- Голомт Капитал ҮЦК
- Posts
- Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ
Хөрөнгийн зах зээлийн онцлох мэдээ

Өдрийн мэнд хүргэе! ✨ Голомт Капитал компанийн хамт олны бэлтгэдэг өдөр тутмын Market Impulse мэдээг хүргэж байна. Цаг хугацаатай уралдан оршдог хөрөнгийн зах зээлийг Мэдээллийн зах зээл ч гэдэг. Тиймээс бид дотоодод төдийгүй хилийн чанадад Анхаарлын төвд өрнөж буй үйл явдлын мэдээллийг хамгийн түрүүнд танд хүргэхийг зорин ажиллаж байна. Эрхэм таны хөрөнгө оруулалтын шийдвэр мэргэн байг!

ӨНӨӨДРИЙН ДУГААРТ :
Дотоодын эдийн засаг, хөрөнгийн зах зээл
Дотоодын зах зээлийн арилжааны мэдээлэл
Хөрөнгийн зах зээлийн онцлох 5 хувьцаа
Биржийн бус зах зээлийн хамгийн анхны бонд амжилттай эргэн төлөгдлөө
Coal Mongolia 2022: Нүүрсний АМНАТ-ын жишиг үнийг илүү нарийвчилна
Олон улсын эдийн засаг, хөрөнгийн зах зээл
Автомашины баттерей үйлдвэрлэгч Vehicle Energy Japan компанийг Nissan худалдан авна
Та бүхэнд дотоодын зах зээлийн арилжааны мэдээллийг хүргэж байна
2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр энгийн арилжаагаар 35 хувьцаат компанийн 573,242,787 төгрөгийн үнийн дүн бүхий 941,870 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 9 компанийн хувьцааны ханш өсөж, 21 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Талх чихэр" ХК (TCK +8.06%), "Баянгол зочид буудал" ХК (BNG +6.67%) болон "Таван толгой" ХК (TTL +1.03%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Крипто Үндэстэн" ХК (BUN -14.44%), "Улсын их дэлгүүр" ХК (UID -12.00%) болон "Хөвсгөл алтан дуулга" ХК (ADU -11.72%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 12,983 ширхэг нэгж эрхийг 3,058,241 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 1.53 хувиар буурч, 34400.65 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,936,331,830,920 төгрөг боллоо.


Биржийн бус зах зээлийн хамгийн анхны бонд амжилттай эргэн төлөгдлөө
Монголын Биржийн бус зах зээл дээр гарсан хамгийн анхны бонд Монкон бондын үндсэн болон хүүгийн эргэн төлөлт өчигдөр бүрэн төлөгдлөө. Ингэснээр Монкон бондын хөрөнгө оруулагчид жилийн 18.1 хүртэлх хувийн өгөөж хүртээд байна.
“Монкон бондын эргэн төлөлт амжилттай хийгдсэнээр энэ салбарт итгэлцлийг бэхжүүлэх, зах зээл цаашид улам тэлж хөгжихөд чухал нөлөө үзүүлэх үйл явдал болж байна” хэмээн Монкон бондын андеррайтерын үйлчилгээ үзүүлэгч Голомт Капитал ҮЦК-ийн гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэ хэллээ.
Энэхүү бонд нь барилга, үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт болж шингэсэн бөгөөд Монкон Констракшн ХХК нь 2017 оноос хойш Оюу-Толгой уурхайн барилга угсралтын төсөлд гар бие оролцож, Моннис Интернайшнл ХХК-ийн уурхайн хатаалгын барилга, Азийн Хөгжлийн Банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгчийн газрын барилгын төслийн хэрэгжүүлэгчээр ажиллаж байжээ.
Бондын эргэн төлөлт хийгдэж дууссантай холбоотойгоор Монкон Констракшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Батбаяр "Бидэнд итгэл хүлээлгэн хөрөнгө оруулалт хийсэн нийт хөрөнгө оруулагч нартаа болон андрайтер компаниар оролцсон Голомт капитал үнэт цаасны компанийн нийт хамт олонд талархсанаа илэрхийлье. Бидний хамтын ажиллагаа улам өргөжин, цаашид олон удаагийн амжилттай бондуудыг зах зээлд гаргана гэдэгт итгэж байна" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Бусад бондын бүтээгдэхүүнийг сонирхох бол дараах утсаар холбогдоно уу: 8610-5050, 94904321
Автомашины баттерей үйлдвэрлэгч Vehicle Energy Japan компанийг Nissan худалдан авна
Японы Ниссан Мотор компани лити-ион батерей үйлдвэрлэгчийн хамгийн том хувьцаа эзэмшигч болох Vehicle Energy Japan Inc-ийн бүх энгийн хувьцааг авахаар тохиролцсоноо лхагва гарагт мэдэгдэв.

Ниссан энэ гэрээний санхүүгийн талаар ямар ч мэдээлэл өгөөгүй байна.
Vehicle Energy Japan нь хосолсон хөдөлгүүрт автомашинд зориулсан лити-ион батерейг үйлдвэрлэж, борлуулдаг.
“Энэхүү хөрөнгө оруулалт нь Ниссанд батерейн нийлүүлэлтийн тогтвортой байдлыг баталгаажуулж, гүйцэтгэл болон өртгийн хувьд өрсөлдөх чадвартай шинэ үеийн батерейг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах болно" гэж Ниссан мэдэгдлээ.
Ниссаны өрсөлдөгч Хонда Мотор компани саяхан Hanwa Co компанитай цахилгаан автомашины батерейнд ашигладаг чухал металлыг тогтвортой худалдан авах гэрээ байгуулсан байна.
Coal Mongolia 2022: Нүүрсний АМНАТ-ын жишиг үнийг илүү нарийвчилна

“COAL MONGOLIA 2022” Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын чуулга уулзалтад Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал хэлсэн үгэндээ нүүрсний ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр /АМНАТ/ тооцох жишиг үнийг чанарын үзүүлэлттэй нь уялдуулж шаталсан тариф тогтооно гэж мэдэгдлээ. Түүнчлэн нүүрсийг шинж чанараар нь 11 ангилалд хувааж байсныг 29 ангилал болгож нэмэгдүүлжээ. “АМНАТ тооцох жишиг үнийн аргачлалыг тогтоохын тулд хөндлөнгийн судлаачдыг ажиллуулж олон улсын жишигт нийцсэн хүний нөлөөлөлгүй стандарт аргачлалтай болох ёстой” гэдгийг тэрбээр цохон тэмдэглэсэн юм.
АМНАТ-ийг Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 174 дүгээр тогтоолын дагуу өнгөрсөн оны долдугаар сараас эхлэн зөвхөн жишиг үнээр тооцдог болсон нь нүүрс олборлогч зарим аж ахуйн нэгжүүдэд үндэслэлгүй татвар ногдуулах, татварын шударга бус дарамтад өртөх тохиолдлууд гарч байгааг нүүрс олборлогчид хэлж байгаа юм.
Жишээ нь, 2021 оны наймдугаар сард Тавантолгойн ордоос тонн тутам нь 70 ам.доллароор ачигдсан нүүрс Гашуунсухайт боомт дээр 171 ам.доллар, БНХАУ-ын Ганцмод боомт дээр 270 ам.доллар хүрч байжээ. Тухайн үед уурхайн ам дээрх борлуултын үнэ 70 ам.доллар байхад Ганцмод боомт дээрх үнэ буюу 270 ам.доллароор АМНАТ тооцож байжээ.
Эл асуудалд Эдийн Засгийн Судалгаа, Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн ахлах судлаач З.Манлайбаатар өөрийн байр сууриа илэрхийлж “Жишиг үнийг зарлахдаа БНХАУ-ын НӨАТ-аас бусад зардлуудыг хасаж тооцдоггүй. Монголын хилээс цаана төлөх гаалийн татвар, ариутгалын төлбөр, гаалийн бүрдүүлэлтийн төлбөр, хадгалалт, ачиж буулгах зардал, байгаль орчны татвар, тээвэрлэлтийн зардал, БНХАУ-ын орон нутгийн шинжтэй татвар хураамж зэрэг төлбөрийг хасаж жишиг үнийг тооцох ёстой” гэсэн юм.