд нар баасан гаригийн орой хуралдаж, эрчим хүчний үнийн өсөлтийг зогсоох онцгой арга хэмжээ, тэр дундаа Оросын байгалийн хийн үнэд хязгаарлалт тогтоох тухай хэлэлцэх гэж байна.
Нэмж дурдахад, ОПЕК+ олборлолтоо өдөрт 100,000 баррелиар бууруулах шийдвэр гаргасан нь зах зээлд маш бага нөлөө үзүүлсэн. Цаасан дээр энэ бууралт бага боловч бодит байдал дээр ОПЕК+-ийн ихэнх гишүүн орнууд 10-р сард төлөвлөсөн олборлолтоосоо доогуур бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа нь зах зээлд 100,000 баррелиас илүү газрын тос танагдах магадлалтай байна.
Саудын Араб аравдугаар сарын албан ёсны борлуулалтын үнээ гаргасан бөгөөд Ази болон Европын орнуудад нэлээд их хэмжээний бууралт гарсан нь хүлээгдэж буй эрэлт сул байгааг харуулж байна.
Номура компани нь БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн таамаглалыг дахин буурууллаа
Номура санхүүгийн байгууллага нь БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн таамаглалаа дахин шинэчилж 2.7 хувь болголоо. Өмнөх сард ДНБ-ий өсөлтийг 2.8 хувь хэмээн таамаглаж байсан юм.

Өнгөрсөн долоо хоногт ковидын эсрэг авч буй арга хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 5.3 хувьд нөлөө үзүүлэхүйц байсан бол өчигдрөөс 12 хувь болон өөрчлөгдсөн хэмээн Номура компанийн ахлах эдийн засагч Тинг Лү болон түүний баг хамт олон мэдэгдлээ. Дордож буй ковидын нөхцөл байдал болон түүний эсрэг авч буй арга хэмжээ нь БНХАУ-ын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Тус улсын ковидын нөхцөл байдал хүлээж байснаас дор болсон тул ийнхүү эдийн засгийн таамаглалаа шинэчилсэн гэж Номурагаас тайлбарлажээ.
БНХАУ-ын ковидын нөхцөл байдал дордож, сүүлийн долоо хоногт хэд хэдэн бүс нутагт шинэ ковидын тохиолдол ихээр бүртгэгдсэн. Өчигдөр гэхэд л 323 шинж тэмдэг илэрсэн болон 1,247 шинж тэмдэг илрээгүй ковидын тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбогдуулан Шэньжэнь болон бусад хотод ковидын эсрэг авч буй арга хэмжээгээ чангатгаад байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Чэндү хотод суугаа оршин суугчдыг хөл хорионд оруулж, олон нийтийг хамарсан шинжилгээ авахаар болсон.
Импорт өнгөрсөн оны мөн үеэс 25 хувиар өсөв
2022 оны эхний найман сарын хугацаанд Монгол Улсын гадаадаас худалдан авсан бараа, бүтээгдэхүүний дүн 5.59 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 25 хувиар өссөн байна.

Оны эхний найман сард Монгол Улс 47 мянга 662 суудлын автомашин, 440.5 мянган тонн автобензин импортосон тоо хэмжээний хувьд өндөр өсөлт байсан бол үнийн дүнгээр авч үзвэл шатахууны импорт хамгийн их жин дарж байна. Энэ нь гадаад зах зээл дэх газрын тосны ханш өссөнтэй холбоотой хэмээн тайлбарлаж байна.
Оны эхний найман сарын хугацаанд нийт импортын 34.2 хувийг БНХАУ-аас, 30.3 хувийг ОХУ-аас, 8.6 хувийг Япон улсаас нийлүүлсэн болохыг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.
